СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭХ “БААСАН АВГАЙ” НАР БОЛОН БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС*
“Сэтгүүлч хүн аливаа зүйлийг бичихийн өмнө сэтгэлийн хир буртгаа арилгаж, би гагцхүү үнэнийг бичнэ гэсэн тангараг өөртөө өргөсний дараа л үзэг авах хэрэгтэй” Ц.Балдорж
I. СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭХ БААСАН АВГАЙ НАР
“90 оны хувьсгал. Аливаа хувьсгал юуны түрүүнд өмнөх тогтолцоо, үзэл санаа, үнэт зүйлсийг устган өөрчилдөг. Гэвч хувьсгалын романтик үе 90-ээд оны төгсгөлөөр дуусгавар болсон юм. Сэлэм эргүүлдэг үе өнгөрөөд эдүгээ шинэ үнэт зүйлс бүтээх цаг ирэв”(Энхбаяр, 2008).
1990 оны ардчилсан хувьсгал өнгөрөөд 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүн төрөлхтний түүхийн хувьд хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжил гарсан, цахимжсан, олон нийтийн сүлжээ дэлхийг бүрхсэн, магадгүй виртуал нийгэм, ертөнц бий болсон, хөгжлийн нэгэн өвөрмөц үеийг туулж байна. Хүн төрөлхтний амьдралд гарч буй хөгжил дэвшил, өөрчлөлт сар, жилээр биш өдөр, цагаар хэмжигдэх болсон энэ эрин үед сэтгүүл зүй дижиталчлагдаж, уламжлалт шинж чанараасаа эрс өөр, шинэ хэлбэрт хурдтай шилжиж байна.
Сүүлийн 10 жилд монголчууд сошиал орчинд илэрхий донтчихсон гэхэд буруудахгүй л болов уу. Тэдгээр донтогч хүмүүсийн цахим сүлжээгээр бие биедээ гаргаж буй зан аашийг ажиглахад ихэд хачирхам, монголчуудад өмнө нь огт ажиглагдаж байгаагүй зүй зохисгүй, гажууд хандлагууд зонхилж байна. Сошиал орчинд биеэ авч явж буй хувь хүн ч, сэтгүүл зүйн салбарт карьер хөөж буй залуу сэтгүүлчид ч онцгойрох, бусдаас ялгарах хандлага илт илэрч байна. Зарим хүний хувьд онцгойрох гэдэг нь бүр өвчин болчихсон гэхэд хилсдэхгүй биз.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд техник технологийн дэвшлийг ашиглан үйл явдлыг шуурхай дамжуулж буй ололттой тал ажиглагдаж буй ч зарим сайт, телевиз “шууд дамжуулалт” нэрийдлээр ёс зүйгүй, зарим талаар хүний эрхийг зөрчсөн увайгүй сэтгүүл зүй хийж байна. Тухайлбал, “Зариг.мн”, “ТВ 4” зэргийг дурдаж болно. Тэд шуурхай, дайчин ажиллаж байна. Гэвч хувь хүнээс зөвшөөрөлгүй ярилцлага авах гэж зүтгэх, ёс зүйгүй аашилж, ярилцагчтайгаа хүндэтгэлгүй харилцах нь зарим талаар хэрээс хэтэрч байна. Уг нь ярилцлага өгөх эсэх нь хувь хүний эрхийн асуудал баймаар. Хувь хүнийг харлуулахаар хүчээр ярилцлага авах гэж зүтгэх нь тэдгээр сэтгүүлчдэд ямар ч ёс зүй байхгүй байгааг харуулж байна. Сэтгүүлч уг нь бусдын эрхийг хамгийн ихээр хүндэтгэх учиртай сан. Гэтэл манай дайчин сэтгүүлчид хүний эрхийг зөрчсөөр. Үүнийг дээрмийн үйлдэлтэй зүйрлэж болно. Тиймээс хүсээгүй байхад нь ярилцлага авч хувь хүнийг харлуулах нь сэтгүүлчдийн ажил биш харин баасан авгай нарын хийдэг ажил л гэж хэлмээр байна.
