САРНЫ ГУНИГИЙН ДУУЧ

Б.Мөнх-Эрдэнэ
20 min readFeb 22, 2025

--

“1990 хэдэн онд дүр бүтээх арга, сэтгэлгээний хэв төлөвийн хувьд яруу найраг бусад төрлөө бодвол харьцангуй хөдөлгөөнд орж нийгэм аж байдлын уламжлалт магтаал уянгаас гүн ухааны эргэцүүлэлд, гадаад орчныг тоочин дүрслэх аргаас дотоод бясалгалд шилжин сэтгэцийн дүр бүтээн, уламжлалт хэлбэрийг эвдэх туршилт хийн яруу найргийн сэтгэлгээг хийсвэрлэх чиглэл рүү эрэл хийсэн” (Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV, 2014: 26) нь шинэлэг содон зүйл байв.

“1990-ээд он гараад монголын яруу найрагт олон авьяаслаг шүлэгчид орж ирж уламжлалт реалист яруу найргийг романтик хандлага, нутгийн өнгө аяс (местный колорит)-аас авхуулаад философийн шүлгүүд, сюрреалист, экзистенциал туршилтуудаар баяжуулж, реалист бус хийсвэр сэтгэлгээний янз бүрийн дэг сургууль, урсгалыг үүсгэн багагүй амжилт олжээ” (Галбаатар, 1999). Эдгээр найрагчаас өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаар ялгарч чадсан уран бүтээлч бол Л.Өлзийтөгс юм. Тэр бээр энэ үеийнхнээс (өмнөх үеийнхнээс ч) өөр, өвөрмөц сэтгэлгээний нэгэн тод өнгө болон ялгарч, гоо сайхны өндөр, дээд тансаг, нарийн торгон мэдрэмжээ илэрхийлж чадсан яруу найрагч билээ.

1992 оны эхээр түүний анхны шүлгүүд “Ил товчоо” сонинд бүтэн нүүр гарсан нь анхны номоо хэвлүүлсний дайтай шуугиан утга зохиолын ертөнцөд тарьсан гэдэг. “Яаж бичдэгийг минь харанхуй шөнө л сайн мэднэ” гэх гарчигтай бяцхан ярилцлагатай хамт түүний “Бороотойд” тэргүүт 10 орчим бүтээл нь хэвлэгдсэн байна.

(Хойно өгүүлэх зүйлд найрагч өөрөө энэ бяцхан ярилцлагад хариулчихсан тул энд ярилцлагыг буулгав)

Л.Өлзийтөгс: Яаж бичдэгийг минь харанхуй шөнө л сайн мэднэ.

ИТ: -Хүн газрын амьтан уу, тэнгэрийн амьтан уу?

Л.Ө: -“Зүгээр л энд төрсөн юм. Зүрх сэтгэл минь эндхийнх” гэсэн шүлэг байдаг шиг санагдаж байна. Жинхэнэ яруу найрагчид бол тэнгэрийн мэдэлд байдаг биз ээ.

ИТ:-Ямар хөгжим, зурагт дуртай вэ?

Л.Ө-Верди, Моцарт, Бетховений хөгжим. Шаравын 2 дугаар симфонид дуртай. Уран зургийн хувьд Дегагийн “Цэнхэр бүжигчин”, Пикассогийн “Ундаанд дуртай эмэгтэй” гэдэг зургуудыг дахин дахин үзэх дуртай.

ИТ:-Ямар орчинд байх дуртай вэ?

-Сартай шөнөөр ганцаар байх.

ИТ:-Чи юунд итгэдэг вэ?

Л.Ө:-Өөрийнхөө хийж байгаа бүхэнд

ИТ:-Дэлхий бөөрөнхий гэдэг үнэн болов уу?

Л.Ө:-Магадгүй, Яагаад гэвэл бөөрөнхий дотор бүх дүрс багтдаг юм гэнэлээ

ИТ:-Онгод хүлээдэг үү?

Л.Ө:-“Онгод” гэж “түүнийг” нэрлэх дургүй. Яаж бичдэгийг минь харанхуй шөнө л сайн мэднэ.

“Бороотойд”

(Анхны шүлэг)

Тэнгэр зөөлхөн гомдолтойёо уйлагнаж

Тэргүүн дээрээс шиврээ хур буулгахуйд

Хорвоо бүхэлдээ намуухнаар мэгшиж

Хоосорсон сэтгэлд бодлын хур үлгэр хүүрнэнэ

Зөөлхөн бүхнээс ч зөөлхөн тэр л дуслууд

Зүрхэнд хэдийнэ хүрчихээд сэтгэл эмзэглүүлнэ

Бороо орох бүрийд бодолдоо би хөндүүрлэж

Болж өгөхгүй дагаад л, урсаад л, уяраад л

Шиврээ бороон дусал зөөлөнч гэсэн

Шивнээ муу үг шиг сэтгэлд тогтохгүй юм

Өө! Солонго татчихаж шүү дээ.

