“ХАСЫН ОХИН” ХЭМЭЭХЭЭС ҮҮТГЭЖ…

Б.Мөнх-Эрдэнэ
14 min readFeb 16, 2023

--

“ХАРАНХУЙ ХАД”-“ХАСЫН ОХИН”

Үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн буй

Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг
хасын охин сонирхоно
Яруу найруулга хэмээгч нь ертөнц дор гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаана
20 (1930).8.24
[Phantastische erzahlung (Novelle)]

Д.Нацагдоржийн “Харанхуй хад”-ыг судалсан судлаач эрдэмтэд зохиолын төгсгөлийн 4 мөрт шүлэгт анхаарлаа ихэд хандуулж түүнд зохиолын тайлбар, түлхүүр буй гэж үзсэн нь бий. Бид ч үүнтэй санал нэг буюу. Тэд ихэвчлэн “Ина охин”-д анхаарлаа хандуулж “Яруу найруулга хэмээгчийг Ина охиноор төлөөлүүлж яруу найруулгыг бүтээх нь Харанхуй хадны дундаас Ина охиныг олохын адил хэцүү бэрх боловч түүнийг сонирхох нь хайртай бүсгүйдээ тэмүүлэхийн адил хэмээн уран зохиол, зохиолчийн хөдөлмөрийн тухай асуудлыг зохиолч уран сэтгэмжээр үзүүлсэн шиг байна (Жачин, 2006 :132) гэх буюу:

“Дорно дахины эртний уран зохиолын онолд уран зохиол ялангуяа “Яруу найргийг үзэсгэлэнтэй охин лугаа зүйрлүүлж, түүнийг чимэг болон өнгөөр сайхан болговч ёгт үг хэрэглээгүй бол тэр охин сохор мэт” гэж үздэг байжээ. Хуучин уран зохиолын өвч сантай гүнзгий танилцсан зохиолч маань ийм уламжлалыг анхааран үзсэн байж таарна. Тэгээд ч “ертөнц дахиныг хайлган чадагч яруу найруулга” (Жачин, 2006 :134) гэх буюу:

“Зохиолын төгсгөлд буй “Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд Нина охины адил идэр хүний сэтгэлийг булаамуй” гэсэн энэ хос мөр зохиолын учрыг тайлахад чухал юм. Хэрвээ зохиолч “Ина” буюу “Яруу найруулга” гэгчийг хайж явсан юм бол сүүлчийн мөрөнд байгаа “Ина охины адил” гэдэг үгийг нь “Яруу найруулга” гэсэн үгээр нь сольчихвол ямар өгүүлбэр болж байна вэ?

Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд

Яруу найруулгын адил идэр хүний сэтгэлийг булаамуй

гэсэн зүйл болчхож байна. Ийм байж таарах уу? Нацагдорж иймэрхүү гоомой зүйл төлөвлөн бодож зохиомжлон бичиж байсан гэж үү? Тэр цагт Ина нэртэй залуу хүүхэн байсан шүү дээ. Нина Чистяковагаас гадна ч өөр Нинаг Нацагдорж таньдаг байсан тухай дурдсан л байдаг (Лочин, 2006) хэмээн “Ина”-г Нина Чистякова гэж үзсэн буй. Түүнчлэн “Төгсгөлийн энэ хэсэгт зүүднээс ангид боловч, зүүд мэт “Харанхуй хад”-тай гарцаагүй байдлаар уялдан, уран зохиолын чанарыг дүгнэдэг” (Энхбат, 2016: 119) гэх буюу“Энэ дөрвөн мөрт шүлгийг маш олон янзаар уншиж болно. Тухайлбал, нэгд шүлэг зүйн хүрээнд нь мөрий нь сольж, аялга дуудлагыг нь сэлгэн уншиж болох бөгөөд бас доороос дээш дэвшүүлэх маягаар өгсүүлэн уншина” (Р.Нарантуяа, 2006)