Сүүлийн жилүүдэд “Цензургүй яриа”,“Улаан бал” гэх мэт “Hard talk” хэлбэрийн ярилцлагын нэвтрүүлэг олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэд тухайн цаг мөчид нийгэмд хамгийн олон асуудалд орооцолдсон, дуулиан тарьж буй эрхмийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан шууд ярилцдаг билээ. Чингэхдээ ярилцлагаа байцаалт авч байгаа форматаар хийдэг бөгөөд энэ нь ч хүмүүст таалагддаг. Яг л үзэгчийн өмнөөс өшөө авч өгч байгаа юм шиг харагддаг болохоор тэр. Ийм ч учраас нэвтрүүлэг олон нийтийн дунд нэлээд өндөр рейтингтэй, тэдний үзэх дуртай контентуудын нэг болжээ.
“Цензургүй яриа”,“Улаан бал” нэвтрүүлэгт хэлэлцэж буй сэдэв, юу ярьж буй нь, ямар мэдээлэл үзэгчдэд өгөх гэж байгаа нь тийм ч чухал биш. Ярилцагчийнх нь гацаж, ээрч мууран, нүүр улайж, сандарч суугаа байдлыг үзэгчдэд харуулахад өөрөөр хэлбэл ярилцагчаа харлуулахад л нэвтрүүлгийн гол ач холбогдол байгаа мэт. Тиймээс эдгээр нэвтрүүлгийг цэвэр сэтгүүл зүйн бүтээл гэж нэрлэхэд ч бэрх бөгөөд хар пиар гэж нэрлэмээр байна. “Сэтгүүлч ингэж зориг зүрхтэйгээр хүн ялж буй процессыг харуулаад байгаа. Мэдээлэл өгөх зорилгоосоо хазайгаад байна гэдэг нөгөө л эфирийн соёл алдагдаад байгаагийн илэрхийлэл. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэж тулгаж болохгүй ч эфирийн соёл, гоо зүйн шаардлагууд, дээр нь хувь хүний харилцааны соёл, ёс суртахуунтай илүү холбоотой. Тэдгээр нь зөрчигдөж байгаа хэлбэрүүд. Яахав, үзэгчид ийм форматтай ярилцлагууд таалагдаад байна гэсэн хуурамч үзэгдэл л байгаа юм. “…Ярилцлагын нийт агуулга асуулт маань иргэдийн эрх ашиг, иргэд юуг мэдэх ёстой вэ гэдэг дээр тулгуурлаж бий болох ёстой болохоос биш хувийн харилцааны хэлбэрээр, улс төрийн зорилгоор асуултууд бэлтгэгдэх ёсгүй. Ярилцагчийг хүндлэх, дайралт хийх, хийхгүй тухай асуудал цэвэр харилцааны асуудал. Хувь хүний ёс суртахууны асуудал болж байгаа юм. “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн зорилгыг биелүүлж байгаа дүр зураг харагддаг. Тэр нь ч магадгүй үзэгчдэд таалагддаг байх. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчийн хувь хүний харилцааны соёл, телевизийн эфирийн ёс зүй, гоо зүй гэдэг асуулттай илүү уялдана.”[1]
Ийм ёс зүйгүй, ярилцагчаа хүндэтгэдэггүй ярилцлагууд хөгжиж буйд үнэхээр харамсалтай байна. Эцэст нь тэмдэглэхэд, төрийнхөө далбааг урж дөвчигнөх “Улаан бал”-ын Лодойсамбуу, эрээ цээрээ алдсан “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжилга”-ын Мөнхбаясгалан, “Зариг.мн”-ий Өнөрөө нар “Шударга ёсны төлөө” гэж хашхичих ч юун тэр шударга ёс, тэдэнд ямар ч мэргэжлийн ёс зүй алга. Тэд сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүй гэдэг зүйлийг уландаа гишгэж байна. Тэд бол сэтгүүлч, уран бүтээлчид биш харин элдвээр хашхирч гуугачин, гар хөлөө сарвалзуулж, тонгочин сэтгүүл зүй хэмээх далайг самарч, цалгиулан үр дүнд нь өөрсдийнхөө карьерыг бий болгож байгаа баасан авгай нар юм.
II. БИДЭНД ҮНЭТ ЗҮЙЛС БАЙНА УУ
Монголын сэтгүүл зүйд дээр дурдсанаас ч олон асуудал бий. Сэтгүүлчдийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, эрх зүйн орчны дутмаг байдал гээд тоочоод байвал алдаа дутагдал, зовлон бэрхшээл мундахгүй. Хэвлэл мэдээллийн салбар ямар ч цаг үед тухайн нийгмийнхээ толь нь байдаг. Монголын сэтгүүлзүй өнөөдөр хаана явах нь Монголын нийгэм өнөөдөр ямар байгаагаас л шууд хамаарах болов уу. Ний нуугүй хэлэхэд хаа сайгүй, дээр дооргүй авлига цэцэглэсэн, хувийн эрх ашиг давамгайлсан, ёс суртахууны баримжаа, хэмжээ алдагдсан нийгэмд төлбөртэй, худал мэдээллээр дүүрэн, хувийн сонирхолд үйлчилдэг, мэргэжлийн зарчим, хэм хэмжээг уландаа гишгэдэг сэтгүүлзүй хөгжсөөр байгаа билээ.
Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт нэгэн цагт Монголчуудын оюун санааны амьдралыг тодорхойлж байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй Ц.Балдорж, Ж.Барамсай нар алга. Л.Түдэв тэнгэрт дэвшиж, Т.Баасансүрэн нар уран зохиол, эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлд анхааран ажиллаж байна. Тэднийг залгаж гарч ирсэн гал цогтой сэтгүүлчид өнөөдөр дарга даамал болоод үзэг цаас нийлүүлэхээ болиод удав. Хэн байна вэ? Сэтгүүл зүй хэмээх энэ их далайд жаахан тодорчих хүсэлтэй, яльгүй ч атугай хүний анхаарал татчих юм сан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их хөдөлмөрч” хэдэн авгай нар л /эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/ ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна гэж үү?
Үгүй дээ. Сэтгүүл зүйн салбарт хийх ажлаа чимээгүйхэн хийгээд, даацтай бүтээл туурвин, сэтгүүл зүйн үнэт зүйлсийг бүтээгээд явж буй ган үзэгтнүүд олон бий. Үүнийг Балдорж шагнал хүртсэн сэтгүүлчид, бүтээлүүд бэлхнээ харуулна.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ГАЛЫГ САХИГЧ
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгийг тодорхойлж асан Ж.Барамсай, Ц.Балдорж, Л.Болормаа, Б.Долзодмаа нарын асаасан галыг сахих сэтгүүлч бидэнд бий юу. Байлгүй л яахав. Сэтгүүлч Х.Уянга “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”, “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна”, “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” зэрэг нийтлэлээрээ монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгийг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь эгшин зуурын хэрэг биш. Төлөвлөх, судлах, сурвалжлах гэсэн тодорхой үе шатаар дамжиж, хүчин төгөлдөр стандартын дагуу хөдөлшгүй үнэн, баталгаат байдлыг хангах шаардлагатай байдаг. Эрэн сурвалжлах сэдэв нь сэтгүүлчийн, түүний багийн идэвх санаачилгад суурилдаг. Сэтгүүлчид сэдвийн үзүүрээс бариад авбал таамаглал дэвшүүлж, нэмэлт судалгаа төлөвлөн, холбогдох асуултууд сонгон тэдгээрийн дагуу эрэн сурвалжилж эхэлнэ. Ингэж сэдвийн эхний сэжгийг нягталж шалгах ба хариултад өөрсдөө дүн шинжилгээ хийж, батлах замаар нотолгоо бүрдүүлэх ёстой. Эцсийн бүтээлээр цоо шинэ мэдээлэл дэлгэх, эсвэл өмнөх хуучин мэдээллийг цуглуулж, ач холбогдолтой шинэ өнцгөөс нь үзүүлдэг. Энэ бүх шалгуурыг хангасан сурвалжилга бол “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал сурвалжилга юм.
Хамарын хийд орчимд ашигт малтмалын лиценз өгч, олборлолт эхлэх гэж буй тухай шуугиан энэ оны эхээр гарсан. Энэ мэдээллийн мөрөөр сэтгүүлч Х.Уянга Хамарын хийдийг зорьж, сурвалжилгаа эхлүүлжээ. Түүнээс хойш есөн сарын турш Хамарын хийд орчимд лиценз олголтын цаана юу байгааг тодруулахын төлөө явж, цуврал бүтээлээ гаргасан байна. Тус сурвалжилгын гол хэсэг нь “Хамарын хийд орчмын газар харийнхны гарт орсон мөрөөр” нийтлэл бөгөөд энд “АОЛК”, “Оуяашиёоу”, ““Даблью эс жи эл”, “Олон ихт баян” зэрэг компани нь хоорондоо холбоотой бөгөөд 1 лиценз цуцлуулаад оронд нь хоёр газар лиценз авдаг ч юм уу нөхөн төлбөр авах зорилгоор ажиллаж байгааг олон нийтэд дэлгэв. Сэтгүүлч лицензийг авсан хүмүүст газрыг ухах нь гол зорилго нь биш дуулиан шуугиан дэгдээж байгаад өөр газар лиценз авдаг, тэр газрыг хамгаалалтад оруулж нөхөн төлбөр авдаг гэхчлэн хуулийн цоорхойг ашиглаж луйвар хийдэг, “лиценз угаах” гэдэг нэршил бий болсныг ард түмэнд ийн ил болгосон юм. Хамгийн чухал нь сэтгүүлч цуврал сурвалжилгынхаа үр дүнд Хамрын хийд орчимд хууль бусаар явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоож чаджээ. Үр дүн нь Хамрын хийд орчимд олгогдсон лицензүүд цуцлагдаж улсаас тус компанид нөхөн төлбөр ч юм уу газар дүйцүүлэн олгох үүрэг хүлээхгүйгээр цуцлагдсан явдал юм.