1989 он.

“Ил товчоо” сонин. 1992.04.1–10. №10 (43)

ТҮҮНИЙ МЭДРЭМЖ ДЭНДҮҮ НАНДИН

Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их” Л.Өлзийтөгс

“Шовэнь” хэмээх хятад хэлний эртний нэвтэрхий толь бичигт: “Яруу найраг бол мэдрэхүй юм” гэж тайлбарлажээ. Бас “Чуньцю” (хавар намар) гэдэг түүхэн судрын нэгэн тайлбарт “Яруу найраг бол үгээр илэрхийлэгдсэн мэдрэхүй мөн” гэжээ.

Дундад зууны хятадын аугаа их сэтгэгч Чжу Си: “Мэдрэхүй сэтгэлээ үгээр илэрхийлэн гаргах боломжийг яруу найраг бидэнд олгож байна” гэж бичсэн байна. Бүүр, зургаан улсын үеийн хятад оронд (IV-VI зуун) яруу найраг, хөгжим хоёрын нэгдлийн тухай маш уран санаа гаргасан байх юм. “Яруу найраг бол үг санаа хоёр мөн бөгөөд санаа гэдэг нь бидний сэтгэн бодох бодлын хөдөлгөөн учир ярианд хадгалагддаг. Санаа үгээр илэрвэл яруу найраг болж, хөгжмөөр илэрвэл дуу болно. Тийм учраас шүлэг дуу хоёрын үүсвэр нэг юм” гэж их бичгийн хүн Цзянь-вэн хэлж байжээ. Энэ тухай VI зууны үеийн хятадын утга зохиолын их онолч Лю Сегийн хэлсэн үг маш сонирхолтой байна. Түүний хэлсэн нь: “Аялгуу бол хөгжмийн бие бөгөөд хөгжмийн сэтгэл нь яруу найраг юм” гэжээ. Ерөөс жинхэнэ яруу найраг гэдэг алсын совин билиг, далдын дуу авиа, өнгө гэрлийн угтал шинжтэй гэж мэргэд олонтоо тэмдэглэсэн байна.

“Жинхэнэ яруу найраг нь сэтгэлгээний өндөр боловсрол, туйлын өвөрмөц нандин мэдрэмж, дотоод мөн чанарыг шаарддаг. Ерөөс хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай, хамгийн сонирхолтой, хамгийн тайлбарлагдашгүй нандин чанарын нэг бол мэдрэмж юм гэж гүн ухаантнууд болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанд үздэг. Энэхүү байгалиас заяахдаа хүн бүрд адил тэгшгүй ирдэг, онолын ном сурах бичгүүдэд “уран бүтээлийн онгод” /вдохновение/ буюу “авьяас билиг” /талант/ хэмээх нэр томьёогоор харин эртний судруудад бурхны бэлэг, хайр хишиг гэх зэргээр тэмдэглэдэг сэрэл мэдрэмж-авьяас билиг хэмээх ойлголтыг өнөөх аугаа их ухамсар оюун ухаан ч бүрэн дүүрэн тайлбарлаж чаддаггүй бөгөөд угаас тийм эрх ч байхгүй. Энэ тохиолдолд яруу найраг бол ухамсар оюун санаа, сэтгэл мэдрэмж хоёрын уулзах цэг, мэдлэг оюун сэтгэхүй хоёрын сүлэлдэх талбар, эргэцүүлэл ба зөн билгэ хоёрын учрах хаяалбар мөн” (УЗШ, 2021: 139). МУБИС-ийн багш нар “Утга зохиол шинжлэл” бүтээлдээ “Уянгын зохиол”-ын төрөл зүйлийг тодотгохдоо дээрх тодорхойлолтыг бичсэн байна. Энд хамгийн товчдоо жинхэнэ найрагчид гэж ихээхэн өвөрмөц нарийн мэдрэмжтэй, сэрэл сэрэхүй, зөн билигтэй хүн байх тухай өгүүлжээ. Дээр өгүүлсэн өвөрмөц нарийн мэдрэмж, сэрэл, зөн билиг цөм л Л.Өлзийтөгс найрагчид бий. Өөрөөр хэлбэл, Л.Өлзийтөгс бол жинхэнэ дээд төвшний яруу найрагч л гэж хэлэх санаатай л баахан зүйлс эш татчихлаа (надаар хэлүүлэлтгүй уншигчид мэддэг, мэдэрдэг л байх).