Бодьтой оршдоггүй байж болох хийсвэр утга “Энгийн охин бус
эрдэмтэн охины манлай” [Нацагдорж.1996.206] гэж зохиолд өгүүлэгдэж байгаа мөн би баатар “түүний бие надаас салахад” гэж дотор сэтгэлдээ бодож байгаа нь Дорно дахины эртний сэтгэлгээний уламжлалт ойлголт болох “эгшиглэнт охин тэнгэр”, “галууны охин”, “үнэр идэштийн охин” гэж нэрлэгддэг, Эсэруа тэнгэрийн ёгт утга байж болох юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэмтэн охины манлай” гэдэг нь оюун ухаан яруу өгүүлэхийн тэнгэр гэсэн утга илэрхийлж байгаа хэрэг бөгөөд Энэтхэг, Төвдийн эртний уламжлалт домгийн тэнгэр хэмээх хийсвэр сэтгэлгээний утгыг агуулж байна
” (Х.Сүглэгмаа, 2009) гэхчлэн төгсгөлийн дөрвөн мөрөөс “Ина охин”-ы дүрийг тодруулахыг зорьцгоосон байна.

Харин бидний хувьд энэ удаад “Хасын охин”-ы дүрийг тодруулахыг хичээлээ.

Тус шүлгийг судлаач Р.Нарантуяагийн “Харанхуй хад” хэмээх уран сэтгэмжийн өгүүллэгийн бүтэц зохиомжийн тухай” өгүүлэлд хийснээр “мөр сэлгэн”, “мөр сольж”, “доороос дээш дэвшүүлэн, ургуулж” уншвал:

Мөр сэлгэн уншвал:
Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай
Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой.
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
(“Яруу найруулга” хэмээгч нь) гэсэн үг болно.

Мөр сольж уншвал:
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой.
Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай
(Хасын охин) гэсэн үг болно

“доороос дээш дэвшүүлэн, ургуулж” уншвал (энэ нь хуучин бичгээр бол араас урагш тонгорч уншсан хэрэг болно)

Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
Яруу найруулга хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой.
Харанхуй хадын дунд халшралтай бөгөөд аюултай
(“Харанхуй хад”) гэсэн үг болно.

“Р.Нарантуяагийн судалгааны хэсгээс”

Хас тэмдгийн хүрээнд толгой хөлийг зөрүүлэн унших зориулалтай шүлэглэлийн ийм хэлбэр монголчуудын дотор эртнээс үүссэн тул Монголчууд толгой хөл зөрүүлэн уншихыг нь гуйвж, дайвж, хөлөө солбиулан чадан ядан яваа “согтуу”-тай, үг үсэг өөрчлөн засаж унших ёс зарчмыг нь “галзуу” хүний явдалтай тус тус зүйрлэж, тухайн аргаар шүлэг найраг туурвигчдаа “согтуу, галзуу” хэмээн ёгтлон нэрлэсээр ирсэн байдаг” (Нарантуяа, 2006) гэхчлэн тайлал хийгээд “Ина охин”, “Хасын охин” гэдэг нь “охь манлай” гэсэн гүн нарийн утга илтгэнэ” (Нарантуяа, 2006) хэмээгээд “Ноён хутагт Равжааг “согтуу галзуу Равжаа” хэмээн нэрлэсэн нь үүнтэй холбоотой… Иймээс “Хасын охин” гэдэг нь монголын үндэсний уран зохиолын “охин” буюу зохиогч гэсэн утга илтгэнэ. Харин “Ина” буюу “интернационалийн охин” гэсэн утга илтгэх авч, коммунист хийгээд социалист интернациональ болох коминтерн “социнтерн” хоёрын чухам алийг хэлсэн нь тодорхойгүй байдаг. Энэ тухайн өгүүллэгийн утга агуулгаар тодорхойлогдох нь лавтай” (Нарантуяа, 2006) хэмээсэн байдаг.

Бидний бодлоор зохиолд дүрслэгдэж буй “Хасын охин” нь “Эм хас” буюу “Саран хас” байх магадтай. Хасыг эргэлтээс нь хамааруулаад нар зөв эргэсэнг эр хас, нар буруу эргэсэнг нь эм хас гэж нэрлэж иржээ.