Түүнчлэн сэтгүүлч Х.Уянгын “Спэйшл майнз” компанийн үйлдвэрт асгарсан цианидын мөрөөрх “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цуврал нийтлэлийнхээ үр дүнд тус компанийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг эмчилгээнд явуулж, Цэргийн төв эмнэлгээс цианидад хордсон гэх дүгнэлт гарчээ. Энэ бол далдалж нууцлахыг завдсан томоохон хэргийг илчилсэн сэтгүүлчийн томоохон ажил болно. Тус нийтлэлийг судлагч У.Бямбаням судлаад “Х.Уянгын “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цуврал нийтлэл Монголын сэтгүүл зүйд төлөвшиж буй эрэн сурвалжлах сэтгүүл зүйд баримт, баримжаа болохуйц бүтээл болсныг дээрх задлалын дүнд дүгнэн хэлье” гээд “Х.Уянгын нийтлэлүүд эрэн сурвалжлах болоод хариуцлагатай сэтгүүл зүйн завсар дундын, хоёр төрлийн нийлэмж дээр суурилсан, асуудал хөндсөн нийтлэлийн уур амьсгалтай болжээ… “Сэдэв олсноос эхэлсэн таамаг баримтаар батлагдаж үр дүнд хүрсэн нь Х.Уянгын нийтлэл хамгийн онцлох хэсэг. Цэргийн нэгдсэн эмнэлгийн шинжилгээний хариуг олж, эх сурвалжуудын мэдүүлгийг уйгагүй эрэн сурвалжилсны эцэст түүний хөдөлмөр хариуцлагагүй уурхайн хар үйлдлийг олонд илчиллээ.” (Сэтгүүл зүйн шинжлэл, 2019:112–113) гэжээ.
Дайчин, ихээхэн хөдөлмөр зарсан энэ бүтээлүүд гол нь үр дүнд хүрчээ. Эдгээр нийтлэл сонгосон сэдэв, хөндсөн асуудал, шуурхай мэдээллээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шаардлагыг хангаад зогсохгүй гол нь сэтгүүлч хүний мэргэжлийн хандлага, мэргэжилдээ итгэх итгэл үнэмшил нь ямар өндөр байгааг илтгэнэ.