“Өлзийтөгсийн шүлгүүд хаа холын хийсвэр юмны тухай биш, ерөөсөө хүний дотоод сэтгэл зүрхний сэрэхүйг нээсэн байдаг. Иймд түүний шүлгээс хүн өөрийнхөө дотоод сэтгэл зүрхний бичээсийг уншиж, өөрийгөө алган дээрээ тавьсан мэт харах боломж байдаг. Иймд түүний шүлэг нь тайзан дээрээс үзэгч нийтэд чанга дуугаар унших биш харин ганцаараа өөрийнхөө дотоод сэтгэлээр унших шүлэг байдаг. Өлзийтөгсийн шүлгийн өөр нэг онцлог нь энэ цагийн ихэнх шүлэгчдэд байдаг мөр толгой холбосон сайхан дүрслэлээр эцэс төгсгөлгүй тоочиж болдог холбоо мөрүүдээс огт өөр юм” (Сумъяа, 2009: 102).

Түүний шүлгүүд бол дотоод ертөнцөө анирдсан эм хүний орь дуун билээ. Шүлгүүдийнх нь гол онцлог нь амьдралын ерийн, эгэл жирийн, эгэл мөчөөс юмсын, амьдралын мөн чанарыг нээхүй, олохуй юм. Өөрийнхөө дотор өнгийхүй юм. Түүний шүлгүүд бол амьдралын эгэл агшныг нээсэн яруу найргийн нээлт билээ. Түүний яруу найраг бол сэтгэлийн тэмтчил, сэрэл мэдрэмжтэй холбоотой уянгын танилт мөн.

“Харсаар байтал навчис нулимс шиг дуслан дусалсаар

Харсаар байтал зүрх шиг ганц мод л үлдэх нь байна

Цамцны минь үнэрийг аваад та минь одоо яв даа

Цаана чинь намайг дулаацуулахаар өвөл ирээд хүлээж байна…”

“Л.Өлзийтөгс өөрийгөө байгалийн нэг хэсэг болгож, модод, шувуу, цас, салхи гээд бүх зүйлийг амьдшуулж, хүншүүлж дүрсэлдгээрээ ялгарч байлаа. “Цамцны минь үнэрийг аваад та минь одоо яв даа”. Хайрын тухай шүлэгт энэ ганцхан мөр түүхийн код шиг орсон нь сонин. Монголын нууц товчоонд Өүлэн хатныг Есүхэй нар булаах үед “Үнэрийг минь үнэртэж яв” гээд Их Чүлэдүд цамцаа тайлж өгдөг. Хүчтэний өмнө хүчгүйдэж, буулгасан эхнэрээ булаалгаж буйг их л гуниг харуусалтай дүрсэлсэн нь бий. Тиймээс ч дээрх шүлэг “одоо надаас бүр явдаа” гэхийн оронд “Цамцны минь үнэрийг аваад” гэсэн нь эргэж нийлэхгүй хагацлыг дээр нь “Цаана чинь намайг дулаалцуулахаар өвөл ирээд байна” гэсэн гуниг харуусал шаналлыг ямар ч илүүц зүйрлэлгүйгээр хэлээд өгнө” (Бямбаням, 2018: 154–155)

Шүлгүүдээс нь түүний сэтгэл зүрхний дотоод зөөлөн аяс, хайр энэрэл, эмзэг турьхан, нандин мэдрэмжүүд үргэлжид анхилж байдаг. “Цээжин дэх түмэн навчис зэрэгцэн сэрчигнээд байгаль өөрөө яруу найраг тэрлэх шиг мэдрэмжүүд зөвхөн түүний шүлгүүдэд л бий” (Алтанхуяг, 2022). “Л.Өлзийтөгсийн шүлгүүдээс хар хөх тэнгис давлагаалаад л давлагаалаад л, шалба норгочхоод түрлэгээ тээгээд одох шиг, тийм аниргүйн дунд цахлай нисэхэд далавчны нь атираанд нүдээ аних шиг жаргалтай хөндүүр мэдрэгддэг” (Түвшинтүлхүүр, 2020). Тэр бээр яруу найрагтаа цас, бороо, шувуу, модны навч зэрэг байгалийн зүйлсийг өөртөөгөө бүгд харилцан шүтэлцээтэй, салшгүй нэгдэлтэйн учрыг дуулдаг учир шүлэгт нь тийм нэгэн зөөлөн элгэн уянга оршиж байдаг.

Тухайлбал, “Моддын дээр цас орно” шүлэгт:

“Моддын дээр цас орно

Өнгө нь хувирсан сүүлчийн навчис

Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?” хэмээсэн буй.