Д.НАЦАГДОРЖИЙН “ХАС”-ЫН ДҮРСЛЭЛҮҮД

Д.Нацагдорж зохиол бүтээлүүддээ “хас”-ыг дүрсэлсэн нь нэн элбэг. Тодруулбал, “Нэгэн сул шүлэг” (1934)-тээ:
…Царайн өнгө арчсан толь мэт.
Биеэс сайхан үнэр анхилан,
Цагаан царай гилбэлзэх нь
Цэцэг сая дэлгэрсэн адил,
Зургийн уруул, өдийн хөмсөг
Харах нүдний хар, цагаан нь хосолсон нь
Хас эрдэнэ дээр шигтгэсэн лүн тан адил” хэмээн шүлэглэсэн бол “Үзэсгэлэнт охин асан” (1935) шүлэгтээ:

Цэцгийн хур орж,
Дэлхийн нүүрийг угаахад
Таван өнгийн солонго татахуйяа
Цэмцгэр цагаан гэрийн хажуу дор
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэй.
Царайн өнгө арчсан толь мэт
Цав цагаан шүдэн яралзаж, өдийн хөмсөг зурайна.
Харах нүдний хар цагаан нь хослон,
Хас чулуун дээр шигтгэсэн лүн түн мэт…” гэсэн өөр нэгэн хувилбарт шүлэг зохиосон байна. “Түүнчлэн “Магнит” шүлэгтээ:
Хасын царайг гэрэлтүүлэгч
Эү Лю Ба Зэүгийн залуу охин
Миний сэтгэлийг булаана
” (1930)
“Тэргэл сарыг үзэхүй” гяндангийн шүлэгтээ:
“Хасын сайхан гэрэлд чинь
Хайртай хүү минь харагдах шиг” хэмээснээс гадна “Сараа” шүлэгтээ: “Хасын сайхан сар аа, хайрлан надад хэлж өгнө үү”, “Дөрвөн цаг” шүлэгтээ: “Холхи нар ойртож хасын цас хайлахад”, “Хайран охин” шүлэгт “Холхи нар ойртож хасын цас хайлахад”, “Гурван үе” шүлэгтээ: “Хасын царай, хонгор бие” гэхчлэн хүний гоо сайханг хастай зүйрлэн бичсэн нь элбэг байна.

Түүнчлэн хүүрнэл зохиолуудад нь ч энэ дүрслэл элбэг байна. Тухайлбал, “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт: “хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан, үе үе инээмсэглэн
мишээхүй нь хаврын улирал ирж буй адил бахтай” гэх буюу “Шувуун саарал” өгүүллэгт: “…Мөнхүү гэрээс Сүнжидмаа гарч нохой хорих бөгөөд хасын царай нь хав харанхуйн дунд туяа тусгана…” гэх буюу “Өвлийн шөнө”-д “Тасхийм хүйтэн өвлийн шөнө, тэнгэрийн од оч шиг гялалзаад, уулын нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд гилтэгнэнэ”. Мөн “Хэлхээгүй сувд”-ад “Хасын цагаан царай нь бяцхан ичих мэт болж, тунгалаг хоѐр хацарт нь нимгэн улаан туяа туссан нь” гэхчлэн дүрсэлсэн байна.

Судлаач Б.Пүрэв-Очир “Их Нацагдоржийн өнгийн мэдрэмж, түүнийг “9+9”-өөр шинжихүй” эсээндээ Д.Нацагдоржийн зохиолуудын өнгийн бэлгэдлийг судлах явцдаа түүний “хас”-ын дүрслэлийг ажиглаад “Хас чулуун өнгө”-өөр бэлгэдэж … дотоод мэдрэмж эерэг сэтгэлийн хөдөлгөөн, хийсвэр өөдрөг үнэлэмжийг эх Монгол хэлнийхээ үг, өгүүлбэрийн тунгаамлаар дархлан зурж үзүүлсэн нь хэзээ ч дахин давтагдашгүй, гайхамшигт хувилбар болон үлдсэн” гээд “Монголын уран зохиолд “Болор шилийн өнгө…”, “хасын өнгө…”, “хасын охин…”, “хасын царай…”, “хас эрдэнийн гэрэл гэгээ…”, “хасын ам…” тэргүүтэн байгаль дэлхий хийгээд хүмүүн бодгалийн гоо сайхан, бие махбод, сэтгэл санаа, түүнийг илэрхийлж болох эх хэлний үг-утгын ярууслыг эелдүүлэн найруулсан, үлэмж чанарыг урнаар дүрсэлсэн мөр бадгуудыг Дашдоржийн Нацагдорж л хэлхэж. Өдгөө хараад байхад, хожмынхон нь түүнийг давж хэлсэнгүй, харин түүнээс суралцан туршлага хуримтлуулж, хөгжүүлжээ” хэмээсэн байдаг. Д.Нацагдорж нь ямар учраас хасыг зохиол бүтээлдээ ийн онцлон дүрсэлдэг байсан бол?

