Соги бүрүлгү ба Огторгуйн цагаан гарди Д. Отгонсүрэн
Арслантай гүүр, БАГШИЙН ДЭЭД –ээр эргэлдсэн оюутан насны он жилүүдэд Хэл хэлэх хоёр, авиа авиалбар хоёроос хэл шинжлэлийн түүх, эх задлал, эсээ бичихүй хүртэл заалган эрдэмтэн багш нараасаа номын дуу сонсож, оюун эрдмийн их далай АЛМА МАТЕР-аас дөрвөн намар, дөрвөн хавар умдаалжээ. Явсан шувуу ирдэг, ирсэн гийчин буцдаг гэгчээр оюутан насны гэрэлт өдрүүд халагдах дөхөж, сэтгэл гэгэлзэхийн хэрээр Сэлбийн сэрүүн дэнжээсээ холдмооргүй санагдана… МУБИС-ийн монгол хэл, соёлын салбарын бахархал болсон “ПОСӨБ-ийн таван доктор” гэх эрдмийн хамтлагийн бүтээж туурвисан ном товхимлоор гарын авлага хийж, өөрсдийгөө залгаж төрүүлсэн олон эрдэмтнээр нь хичээл заалгаж явсных тэдний үйлс замналаар бахархаад ханашгүй, бас бусдад гайхуулмаар. Эрдэмтэн Б.Пүрэв-Очир “…Тавуулаа бид монгол хэл-уран зохиолын багш, тавуулаа бид УБДС-ийн залуухан багш нар, тавуулаа бид тавьсан зорилготой…[1] хэмээн дурссан байдаг. Үүнд нэмэрлэвэл тавуулаа тэд хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D) –ууд. Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гээд эрдэм судлалын эрхэм сайхан цолууд бүгд тэдэнд буй. ПОСӨБ-ийн тэргүүн үеийг чимж амилуулсан Д.Отгонсүрэн багшийн бүтээл туурвилыг ажиглахад хийгээгүй зүйл үгүй, оролдоогүй юм үгүй, ёстой л хорин хүний хийхийг нэгэн биеэр хийж, хоёр загалын туулахыг хоёр хөлөөрөө туулсан эрдэмтэн-зохиолч байж.
Нэгдүгээрт: Түүний хэл шинжлэлийн бүтээл туурвилаас авч үзвэл “Монгол хэлний хэлзүйн найруулгын өгүүллүүд” (1996) бүтээлд харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утга, үүрэг, хувилбарыг тодорхойлж, түүний найруулгын үүргийг дурдан Гарахын тийн ялгалын найруулгын үүрэг, Тойм тоог найруулах уламжлал, онцлог гэх мэтчилэн хэлзүйн харьцааны хийсвэр ойлголт ухагдахууныг үнэхээр л найруулга зүйч хүний нарийн мэдрэмжээр, ур ухаанаар, хөдөлмөр зүтгэлээр ялгаж ангилсан гэмээр. Энэ мэтчилэн түүний хэлзүй, үгийн сангийн найруулга зүйг цогцоор нь судалсан бүтээл туурвилууд, “Монгол хэлний найруулга зүй” (1975), “Ярианы найруулга соёл”, “Эх зохиох товч гарын авлага” (1995)… гээд үргэлжлэх хэд хэдэн ганц сэдэвт бүтээлүүд монгол хэл судлалын салбарт эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд гэлтэй. Эрдэмтэн Д.Ганболд, Ж.Янжинлхам нар түүний найруулга зүйн бүхий л бүтээлийг ангилж, агуулгын товчийг гарган, үнэ цэн, ач холбогдлын тухай “…Орос болон европын авианы хэлзүйн чиглэлээр бичсэн найруулга зүйн сургаалийг монголд идээшүүлэх, түүнийг монгол хэлний баялаг жишээгээр баталж, нотлон орчин цагийн монгол хэлний найруулга зүйн ухааныг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан эрдэмтэн.[2] хэмээн үнэлсэн байдаг. “Найруулга зүйн хаан” хэмээн мэргэжил нэгтнийнхээ дунд хүндлэгдэх нь ч эрдэм судлалын оргилд хүрсэн эрдэмтэн байсныг илтгэх буй заа.
Хоёрдугаарт: Түүний уран бүтээл, шүлэг найргуудаас тольдвол монголын яруу найргийн ертөнцөд Б.Явуухулан найрагчийн “Вансэмбэрүү”-тэй ижилсүүлэн Вансэмбэрүүг урлажээ.