Намрын тухай яруу найрагчид олонтоо бичсэн ч түүн шиг намрын цастай өдрийг дүрслэхдээ модноос унах гэж буй сүүлчийн навчийг өрөвдөж хайрласан нь хэд билээ? Өнгө нь хувирсан сүүлчийн навчийг өрөвдөж хайрлах нь дэндүү өрөвч, нандин сэтгэл биш гэж үү? Бас

Хөөрхий энэ навч

Хөсөр унахдаа

Хүн болохыг гуйж

Хэвлийг минь шүргээдхэв…” гэж эмзэглэдэг эмзэг мэдэрхүйтэн юм. Мөн тэрбээр

Хэмгүй сайхан юм ертөнц даяар бударч

Хэн нэг нь аяархан санаа алдаж байна

Яагаад ч юм гуниг…

Харанхуйн цасны гэгээнд

Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна

“Ердийн нүдээр бол байгалийн үзэгдэл мэт санагдах цасан ширхэг яруу найрагчийн нүдээр хав хар тэнгэрээс цав цагаан одод унах шиг, тэр дунд хэн нэгэн уйлж, эсвэл санаа алдаад ч байх шиг санагдана. Жирийн нүдээр олж харахгүй агшин” (Бямбаням, 2018: 156), жирийн хүний сонсож чадахгүйг тэр ийн мэдэрдэг.

Харанхуйд орсон цасны гэгээ

Хүүгийн минь инээмсэглэл

Харанхуйд орсон цасыг хүүгийнхээ инээмсэглэлтэй зүйрлэх дэндүү сайхан биш гэж үү? Тэр ийм л сайхныг мэдэрдэг, бичдэг, бичсээр ч буй.

“Миний гунигийн түүх” шүлэгт:

Яагаад надад үе үе

ийм гунигтай байдгийг мэдэхгүй

Яаж би амьдралгүйгээр

амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй…

…Явчихмаар байдаг ч, би

үзгээ амьдрал руу дүрээд

Яриад л байдаг, гэвч

хүмүүс үхэхээ больдоггүй

Үхэл болгоныг дагаж

үхдэгийнхээ учрыг мэдэхгүй

Хэзээ миний доторх

цасан зогсохыг ч мэдэхгүй

Яагаад над руу үе үе

Тэнгэрээс гар сунгадгийг

Яг зүрхэн дээр минь

Сараачиж орхидгийг мэдэхгүй

гэжээ. “Бусдын өмнөөс шаналан, тэдний зүрхний үгийг шүлэгч бичдэг. Тиймээс амьдрал руу үзгээ дүрээд бичдэг гэж байна. Учир нь найрагч бусдын өмнөөс шаналж байдаг. Тийм бусдын зовлоор зовдог учир яагаад гэж асуув ч түүнд өгөх хариулт байхгүй. Түүнийг харин тэнгэрээс гар сунгаад зүрхэн дээр сараачдаг гэж тайлсан байна. Энэ нь бусдын зовлыг мэдэрч байж бичдэг тэр нь найрагчийн гунигийн түүх болдог гэсэн утга (Сумъяа, 2009: 104).

Түүний шүлэг зохиолд ухамсрын бус урсгал илүүтэй, хүчтэй илэрдэг гэж хэлж болно. Тухайлбал, яруу найргийнх нь дүрслэгдэхүүнд нь зүүд, зөн совин, далд хүсэл, гуниг, эмзэг мэдрэмжүүд зонхилдог. Өөрөөр хэлбэл, түүний яруу найрагт уран яруу тод зураглал, цэцэн цэлмэг үг хэллэг гэхээсээ илүү сэтгэлээ таних танилт, гүн гүнзгий гуниг ганцаардал, гүн санаашрал түгээмэл байдаг онцлогтой. Тиймээс ч судлаач Ш.Баттөр “Монголын модернист уран зохиол” (2004)-доо 1990-ээд оны яруу найрагчдаас Л.Өлзийтөгсийн бүтээл ихээхэн ялгарч буйг тэмдэглээд, түүний уран бүтээлийн онцлогийг тодорхойлохдоо:

1. Хийсвэр сэтгэлгээтэй

2. Олон атлаа ганц өнгөтэй

3. Нууцлаг далд хүсэлтэй

4. Эрхэмсэг аялгуутай

5. Ганцаардал

гэж үзсэн байдаг.

Хавар ай яасан гунигтай юм бэ”, “Тэнгэр минь! Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ” зэрэг санаа алдалтууд түүнээс л төрнө. Түүнчлэн “Хайр гэдэг бол жаргалтай айдас юм Хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм” гэх мэдрэмжийг мэдэрч, “Цаг мөч бүхэн үхэл байдгийг” мэдэж, “Зовлон гэдэг дотор минь байдгийг Зовлон гэдэг л амьдрал болохыг” ухаарах ухаарал гагц түүнд л төрнө. Бас “Өвөл чамд гунигтай санагддаг уу? Өвөл надад гунигтай санагддаг”, “Хав харанхуйн дунд Нисэж яваа галууд аа Хаа хүрэх нь вэ?” зэрэг хачин, хачин асуултыг тэр л өөртөө тавьж чадна.