“ХАС”-ТЭМДЭГ ХУВЬСГАЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛОХ НЬ

Эрин галавын наана
Эрт урьдын өмнө
Хүннү сүннүгээс цаана
Чулуу, хүрлийн тэртээд
Элэнц хуланц өвгөдийн минь
Эвхэж бичсэн хас
Элгэн чулуун хуудсанд сийлээстэй
Эргэх түүхийн эхэнд бичээстэй
Эх ороны минь түүхэнд тод
Эвтэй монголын бэлгэдлийн хас

“Тэгш хэмтэй, үзүүр нь өнцөг үүсгэсэн загалмайгаас бүрдэх бөгөөд өнцөг нь баруун (卐) буюу зүүн (卍) тийшээ харсан хэлбэртэй тэмдэг” (МХИТТ)-ийг хас гэнэ.

Хас тэмдгийн гол утгыг зарим судлаачид “хатуу догшин авирт, бат бэх” гэжээ. Бат бэхийн бэлгэдэлт утга нь Монгол төрт ёсноо маш их хэмжээгээр шингэсэн байна. Тодруулбал, эзэн Чингис хааны тамгыг “Хасбуу” тамга, Хааны ордныг “Хас ордон”, хааны угсаа гарвал үеийг төрийн хар нууцыг бичсэн дэвтрийг “Хас дэвтэр”, өнөд бат оршиг гэсэн бэлгэдлээр “Хас их Төр минь” хэмээн дуулж ирсэн зэрэг нь “бат бэх”-ийн бэлгэдлийг хастай холбон ойлгож ирсэн үзэл сэтгэлгээтэй холбож тайлбарлаж болох талтай.

(Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн анхдугаар их хурлын үеэр. С.Буяннэмэх, Баваасан, Жигмиддоо, Д.Нацагдорж, Цэрэнддорж, Дамдинбазар, Охтин, Ринчино нар. АЕГ-ын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ринчинноровын “Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй С.Буяннэмэхэд холбогдох баримтын тойм” илтгэлд дэлгэсэн зураг) Зургийн гол хэсэгт байгаа таван хошуунд хас тэмдэг буйг анхаарна уу!

Монголчууд “Хас”-ыг нийгэмд эзлэх эрэмбэ дараа зэрэг дэвээс шалтгаалж аж амьдралдаа ашигладаг байж. Тодруулбал,

1. Нар зөв хас. Арга билгийн Хас буюу эр хас. Орчлон ертөнцийн зүй, жамаар өнө бат бэт оршихуй хэмээн үздэг байж… Энэ хас нь энерги хураах хүч хэмээн Онгодууд үздэг нь нар зөв эргэх хөдөлгөөн нь дэлхий дээрх цаг хугацааны чиглэлтэй тохирч улмаар энерги хураадаг хэмээн үздэг байна.