Энэрэлгүй хатууд сөхөрч унаагүй тэвчээр
Эрин элсэн ч цөхөрч хариагүй хайр
Ижил хоёр Вансэмбэрүү цэцгэнд шингэснээс
Эм болж хотлыг тэтгэсэн домогтой гэнэм (Д. Отгонсүрэн Хайрхан уулын бараа, 172-р тал.) хэмээх нь ирээгүй гэх ухагдахуунтай ирээдүй цагийн урсгалд Б. Явуухулан, Д. Отгонсүрэн нарын ихэр ботго шиг хос “Вансэмбэрүү” шүлгүүд яруу найргийн сүмбэр хангайд тэргүүнээ залрах нь дамжиггүй. Ард түмний сэтгэлд хоногшсон дууны яруу найргууд, багачууд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэлний үг давталт, төсөө үг үүсгэх аргаар бичсэн шүлгүүд гээд монголын утга зохиолд “Хайрхан уулын бараа” болсон найрагч, багш байсныг гэрчилнэ. Түүний хайрын шүлгийн дотроос “Дарьгангын жаахан шарга”
…Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ?
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ? гэх ардын дууны айзам хэмнэлээр бичсэн нэгэн шүлэг бий. Уг шүлгийн тухай түүний шавь эрдэмтэн З. Ганболд “…1983–1987 оюутнуудын хит болсон шүлэг. Оюутан болгон тогтоож, шүлгийн эзэн хэн бэ гээд шуугилддаг байлаа.” гэсэн нь сайн яруу найрагчийн шүлэг бүтээл оюутан залуусын залуу насыг хэрхэн эгшиглүүлдгийг, хөг айзам оруулдгийг, уяран дуулуулдгийг батлах аж.
Утга зохиол судлаачдын дунд П.Яньдий “Д.Отгонсүрэнгийн уянгын яруу найргийн уран дүрслэлийн онцлог” (2012), Б.Нанжид “Д.Отгонсүрэнгийн яруу найргийн зарим бүтээлд хийсэн ажиглалт” (2011) гэх мэт уран бүтээлийн судлал шүүмжүүд үргэлжлэх нь бас чиг учиртай.
Гуравдугаарт: Нэртэй утга зохиол судлаач, шүүмжлэгч байсныг нь профессор С.Энхбаяр “…нэгэн цагт Монголчуудын оюун санааны амьдралыг тодорхойлж байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нарын суутнууд алга. Тэднийг залгаж онол, түүх, судлал шүүмж судлалын салбарт чиг баримжаа болж байсан Д.Ёндон, Ш.Гаадамба…….. Д.Отгонсүрэн нарын гигантууд эдүгээ байхгүй.[3] гэсэн нь Д.Отгонсүрэн багштаны утга зохиолын судлал шүүмж нь ямар түвшний үнэ цэнтэй байсныг баттай гэрчилмүй. Түүнчлэн “Модернист зохиол монголд байсан уу?” гэх шүүмж нь “XX зууны судлал шүүмжийн дээж бичиг”-т хэвлэгдсэн буй.
“Хэл шинжлэл”, “Утга зохиол судлал”, “Шүлэг, яруу найраг” гэх гурван голын бэлчрээс гурван салаа замаар бэдэрч тэргүүн нь гарсан “Найруулга зүйн хаан” , “Хайрхан уулын бараа” байжээ. Юутай их эрдэм, юутай их авьяас билиг вэ? Урлахуйн хувилгаан бие (соги бүрүлгү)[4]-ийг олж төрсөн, эрдэм номын мөрд Огторгуйн цагаан гарди[5] байжээ.
МУБИС-МХУЗ 4-р анги Х. Гэндэнпил
Утас: 99472019
[1] Пүрэв-Очир, Б., (2013). Судалбар эсээнүүд Улаанбаатар, Мөнхийн үсэг ХХК 261-р тал.
[2] Ганболд, Д Янжинлхам, Ж нар., 2017. Д.Отгонсүрэнгийн найруулга зүйн ухаанаар бичсэн нэг сэдэвт бие даасан бүтээлүүдийн тухай Монгол судлалын чуулган №23, Улаанбаатар, 24-р тал.
[3] Энхбаяр, С., (2011). Утга зохиолын онол III дахь хэвлэл Улаанбаатар, 267-р тал.
[4] Монгол домог зүйч, профессор С. Дуламын тайлбарласнаар “Урлахуйн хувилгаан биеийг (Соги бүрүлгү) олж төржээ гэдэг нь өнөөгийн хэлээр авьяас мэдрэмжтэй төржээ гэсэн үг. ”
[5] Нэрт дуун хөрвүүлэгч, төвдөч эрдэмтэн Л. Хүрэлбаатарын тайлбарласнаар “гагцхүү сэтгэлийг сайжруулах, оюуныг гэгээрүүлэхийн төгс хичээл, их бага арван эрдмийн ухаанаар ариусахын учир, “эл гурван гэмийг” сэтгэлээсээ хөөж гаргасан цагт л чухамхүү “арилсан”, “амирласан” хиргүй цагаан сэтгэлийн мөн чанарт болно гэнэ. Чингэж гэм бүхнээ арилгаж эрдэм бүхнээ дэлгэрүүлсэн цагт огторгуйн цагаан гарди мэт хүмүүний орчлонгийн хиртэй муу сэтгэлийн балчиг шавраас гарч сайжран гийсэн оюуны огторгуйн өндөрт халин нисэхийн жигүүр хүчин төгсөнө гэнэ.