ТҮҮНИЙ ЕРТӨНЦ ДЭНДҮҮ ХАЧИН БАС АРИУН

“Яруу найрагчид ер нь хачин хүмүүс шүү. Тэд энд атлаа л тэс өөр ертөнцөд амьдардаг. Тархинд нь биднийхээс өөр, ойлгогдошгүй биет оршиж, тэднийг дагаад үл таних, үзэгдэхгүй биетүүд алхаж явдаг” (“Хараацай зогсолт)

Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно

Би цэв цэнхэр атлаа

Би цэг цэг цэг атлаа

Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа

Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа

Би хязгааргүй, хайрын биелэл атлаа

Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа

Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа

Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа

Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө

Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа

Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж

Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ…

Л.Өлзийтөгс өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй. Тэр бидний амьдардаг ертөнцөөс огоот модод нь тэнгэрт ургадаг, шувууд нь газарт явдаг гэж сэтгэдэг хачин хүн. Тэр бидний дунд хэр нь өөр гарагийн хүн шиг хамгийн чимээгүйгээр чимээтэй амьдарч чаддаг уран бүтээлч. “Түүнийг тааж барихын аргагүй сэрэл мэдрэмж, нүдээр харахын аргагүй мэдрэхүй, яг л өөрөө амьдралын гадна оршоод ажиглаж суугаа мэт бичдэг онцгой чанар нь бусдаас заагладаг” (Бямбаням, 2018: 157).

Ариун” гэдэг үгтэй тэнцэх нэгэн зүйл оршиж байгаа. Тэр нь гуниг юм. Гуниг бол яруу найргийн ертөнц дэх гэрэл” (“Хараацай зогсолт)

Тэр бээр

“Өд бүхэн шувуу

Шувуу болгон тэнгэр

Өгөөмөр энэ амьдралын

Өдөр бүхэн шинэ…” гэсэн гэгээн ариухан нүдээр амьдралыг нээж хардаг гэгээн ариухан ертөнцтэй хүн. “Итгэл” шүлэгтээ:

Чи намайг ариун гэж хэлсэн.

Чи хэлсэн учраас би ариун.

Чи намайг яруу гэж хэлсэн.

Чи хэлсэн учраас би яруу.

Чи намайг үзэсгэлэнтэй гэсэн.

Чи хэлсэн учраас би үзэсгэлэнтэй.

Чи намайг төгс гэж хэлсэн.

Чи л хэлсэн учраас би төгс” хэмээн шүлэглэсэн байдаг. Тэр ийм л ариун итгэлтэн билээ.

“Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр

Ер бусын том саран тусдаг.

Ерөөс тэнд өвс, усны чимээгүй.

Гөрөөс хийгээд шувууны мөргүй…”

“уг дөрвөн мөртөөс мэдрэмжийн тулах цэг гэж үүнийг хэлмээр ертөнцийн хязгаар, сарны гэрэл туссан, анирхан, ганцаардлын хэр нь нэг л уужим, ёстой л ер бусын орон зай тэмтрэгдэх аж” (Түвшинтүлхүүр, 2020). Тэр ийм л ихэмсэг, ер бусын ертөнцөд амьдардаг билээ. Гайхалтай үлгэрийн гэмээр ч юм уу энэ ертөнцөд энгийн мөртөө энгийн биш ид шидийн гэмээр зөөлөн сайхан аялгуу сонсогдохыг мэдрэх юутай таашаалтай.

“Л.Өлзийтөгсийн ертөнц ойлгомжтой бас ойлгомжгүй тийм ертөнц. Тэр ертөнцийн амьдрал, хувь тавилан, хачин сонин явдал яруу найрагчийн үнэт зүйлсийг бүрдүүлж байна. Ихэд товчлон үзвэл Л.Өлзийтөгсийн ертөнц ийм этгээд сонин ертөнц. Гэхдээ дандаа шинэ мэт санагдах ертөнц. Бүх хүнд энэ ертөнц таашаалтай санагдахгүй нь лавтай” (Билигсайхан, 2009).