2. Нар буруу хасыг “Саран хас” буюу “Эм хас” гэж нэрлэнэ. Саран гэдэг нь сар зөв эргэсэн хэлбэртэйг хэлдэг байна. Билгийн хас нь аливаа зүйлд үл зохицох ертөнцийн зүй жамаар бус харшлах үйлсийг хаан түртгэх бэлгэдэлтэй хэмээдэг. Мөн бөөгийн үзэлд энэхүү хас нь балар харанхуй болон үхлийг бэлгэдэл болдог аж. (Д.Нацагдорж зохиол бүтээлдээ хасыг дүрслэхдээ “сар”-тай хоршоо үг үүсгэн дүрсэлсэн нь элбэг бөгөөд тухайн сар нь ямагт “шинэтгэл” сар байдаг.Монголчууд сарны хөдөлгөөнтэй холбогдуулан хуучин сараар бууралтыг бэлгэддэг бол, шинэ болон шинэтгэл сараар аливаа зүйлийн эхлэл, өсөлт, дахин төрөлт зэргийг харин тэргэл сараар хүч чадлын дээд түвшин, цэвэр ариун байдлын оргил, хүссэн зүйлээ бүрэн бүтнээр нь олж авахыг тус тус бэлгэдэн үздэг ажээ. Үүнтэй холбон үзвэл “Харанхуй хад”-ын “Хасын охин” нь шинэтгэл хөдөлгөөн буюу хувьсгалыг бэлгэдсэн байх магадтай. Түүнчлэн “Харанхуй хад” зохиол нь үхлийг зөгнөсөн байх магадтай учир бид зохиолд дүрслэгдэж буй “Хасын охин”-ыг “Саран хас” гэж үзэж байна)

3. Бүрэн зэтэртэй хас тэмдэг нар зөв эргэсэн хэлбэртэй эр хас юм. Гал голомт үл тасрах галын үргэлжлэл хэмээн үздэг ажээ. Алтан ургийн хүмүүс болон ихэс дээдсийн бэлгэ тэмдэг гэдэг. Энгийн харц ард хэрэглэх нь хориотой.

4. Нэгэн зэтэртэй хас нь нар зөв эргэсэн хас боловч уг хас нь язгууртан бус энгийн эгэл ардын бэлгэ тэмдэг. Тиймээс нэгэн зэтэр нь доод талдаа байдаг аж.

Монголчууд эрт дээр үеэс хас тэмдгийг эрхэмлэн бэлгэдэж төрийн тамга, шашны эд зүйлс, гоёл чимэглэл, малын им, тамга хийгээд ахуйн эд зүйлс дээр дүрсэлж ирсэн нь эдийн соёлоос харагддаг. Түүнчлэн хас тэмдгийг хадны зураг, чулуун хөшөө, хот суурины хана зэрэгт дүрслэн үлдээсэн нь элбэг. Мөн архивын сан хөмрөгт хас хээтэй тамга, тамганы дардас болон хас тэмдгийг хэрэглэхийг хорьсон тухай бичиг гээд хастай холбоотой баримтууд цөөнгүй байна. Хас тэмдгийг шинэ чулуун зэвсгийн үеэс 1930-аад оны сүүл үе хүртэл монголчууд эд өлгийн зүйлдээ өргөн хэрэглэж иржээ.

Манай оронд Увс аймгийн Зүүнхангай сумын Зураагийн хадны зураг дээр 8000 жилийн өмнө улаан зосоор зурагдсан Хас байдаг бол Булган аймгийн Дашинчилэнд 5000 жилийн өмнө зурагдсан янгир толгойт Хас бий. Мөн 4500 жилийн өмнөх үед хамаарах буган чулуун дээр Морин толгойт хас дүрслэгдсэн байдаг. Буган чулуу дэлхий дээр 800 орчим илэрсний 600 орчим нь Монголын газар нутаг дээр байдаг аж.

Монголын ардын хувьсгалын бэлгэ тэмдэг нь “хас” байжээ. Ардын хувьсгал ялж аймаг, хошуу, сумдад МАН-ын үүр, хороод байгуулагдан эл үүр хороод хасыг, тамга, тэмдэгтээ оруулан хэрэглэж байсан баримт маш олон байна. Ширээтэй хас, зэтэртэй хас, жинстэй хас зэргийг монгол нутгийн олон газар малын тамга болгон үе улиран хэрэглэж ирсэн аж.

Богд хаант Монгол улсын Гадаад явдлын яамны дэргэд 1912 онд нээгдсэн анхны бага сургуулийн тэмдэг нь дундаа хастай байв. 1920 оны зургаадугаар сарын 25-нд байгуулагдсан МАН-ын Төв Хорооны тамга нь нар зөв эргэсэн хас тэмдэгтэй байжээ. Түүнчлэн 1920 оны 11 сарын 10-наас эхлэн гаргасан МАН-ын анхны хэвлэл “Монголын үнэн” сонины толгойд Монгол ардын намын сүлдийг хас бэлгэдлээр, Оросын эв хамт намын сүлдийг таван хошуу тэмдгээр төлөөлүүлэн хийсэн байдаг. Тэгээд ч ардын түр засгийн сүлд нь 1925 он хүртэл таван хошуу дотор байрлуулсан дугуй хүрээтэй хас тэмдэг байжээ.

Бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд Д.Сүхбаатар цэргийн сахилга батыг сайжруулах, цэргийн таних тэмдэг зэргийг зөв хэрэглүүлэх тухай 1921 оны долдугаар сарын 16-ны өдөр гаргасан 02 тоот тушаалын зургадугаар зүйлдээ цэргийн дарга болон хувьсгалт цэргүүд монголын үндэсний хас тэмдэг бүхий улаан даавуугаар хийсэн ханцуйн тэмдэг хэрэглэх ёстойг заан тушаажээ. 1921 онд Ардын засгийн газрын Сангийн яамнаас ЗСБНХОУ-д захиалан шинэ мөнгөн дэвсгэрт хийлгэж байжээ. Өнгө алагласан уран гоёмсог хас тэмдэг зурсан 1, 5, 10, 25-тын дэвсгэрт нь эдүгээ Монголбанк болон зоос, мөнгөн тэмдэгт цуглуулагчдын гар дээр хадгалагдан буй.

1922 онд Монголын Бошгийг халах залуучуудын эвлэлээс бүх дэлхийн эв хамт залуучуудын интернационалд хас тэмдэгтэй туг бэлэглэж байсан нь түүхийн гэрч болон гэрэл зурагт үлджээ. Энэ мэт олон жишээг дурдаж болно. 1920–1924 оны хооронд намын тамга, төв хэвлэл, цэргийн хувцас, мөнгөн дэвсгэрт дээрээ хас тэмдгийг дээдлэн хэрэглэж байсан монголчууд шуудан харилцааны тамга болон шинэ тутам гаргасан “Соёмбот” маркан дээр мөн адил хас тэмдгийг хүндэтгэн дүрсэлсэн байдаг.

Тодруулбал, Д.Сүхбаатарын намын бат илэрхийлэх дээр дарсан тамганы дардас нь дундаа хас тэмдэгтэй. Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг үгийн орос товчлол МНРП (Монгольская Народная Риволюционная Партия) үгийг хас тэмдгийн дээр доор бичиж, Монгол хэлээр “Монгол ардын намын үндсэний гишүүний тэмдэг” гэж тамган дээр бичсэн байна.

Үүнээс Монгол Ардын намд Бодоогийн сийлсэн гэх ардын намын нэг тамга, мөн хэн, хаана хийсэн нь тодорхойгүй хас тэмдэг бүхий “МАХН” хэмээн орос үсэгтэй Сүхбаатар нарын батлах дээр дарагдсан байгаа хоёр тамгатай байж хэмээн дүгнэж болохоор байна.

Түүнчлэн 1926 оны хоёрдугаар сарын 25-нд гүйлгээнд оруулсан 50 цент, таван долларын үнэтэй “Соёмбо” маркан дээр хас тэмдэг зурсан нь тодхон харагдаж байдаг.

1927 оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатараас Манжуурт илгээсэн нэгэн захидал дээр дарсан “ULANBATOR MONGOLIA” хэмээсэн үгтэй дугуй тамганы доод хэсэгт нар зөв эргэлттэй хас тэмдэг сийлсэн нь дурайн буй.

Харин Монгол улсын шуудан харилцаанд 1937 оноос эхлэн хас тэмдэгтэй тамга хэрэглэхээ байжээ. Хас тэмдгийг хориглосон талаар архивт буй баримт бол “МАН-ын Баримтын төв х- 4, д-1, хн- 316” бөгөөд түүнд ийн бичжээ.