ЯРУУ ХҮҮРНЭГЧ БУЮУ УРАН НИЙТЛЭЛИЙН УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ
Монголд уран нийтлэл Д.Нацагдоржийн “Зул”, Б.Ринчений “Цаг ирвээс”, Б.Жамдын “Царс минь цэцэглэж байг” зэрэг нийтлэлээс эхлэн хөгжжээ. Энэ төрөл зүйлийн залгамж халааг сүүлийн жилүүдэд Б.Золбаяр, Ж.Тэгшжаргал нар хөгжүүлж байна. “Уран нийтлэл нь цаг үеийн бодит хэрэг явдлаас томоохон асуудлыг дэвшүүлдэг бөгөөд бодит хэрэг явдал, баримтыг уран зураглалын өнгө аястай хослуулдаг. Уран нарийн хурц дайчин үгийн нөлөө боломжоор итгүүлэн үнэмшүүлдэг. Хэрэг явдлыг оюуны үнэт зүйлтэй холбон яруу тайлбарлахдаа өөрийнхөө үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд зориулдаг. Уран нийтлэл нь зохиогчийн уран сэтгэмж, үзэл бодол, үнэлэмж дүгнэлт давамгайлсан олон түмний урмыг сэргээж, ухааныг тэлсэн, чөлөөт уран зураглал, бодит баримт хоёрыг хосолсон тайлбар бүхий нийтлэл- уран сайхны богино чөлөөт эх юм.” (Монгол хэл XII, 2018)
Уран нийтлэлийг гурвалсан морьт тэрэг шиг сэтгүүл зүй, уран зохиол, нийтлэлийн гурван чадварыг чадамгай нийлэгшүүлэн бичиж чадсан хүн л бүтээдэг. (Сэтгүүл зүйн шинжлэл, 2019:63). Ийм нийлэг төрлийг гарамгай бүтээгч нь Б.Золбаяр бөгөөд тэрбээр “Бүтэн” (2004), “Бүлээн” (2006), “Бүгээн” (2012), “Хүмүүн” (2012) зэрэг нийтлэл, аян замын тэмдэглэл, өгүүллэгийн ном хэвлүүлж уншигч олондоо барьжээ. Б.Золбаярын бүтээлүүдийн нэгэн онцлог бол өгүүлбэрийн үргэлжлэх урт богинын харьцаа, хугацаа нь ихээхэн нийцэт шинжтэйд байдаг байна. Дүрслэл өгүүлбэр нь заримдаа харьцангуй уртавтар байх бөгөөд энэ нь үйл явдлын өрнөлийн дэвсгэр болох ахуйг нэгэн тэнхлэгт дэлгэмэл байдлаар дүрслэхтэй нийцэн зохицжээ. Түүний өгүүллэгүүдийн хэл найруулга, дүрслэл маш яруу, тунгалаг байдаг. Тийм ч учраас түүний бүтээлүүдийг “Яруу өгүүллэг”, “Хүүрнэл яруу найраг” (Ганбаатар., 2012) хэмээн нэрлэх саналыг судлагч Я.Ганбаатар гаргасан байдаг. Түүнчлэн судлагч Г.Батсуурь “Бүтэн бүлээн байхын учир” шүүмждээ түүний хэл найруулгын ололттой талыг “…«Гүйлгэн жиргээ салхи», «сахлаг сор умран аясарч» зэрэг дүрслэлүүд нь содон. Б.Явуухулангийн «туулайн гүйдэл салхи», Д.Пүрэвдоржийн «суусрын гүйдэл салхи» гэсэн дүрслэлүүд манай уран зохиолын хүрээндээ чамгүй алдартай. Тэдгээр нь яруу найргийн дүрслэлүүд агаад зохиолч Б.Золбаяр хүүрнэл зохиолд ийн зурагласан нь, бас лоовуузны сорыг «аясарч» гэсэн нь шинэ.” Гээд “Түүнийг ийнхүү тос даасан монгол хэлээр бүтэн буулгах нь билэг авьяас гэхээс өөр юу гэхэв.”(Батсуурь, 2015) хэмээн үнэлжээ.
“Уран нийтлэлийн “Угсаа залгамжлагч”-ыг судлагч Ц.Ариунтуяа Ж.Тэгшжаргал хэмээн үзээд “Салхи биднийг хөтөлнө”, “Луугийн атган дахь цаасан шувуу” нийтлэлийг нь шинжлэн “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэлийг нь “эгээ л олон ангит зохиолын төлөвлөгөө шигээр нийтлэлийн зохиомж, тусгах дүрүүд, өрнүүлэх газар, утга санааны шилжилт, харьцуулах баримт, асуудлынхаа сүлжээг тун урнаар бодож олжээ.” (Сэтгүүл зүйн шинжлэл, 2019:64) хэмээн үзсэн бол судлагч Г.Лхагвадорж “Салхи биднийг хөтөлнө” сурвалжилсан тэмдэглэл нийтлэл машид уншууртай бүтээл болсон нь түүний бүтэц зүйн өвөрмөц дараалалтай шууд холбоотой юм. Хэдий урт, уншигчийг залхааж мэдэхээр олон цуврал боловч уншигч тосон дээгүүр гулгах мэт зовлонгүй, нүдээр гүйлгэн уншаад өнгөрч байна” (Сэтгүүл зүйн шинжлэл, 2019:26–27) гэжээ. Үнэхээр ч Ж.Тэгшжаргалын бичлэг нь хурц өнгө аястай, ихэд яруу тунгалаг байгааг нийтлэлийн эхлэл хэсгээс л харж болно. “Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд, өөрт чинь үлдээв.” (Тэгшжаргал, 2013)