Тэр өөрийнхөө ертөнцөд “Хугархай харандаагаар бүтэн харандаа зурнам” тэгээд ч зогсохгүй хугархай харандаагаараа зурсан бүтэн харандаагаа нахиалуулж чаддаг. Тэр “ертөнцийн юм бүхэнд гомдоод, ертөнцийн юм бүхэнтэй гэнэтхэн эвлэрээд, “чиний үнэрийг авч явсан салхи авчирч өгөхөөс өөр аргагүй болтол нь зогсоод л баймаар” хэмээн өөрийнхөөрөө зөрүүдлээд, учир нь олдохгүй олон зан гаргаад, “миний шүлэг-миний хар тамхи” гэж адраад, тэгснээ “зүрх минь, нялххан зүрх минь чи яаж тэснэ дээ?” хэмээн халаглаад “ахиад чи намайг уйлуулбал үүл болчихно шүү, би” гэж тунирхах зэргээр үнэхээр л араншнаараа Өлзийтөгс-яруу найргаа, яруу найраг нь Өлзийтөгсөө бүтээж буй юм. Ямар сайндаа: “Хаврын тэнгэр шиг олон төрхтэй, намайг Хайрлаж чадах хүн даанч үгүй” гэсэн байна. Үүнээс өөрөөр өөрийнхөө “олон талт” араншныг тодорхойлох бараг боломжгүй мэт”.

“Л.Өлзийтөгсийн хувьд өөрөө ямагт хүрэн очихыг тэмүүлдэг тэр ертөнц, тэр хүн, тэр орчин тэр бүхэнтэй. Өөрөөр хэлбэл, төсөөллийн тэр орчинд хүрч үнэт зүйлсийг мэдрэх, эдлэх гэсэн харьцангуй өндөр дээд, сэтгэл оюуны хувьд нөгөө ертөнц гэмээр үнэт зүйлд хүрч сэтгэх нь эрхмийн дээд зүйл бололтой. Л.Өлзийтөгсийн ертөнцөд очиж ухаарч тэгээд сэрж сэтгэхэд нэлээд дээд, сэтгэлгээний явцуу юм шиг мөртлөө хязгааргүй уудам, гайхамшигтай сайхан бас ойлгомжгүй адармаатай зүйлс цөөнгүй байна” (Билигсайхан, 2022: 135).

ЭРХ ЧӨЛӨӨ-ШУВУУ

Яруу найраг бол гоё этгээд үг биш. Харин гоё онцгой сэтгэлгээ, гоё цэвэр сэтгэл. Түүнийгээ яаж илэрхийлэх нь тухайн хүний хэрэг. Шүлгийн маань гадаад хэлбэр хийц нь миний зан араншны илрэл байж л магадгүй. Би шулуун, шуудхан, тодорхой байдалд дуртай. Хоосон хээнцэрлэх, тойруулж бөөрөнхийлөх, хэтрүүлэх юм уу дутуудуулах, чамирхах дургүй. Энэ зан араншин уран бүтээлд минь үлдсэн байх магадлалтай” (“Дурсамж бол стриптиз биш”. Ярилцсан Б.Ганчимэг)

Түүний зүрхэн дотор уйлж буй мянган шувуу бий. Тодруулбал,

Өглөөхөн орсон цаснууд, бүгд

шувуу болоод харанхуйд нисчихлээ

Өчүүхэн нэгэн далавч шиг цас л

цардмал зам дээр унтаж хоцорлоо …гэх буюу

Тэгэхэд би шувуу байсан

Чиний дэргэдүүр зөндөө ниссэн…

… Далавчны минь чимээг тэгэхэд чагнасан бол

Даанч их шаналлыг унших байсан…” гэх буюу

“Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу

үгүй дээ үгүй

Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна

Цонхоо хаагаад, хөшгөө татаад

Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд

Үүдээ хаагаад, дангинатал түгжээд

Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд

Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл,

тэмүүлэл бүрээсээ

Бишгүй алсад, зүүдэн дундаа

амьдрахыг хүсч байна.

Хүсч байна би, амгаланг хүсч байна

Нүдээ нээмэгц

Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх…” гэхчлэнгээр яруу найрагтаа шувуудын тухай бичсэн буй. Л.Өлзийтөгс байгалийг хүнчилж, эд юмсыг амьдчилж бичдэгээрээ байгалийн зөнтэй яруу найрагч юм. “Өлзийтөгс шувуудтай хамт нисэж, навчистай хамт хийсэж, цастай хамт бударч, үүлстэй хамт нүүж, мододтой хамт ургаж, бороотой хамт шивэрч, салхитай хамт зугаалж, уулстай хамт бясалгаж, ододтой хамт шивнэлдэж, бидэнд байгалийн хэлмэрийг дамжуулдаг зөн билигтэн” (Төмөр-Очир, 2022) мэт. Байгалийг урнаар дүрслэх бус байгалийн хэлмэрийг шууд дамжуулж, мэдрүүлж байдгаараа тэр онцгой.

