“Харанхуй хад” өгүүллэгийн утга агуулгын зарим асуудалд
Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулав.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэг нь ХХ зууны манай уран зохиолын онол, туурвил зүйн хөгжил, судлагдахуунд чухал хувь нэмэр оруулсан гайхалтай бүтээл билээ. Энэхүү зохиолын талаар эрдэмтэн судлагч болон уншигчид янз бүрийн таамаглал дэвшүүлж, өөр өөрийн санал бодлоо хэлсэн нь “Харанхуй хад” зохиол юутай их өргөн цараатай болохыг харуулдаг. “Харанхуй хад” өгүүллэгийг 1950 онд гар бичмэлээс нь сийрүүлэн хуулж, Д.Нацагдоржийн түүвэрт хэвлүүлснээс хойш олны хүртээл болж, судлагчдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Ийм ч болохоор Ц.Дамдинсүрэн, Б.Содном, С.Лувсанвандан, С.Лочин, Ч.Жачин, В.Я.Яцковская, С.Байгалсайхан, Л.Хэрээ, Г.Галбаяр, Д.Цэвээндорж нарын гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэд судлан өөр өөрийн санал бодлоо дэвшүүлжээ. Түүний дотор өдийг хүртэл эл өгүүллэгийн утга агуулгын талаар судлагчид маргаан өрнүүлсээр байгаа билээ. Тиймээс “Харанхуй хад” өгүүллэгт буй далд ёгт утга бүхий дүрслэл, уран сэтгэмжийн гүн утгат өгүүлэмжийг судлан тайлж, өөрийн санал бодлоо дэвшүүлэхийг зорин энэхүү өгүүллийг бичиж байна.
“Харанхуй хад” өгүүллэгийн далд ёгт дүрслэл
“Харанхуй хад” өгүүллэгийн үйл явдал зуны өглөөнөөс намрын гүн шөнийг хүртэл үргэлжилнэ. Үүнийг өмнө нь уг зохиолыг судлан шинжилсэн эрдэмтэн судлагчид төдийлөн анзааралгүй, лавшруулан судлалгүй иржээ. Мөн зохиолын баатрын мориор туулсан зам нь хэд хэдэн ухааг давж хужир бас бударга элбэгтэй цайдам, санамсаргүй таарах зэрлэг цөл, өвс ногоо сахлаг ургасан хангай, өндөр уул, урт мөрөн, гүн ой, хавцал хад зэрэг өргөн уудам нутгийг хамарч байна. Энэ нь энгийн нэг бодит дүр дүрслэл бус болзолт дүрслэл буюу цөм цаанаа далд ёгт утгатай уран сэтгэмж хийсвэрлэл агуулж байгаа бололтой. Цаг хугацаа, орон зайн асар уудам хүрээг хамруулан өгүүлж зохиолтойгоо уялдуулснаар Д.Нацагдорж чухам юуг өгүүлэх гэсэн юм бол оо.
“Харанхуй хад” өгүүллэгийг Э.А.Погийн “Алтан цох” зохиолтой харьцуулж үзэх нь
Д.Нацагдорж өөрийн бодол санааг өгүүлэгчийн сэтгэл санаагаар өртөөлүүлэн “Дэмий л гайхмуй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн харин зүүдлэн дахиж, хөндий талд төөрөх нь үү” гэсэн “би” баатрын эргэлзэн тээнэгэлзсэн, хэн нэгнээс асуун байцаасан сэтгэхүйн үйлдэл, бодомжоор урласан нь дүрийн зан төлөвөө чөлөөтэй тавьсан зохиолчийн уран шийдэл гэлтэй.
Судлагч Г.Галбаяр “Харанхуй хад” өгүүллэгийн олон талт ээдрээтэй учир битүүлэг дүрслэл, утга агуулгыг Америкийн зохиолч Эдгар Аллен Погийн “Алтан цох” зохиолтой хүйн холбоотой” хэмээн үзэж энэ зохиол дахь олон янзын учир битүүлэг дүрслэлийг Д.Нацагдорж дурдан буй өгүүллэгт авч ашигласан ч Эдгар Аллен По шиг тэрхүү далд утга учир, битүүлэг дүр дүрслэлүүдээ тайлсангүй, үе үеийн уншигчдын мэдрэмж шийдэлд зориулан орхисон нь энэ зохиолын нэг онцлог болсон юм” гэжээ. Энэ санааг анхааран үзэж лавшруулан судлахад хоёр зохиолд олон дүр дүрслэл, өгүүлэмж давхцаж байна. Энэ нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Д.Нацагдорж “Харанхуй хад” өгүүллэгтээ Э.А.Погийн “Алтан цох” зохиолын дүр, дүрслэл, өгүүлэмжээс санаа авч бичсэн байж болох талтайг илтгэнэ.