Хорин найман оны найман сарын гурваны өдөр дугаар 1 /1938.08.03/

Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Нарийн бичгийн Дарга Лувсаншарав, Баасанжав нар танаа: Хот, хөдөөгийн зарим ардуудаас хашааны хаалга ба гэрийн үүд, малын им тэмдэг зэргүүдэд хас тэмдэг хэрэглэх явдал олонтой байх бөгөөд энэхүү тэмдэг нь харгис хөрөнгөтөн нарын тэмдэг болох тул манай хувьсгалт орны ард түмнээс үүнийг хэрэглэх нь нийлэмжгүй тухай үүний урьд Хотыг захирах яамнаас 31 тоот тушаалаар хэрэглэж үл болохоор зарласан боловч мөн хэвээр үргэлжлүүлэн байх учир энэ тухай суртал таниулгын ажлыг ардын дотор явуулан ийнхүү хэрэглэх явдлыг бүрмөсөн зогсоож дагаж явуулахыг эрсүгэй.

Тэргүүлэгч гишүүн Чойбалсан” гэжээ.

Эдгээр баримтаас ургуулан үзвэл Д.Нацагдоржийн 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байсан цаг үетэй холбогдох юм. Тэрбээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байв. 1922 оны 4 дүгээр сараас МАН-д гишүүнээр элсэж, Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болсон.1922 оны 5 дугаар сард Д.Нацагдорж, намын даалгавраар «Уриа» сонинд Цэргийн явдлын яамны тухай мэдээ сурвалжилга байнга өгч байх, «сурвалжлагч» аар томилогдов. 1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах. 1922 оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргын ажлыг хавсарч байсан цаг үетэй “Хасын охин” нь ийн холбогдож байна.

“ХАС ЭРДЭНЭ ХҮҮРИЙГ ЧИНЬ” ХЭМЭЭХЭЭС ҮҮТГЭЖ…

Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт чи сэрнэ
Амьдарч зүүдэллээ гэж бодохгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина

Г.Аюурзана
Цөм нэгэн зүүд ажгуу…” Д.Нацагдорж
Эдгээр үгс хоорондоо холбоотой мэт санагдана. Үхлийг зөгнөсөн мэт.

Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бүртэгэлжинд чинь үзүүлье
Хамаг улсад чинь хүргэе” гэж өчвөл
Хаан эзэн энэрэн соёрхов

Сөнөдийн Гилгүдэй баатрын гашуудлын шүлэгт буй энэхүү “Хас эрдэнэ мэт хүүрийг чинь” гэх мөр нь соёлын нэгэн кодыг тээж буй мэт санагдана. Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарнийн хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлгэдэлтэй дүрс ажээ. Дээр өгүүлсэнчлэн билгийн хас буюу эм хас нь аливаа зүйлд үл зохицох ертөнцийн зүй жамаар бус харшлах үйлсийг хаан түртгэх бэлгэдэлтэй хэмээдэг. Мөн бөөгийн үзэлд энэхүү хас нь балар харанхуй болон үхлийг бэлгэдэл болдог аж. “Улаан хадны юм онгодын дуудлага”-д

“Хас улаан хаднаас хагаран заларсан бие минь”

хэмээн гардаг бөгөөд энэ нь туульсын зохиолтой холбогдож байна. “Хайрт хар” туульд: Хайрт харын эсрэг баатар Хөрс цоохор морьтой хөрөг Улаанбаатарыг:

Дөчин дөрвөн алд
Дөрвөлжин улаан хаднаас
Морьтой биетэйгээ
Дэлбэрэн гарав” (Цэрэнсодном, 1988: 7) хэмээн дүрсэлсэн байдаг бөгөөд Монгол туульсын зохиолд дайсандаа ялагдсан баатар эр хад чулуу болон хувирч, хад чулуунд амин сүнсээ нууж буй өгүүлэмж цөөнгүй тохиолддог. Баатар эр хад чулуунд дүрсээ юүлэх, хад чулуунд амин сүнсээ нууж байгааг бид эл өгүүлэмжтэй салшгүй холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн
“Гурван настай Эрх улаадайг унтаж байтал үс зүсгүй амьтан шөнө дөлөөр ирж өрхийн хуу татан яруу сайхан дуугаар нэрээр нь дуудахад аан гэж дуугарангуут гурван жил хураасан шар тосонд хийсэн хорт идээ өгч хорлоод тэрээр Эрдэнийн чон хүрэн морио унаад, Жолоо бөхт шаргал морийг хөтлөөд морьтой биетэйгээ гурвуул хөшөө чулуу болж хувирч” (МАТ, 1982: 85–86) байна. Түүнчлэн С.Чойсүрэнгийн хайлсан “Хүрэл Алтайн Дөш” туульд:
“Мангасын хүү Хүрэл зэв зүрх
Хүний дүртэй хүрэл улаан чулуунд хувилаад”(НТСТ, 2010) гэж буй бол “Зул алдар хаан” туульд:
“Зул алдар хаан
Хүн дүртэй
Хүрэл хар чулуунд хувилаад
Хөгшин буга шархал морь нь
Цахир цагаан хаданд хувилаад” (АГХД, 1984: 505) хэмээсэн бол “Баян цагаан өвгөн” туульд “Хангайн чинээ хээр морьтой Хатан зүрх, Баян зүрх өвгөний таван түмэн хар хээр адууг хөөж Билүүгийн голоор оруулаад туугаад явахад Нарийнхан хар хээр үрээ Билүүд хувилаад хаягдав” (НТСТ, 2010: 64–65) гэх мэтээр баатар эр хад чулуу болон дүрсээ юүлэх өгүүлэмж цөөнгүй тохиолдож байна.Үүнээс гадна баатар эр хад чулуунд амин сүнсээ нууж буй дүрслэл түгээмэл тохиолдол байна. Тодруулбал, Ц.Цэдэнжавын хэвлүүлсэн “Бум эрдэнэ”-ий хувилбарт: “Хад, Харгай нар Бум эрдэнэ, Хажир хар нарт алуулахгүйн тулд нэгэн голын хөвөөнд үхэр чулуунд амин сүнсээ хадгалсан алтан хайрцгийнхаа түлхүүрийг нуусан ” (1947: 52) хэмээн дүрсэлсэн байдаг бол
“Заан цагаан морьтой Замбуу тивийн Сайн хаан” гэдэг туульд: “Алтан хөвгүүн уулын орой дээр гарч харахад долоон мангасын амин сүнс болсон Молор эрдэнэ чулуу гялгар гялгар гэж байжээ. Алтан хөвгүүн түүнийг нь аваад том хар чулуунд цохиж хагалахад долоон мангасын амь дуусаж үхжээ” (ОБТ, 1997: 88) гэж дүрсэлсэн байна. Баатар эр хад чулуунд дүрсээ юүлэх, хад чулуунд амин сүнсээ нууж байгааг бид баатар эр хад чулуунаас төрж буй өгүүлэмжтэй салшгүй холбоотой гэж үзэж байна.

Үүнээс дүгнэн үзвэл: Туулийн баатар нь хад чулуунаас төрөөд эргээд хад чулуундаа шингэж буй цикл давтамж харагдаж байна.

Эндээс ургуулан бодвол зохиол дахь “Харанхуй хад” нь оршуулгын газар буюу үхлийн ертөнц гэсэн ойлголт бий болж байна.

Зохиолд өгүүлж буй цаг орчин нь амьдалд байх боломжгүй бөгөөд зохиолын баатрын мориор туулсан зам нь хэд хэдэн ухааг давж хужир бас бударга элбэгтэй цайдам, санамсаргүй таарах зэрлэг цөл, өвс ногоо сахлаг ургасан хангай, өндөр уул, урт мөрөн, гүн ой, хавцал хад зэрэг өргөн уудам нутгийг хамарч байдаг.

Энэ үхлийн ертөнцийг дүрсэлсэн дүрслэл байж болох юм. Судлаач Ц.Хасбаатарын үзсэнээр “Д.Нацагдорж өөрийн үхлийг зөгнөн бэлгэдсэн” байх ч магадтай. Зохиолд “нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчих бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ” эсвэл “дэмий л гайхмой” гэхчлэн би баатрын эмээнгүй байдлыг үзүүлдэг. Түүнчлэн зохиол дахь цаг хугацаа нь “зуны өглөөнөөс намрын гүн шөнийг хүртэл үргэлжилдэг” нь бүрлээчийн сүнсээ олох 49 хоног ч байж болох талтай. Түүнчлэн зохиолд дүрслэгдэж буй өгүүлэмжүүд нь “Чикая буюу үхлийн мөчийн бардын шат”-уудтай ч холбогдож болох юм.

--

--

No responses yet