Түүний ихэнх шүлэгт буй шувуу болоод нислэгийн тухай дүрслэл нь санамсаргүй тохиолдол биш юм. Дотоод эрх чөлөө, барих биегүй их гуниглал, гэтэлшгүй мэт ганцаардлаа тэр бээр ийн шувуугаар төлөөлүүлэн бичдэг. Өөрөөр хэлбэл найрагчийн яруу найргийн гол онцлог нь хөдөлгөөн ба тэмүүлэл юм. Шувуу, нислэг гэдэг нь нэг ёсондоо эрх чөлөөний бэлгэдэл бөгөөд нөгөө талаасаа ямар нэгэн учир шалтгаан, логик, ахуйгаас ангижрах хүсэл болж буй юм. Энэхүү шувууны дүрслэл нь цаашлаад бардамнал, бахархал, эмзэглэл, эрэлхийлэл болон хувирах аж. Тухайлбал,

Би чөлөөлөгдөхийг хүсэж байна

Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсэж байна

Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс

Харанхуй мунхгаас, атаа хорслоос

Хагацахыг, амарлихыг хүсэж байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод

Би өөрөө тув тунгалаг болоод

Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод

Үнэхээр би амгаланг олоод …

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна

Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна” гэхчлэн бичсэнээр нь илэрдэг. Тэр бээр дотоод хүнтэйгээ ярих, сэтгэлийн гүнд байх хүслээ илтгэх, хэзээ ч юм хаашаа ч хамаагүй одохыг хүсэх, эргэн тойрноосоо зугтах, танил дасал зүйлээсээ бушуухан хагацах хүслээ ийнхүү илэрхийлдэг. Мөн шүлгүүддээ эмэгтэй хүний зан чанар, түүний янз бүрийн хувирал, хувьслыг аль болох хурц илэрхийлэхийг зорьдог.

САРНЫ ГУНИГИЙГ ТЭМТРЭХҮЙ

Гүмүда төгөлдөр саран ч түлэн үйлдэхгүй атал

Лянхуа гаран орон наран яагаад үл түлэх вэ

Сараар нэвтлэгдсэнүүд нь ширүүн байхад

Наранд баригдсанууд нь зөөлөн үл болмуй (Дандин).

Энэ нь зохисгүй ба зохистойн бус утгыг байгуулсан жишээ юм. Учир нь сар сэрүүн атлаа шатаадаг нь зохисгүй юм. Нар халуун тул яагаад шатааж энэлгэхгүй байх билээ гэдэг нь зохистойн утга юм гэсэн байна. Ингэхлээр үүний гол утга бол сар сэрүүн ч гэсэн тачаал хөдөлгөж халуун энэллээр энэлгэдгийн нэгэн адил нар яагаад зовоохгүй байх билээ гэж зэрэгцүүлсэн утга гаргаж, чингэхдээ урьдах утгыг нь зохисгүй гэж нэрлэн, хойдох нь зохистой гэж нэрлэжээ [Дандины зохист аялгууны толь: 79].

“Яруу найрагчийн байгальлаг шинж хийгээд ухамсрын зүйлс ялгаа байхгүй чанад алсын далд нууцлаг шинжийг хадгалж байдаг. Үүнд л яруу найргийн буюу уран зохиолын гайхамшигтай үнэт шинж хадгалагддаг байна. Тиймээс ч “яруу найргийн уран тансаг, эсвэл хээнцэр ганган, заримдаа гүн ухааны бодрол бясалгалын зэрэг янз бүрийн илэрхийлсэн дүрслэлүүдийн цаана маш нарийн мэдрэмж байдаг” (Билигсайхан, 2003:45) аж. Яруу найрагчдын сэрэл, мэдрэмж, хүртэхүйн онцлог нь зарим тохиолдолд үгсийн давтамжаар илэрдэг байна. Ер нь яруу найргийн сэтгэлгээнд зохиолчийн хувь бодгалийн ертөнцийг үзэх үзэл, зан төрх, үзэл хандлага тод томруун тусгагдах нь түгээмэл байдаг бөгөөд хувь хүний сэрэл мэдрэмж, хүртэхүй нь өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрч байдаг. Энэ нь зохиолч яруу найрагчдын зохиол бүтээлд үгсийн давтамжаар илэрдэг байна. Тухайлбал, Ш.Сүрэнжав, Ц.Бавуудорж нарын яруу найрагт “тэнгэр” хэмээх үг олон давтамжтай байдаг бол Д.Нямсүрэн бүсгүй хүн, сархад, цаг хугацаа гээд бүх зүйлийг “шувуу” гэх үгээр төлөөлүүлж, шувуугаар сэтгэж, шувуугаар дүрсэлдэг байна. Энэ мэт олон жишээ татаж болно. Эдгээр дүрслэлийн давтамжийг зохиолчдын уянгын сэтгэлгээтэй холбож үзэж болох юм. Л.Өлзийтөгс найрагчийн хувьд ийм давтамжит зүйл нь сар юм.