СЭТГҮҮЛ ЗҮЙГ АРИУСГАГЧИД
Монголд сэтгүүл зүйн шинжлэл бий юу? байлгүй л яахав. Өнөөдөр сэтгүүл зүйн судлал боломжийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. Сэтгүүл зүйн шинжлэх ухаанаар цол хамгаалсан 20 гаруй хүн бий. Сэтгүүл зүйн янз бүрийн чиглэлийг дагнан судалдаг эрдэмтэн судлаачийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн түүх, онол, практикийн асуудлыг хөндсөн судалгааны цөөнгүй бүтээл гарсан нь үүний тод илрэл юм. Харин сэтгүүл зүйн шүүмж зогсонги байсныг СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын баг, Балдорж сантай хамтран “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих уралдааныг зарласан нь хөдөлгөөн оруулсан гэж хэлж болно. Шүүмж бичнэ гэдэг бол асар их хүч хөдөлмөр, мэдлэг, чадвар шаардсан хүнд ажил. Маш их хөдөлмөр гаргаж, асар их юм уншиж, судалж бичсэн тэр бүтээлийг үнэлэх, дэмжих ямар ч сэтгэлгээ, механизм алга байсныг Балдорж сангийнхан нөхлөө. Үүний үр дүнд “Утга зохиол судлал шинжлэл” цувралын 37 цувралаар “Сэтгүүл зүйн шинжлэл” шүүмжийн эмхэтгэл гарсан нь сэтгүүл зүйн шүүмжийн хоосон орон зайг нөхсөн сайхан ажил болжээ. “Сэтгүүл зүйн бүтээлийн шинжлэлийн энэхүү номд шалгарсан уран бүтээлчид дийлэнх нь идэр залуучууд байгаа нь олзуурхууштай. Бүтээлүүдийн хувьд цуврал нийтлэл, уран нийтлэл, ярилцлага, фото эсээ, цуврал нэвтрүүлэг, сурвалжилга, эрэн сурвалжилсан нийтлэл, баримтат нэвтрүүлгүүдийн жишээн дээр өргөн хүрээтэй судлан шинжилж, задлан тайлбарлаж ур чадвар, уран сайхны үнэлгээ өгчээ. Хатуухан шүүмжлэл хийгээд гайхам нээлт бүхий шинжлэл хоёул багтсан уг бүтээлүүд түрүүнд дурдсанчлан нийгэм болоод салбарынхаа хөгжилд бодитой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Уран сайхны үнэлгээ бол мэргэжлийн үнэлэмж, түүний дэвшил юм” (Сэтгүүл зүйн шинжлэл, 2019:6)
НОМ ЗҮЙ
Балдорж сан. https://baldorjsan.mongolnews.mn/
Батсуурь Г.2015. Бүтэн бүлээн байхын учир. Уб., http://choidogjamtsism.blogspot.com/2015/11/blog-post.html
Ганбаатар Я. 2012. Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын өгүүллэгүүд. Уб., https://news.mn/r/125333/
Монгол хэл XII. 2018. Хамтын бүтээл. Уб., 285 х
Наранбаатар Б. 2019. Сэтгүүлч ярилцагчдаа хүндэтгэлгүй хандах нь дээрмийн үйлдэл. Уб., https://dnn.mn/
Сэтгүүл зүйн шинжлэл. 2019. Хамтын бүтээл. УЗСШ-37. Уб., 190 х
Тэгшжаргал Ж. 2013. Луугийн атган дахь цаасан шувуу. Уб., https://baldorjsan.mongolnews.mn/post/1354
Тэгшжаргал Ж. 2013. Салхи биднийг хөтөлнө. Уб., https://baldorjsan.mongolnews.mn/post/1354
Уянга Х. 2017. Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл. Уб., Өнөөдөр сонин. http://unuudur.mn/
Уянга Х. 2018. Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ. Уб., Өнөөдөр сонин. http://unuudur.mn
Уянга Х. 2019. Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна. Уб., Өнөөдөр сонин. http://unuudur.mn/
Энхбаяр С. 2008. Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс. Уб., http://choidogjamtsism.blogspot.com/2017/11/oaa-cioeie-aaou-aaanai-aaaae-ia-aieii.html
[1] Б.Наранбаатар:Сэтгүүлч ярилцагчдаа хүндэтгэлгүй хандах нь дээрмийн үйлдэл. 2019. https://dnn.mn/
* Утга зохиол судлаач С.Энхбаярын “Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс” шүүмжийн гарчгийг зээлдэв.