“Харанхуй хад” өгүүллэгийг уламжлалт сэтгэлгээ, бэлгэдлийн талаас судлах нь
“Харанхуй хад” өгүүллэгт дүрийн сэтгэмж байнга хувьсан өөрчлөгдөж хувь заяаны эргэлт сэтгэл санаанд нь үргэлж нөлөөлж үл мэдэгдэх далд совин гол дүрийг удирдан зохиолыг хөтөлдөг. Судлагч Д.Цэвээндорж “Зохиолын нэрийг “Харанхуй хад” гэсэн нь эртний домог зүйн сэтгэмжтэй угшил холбоотойг илтгэнэ” хэмээснийг лавшруулан судалж үзвэл үнэхээр зохиол эртний уламжлалт туульсийн зохиолын туурвил зүйтэй холбоотой байх юм. Хүн төрөлхтөн байгалийн эд зүйлсээс чулууг зэвсэг болгон хэрэглэж улмаар түүнд ямар нэгэн хүч чадал бий хэмээн итгэн, түүгээр ямар ч юм хийж бүтээж болох ид шидтэй зүйл мэтээр сэтгэж эхэлсэн. Энэ бодол сэтгэлгээ яваандаа монголчуудын уран сайхны сэтгэлгээнд нэвтэрч, уран зохиолд чулуугаар дүр бүтээхдээ чанд хатуу, бат бэхийн бэлгэдэл болгон дүрсэлсэн нь түгээмэл ажиглагддаг билээ. Утга зохиолд хүний амьдралыг амьтан, ургамал, хад чулуу гэх мэт зүйлээр орлуулах, аль эсхүл өөрсдөө үзэж хараагүй оюун санааны зохиомол баатар буюу уран сэтгэмжийн тусламжтай бүтээсэн өвөрмөц сонин дүрийг өргөн ашигладаг. Монгол туульсын зохиолд баатар эр хад чулуунаас төрөх, бие цогцос нь хад чулуунаас бүрэлдсэн байх, сая төрсөн нялх хүүхдийн хүйсийг хялгана өвс тавьж цахиур чулуугаар таслах, баатар эр гартаа чулуу атгаж төрөх, эсрэг дайсныг чулуун зэвсгээр дарах, түүгээр мангасыг дарж тавих, өөрөө хад чулуу болон хувирах зэрэг хатуу эрдэстэй холбоотой сонирхолтой дүр дүрслэл, өгүүлэмж олонтаа тохиолддог. Энэ нь ямар нэг санамсаргүй үзэгдэл биш цаанаа үндэстний соёл сэтгэлгээний өвөрмөц, нарийн утга учиртай үзэгдэл юм. Энэхүү туульсын уламжлалыг Д.Нацагдорж “Харанхуй хад” зохиолдоо маш чимхлүүр ашиглажээ.
Өгүүлэгч чулуун эрдэмд суралцсан болохыг “чулууны аймгийг нэлээд ялган салгаж танихын тул…” гэж орчин цагийн ойлголт, сэтгэмжээр тодчилон чулууны гарсан мөрөөр мөрдөж “аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул, дэмий л өгсөн явсан бөгөөд…” хэмээн чулууны төрөл, эх очиж буй өгүүлэмжийг тодорхойлон “Хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хиртхийлгэхээс өөргүй” болж буйгаар уран сэтгэмжилсэн байна. Мөн
“Харанхуй хадан дунд харшилтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг хасын охин сонирхом” хэмээн хүнд хэцүү, нийгэм цаг үеэ харанхуй хадтай жишин дүрсэлсэн бололтой.
Монголчуудын байгалийн уламжлалт шүтлэгээр бол өнгийн бэлгэдлийн хамгийн анхдагч эсрэгцэл нь гэгээ харанхуй, гэрэл сүүдрээс иш үндэстэй хар, цагаан өнгө билээ. Хар өнгө бол монгол утга соёлд домог зүй, бөө мөргөлийн зүүн зүгийн дөчин дөрвөн тэнгэрийн өнгө зүс түүнтэй холбоотой муу зүс юм. Мөн энэ өнгийг эерүүлэн нэрлэх бараан хэмээх хүндэтгэл буй. Энэ эерүүлгийг ч Д.Нацагдорж зохиолдоо хэрэглэсэн байх юм. Тодруулбал, эмгэний “Бараан цохио” хэмээх газраас олсон ховор юм гэж чулууг зааж байгаа нь эртний домог зүйн улбаа юм. Мөн Д.Нацагдорж “Харанхуй хад” зохиолыг зүүдний зохиомжоор бичсэн нь нэн сонирхолтой бөгөөд үүнд зохиолын агуулга, утга санааны нэгээхэн нууц оршиж буй. Тиймээс энэ өгүүллэгийг цаашид судлахдаа эдгээр зүйлийг эрх биш анхааран үзүүштэй, тольдон гүнзгийрүүштэй санагдана.