“Яруу найргийн хамгийн гол амин сүнс нь түүний ямарваа нэгэн утгыг илэрхийлж буй тэр илэрхийлэлд оршино. Өөрөөр хэлбэл, яруу найргийн утга нь зөвхөн “яруу найргийн хэлээр” илэрхийлэгдэнэ” (УЗШ, 2021: 140). Яруу найраг гэдэг гунигийн хэл юм. Ялангуяа энэ тодорхойлолт Л.Өлзийтөгс найрагчид тун зохино. Тийм ээ Л.Өлзийтөгсийн яруу найраг бол гунигийн хэл юм. Түүний дотоод ертөнцөд байдаг нэгэн том орон зай, гоо сайхны өвөрмөц содон мэдрэмж нь гуниг юм. Түүний шүлэг яруу найргийн хэлний эмзэг нарийн нэг хөг нь гуниг ганцаардал юм. Тэгэхдээ цээжинд буй гуниг нь навч болон дэлгэрдэг онцлогтой билээ. Тэр хэлийг тайлах түлхүүр нь сар юм. Дээрх ярилцлагыг та санаж буй биз ээ. Найрагч сартай ханьсан суух дуртайгаа өгүүлсэн буй. Тийм ээ, тэр бол сартай ханьсан суугч, сарны гунигийн дууч юм. Тэр бээр бас шинэ шүлгийн түүвэртээ ийн бичжээ.

“Миний дотор орох хаалга

шөнө юм.

Мэдээж, түлхүүр нь сар юм” (“Сарны толь бичиг”: 24).

Амьдрал бол зүүд мэт хоосон зүйл тул сэтгэлээ зугаацуулж л барахаас өөр зам үгүй” гэсэн үзлийнхээ улмаас байнга архи ууж согтуу хөлчүү явдаг асан Ли Бай усанд ойчсон сарыг тэврэхээр гол руу үсрээд живж үхсэн хэмээх домгийг та бүхэн мэдэх биз ээ. Ерөөс яруу найрагчид гуниг ганцаардлаа сартай л хуваалцагсад байдаг аж. Согтуу Ли Бай:

Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд

Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов.

Архи балгаж сураагүй сар эв дүйгүй,

Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө

Сар, сүүдэр бидэн,-гэлээ ч үй зайгүй

Сайн нөхөд бололцоод, хаврын шөнөжин наргив” хэмээн шүлэглэсэн байдаг бол Сергей Есенин:

Хавирган сар чи уйтгар гунигийг минь

Ховоодоод ч гэсэн аваад явчхаач дээ” гэх бол Уолт Уйтмэн “Энэ биеэ дуулна би” найраглалдаа

“Намуун үдшээр гэрэл харанхуйн оч бадраан,

Хувхай мөчрийг чахран гиншүүлсээр өгсөн мандагч сарны тухай,

Надад та нар л юм хэлэхгүй бол, би юугаа хэлэх билээ?” хэмээн бичсэн байдаг.

Ер, аливаа улс үндэстэн буй болсон цагаасаа эхлэн түүхийн тодорхой үедээ (шинжлэх ухааны балчир үе) байгалийн юм үзэгдлийг танин мэдэх, түүний мөн чанарыг тайлбарлахыг оролдож байсан. Үүнийг домог зүй, домгийн сэтгэлгээ, тотем шүтлэг түүгээр илэрсэн бэлгэдэх үзэлтэй холбон ойлгодог. Дэлхий нийтээр сарны бэлгэдлийн утгыг дараах хэдэн зүйлтэй холбон үзэж, тайлбарласаар иржээ. Үүнд: сар нь оюун санаа, ухамсар мэдрэхүй, сэтгэл хөдлөл, гайхамшиг, уйтгар гуниг, зөн совин зэргийн илэрхийлэл бэлгэдэл болсоор ирсэн байна. Мөн сарны хөдөлгөөнтэй холбогдуулан хуучин сараар бууралтыг бэлгэддэг бол, шинэ болон шинэтгэл сараар аливаа зүйлийн эхлэл, өсөлт, дахин төрөлт зэргийг харин тэргэл сараар хүч чадлын дээд түвшин, цэвэр ариун байдлын оргил, хүссэн зүйлээ бүрэн бүтнээр нь олж авахыг тус тус бэлгэдэн үздэг ажээ. “Цаашилбал, сарыг бэлгэдэхдээ нохой, туулай, багваахай, чоно, удган эрвээхий, шар шувуу, муур, хавч, эмгэн хумс, далайн гахай, мэлхий, буга, луу, ягуар, арслан, заан гэх зэрэг амьтантай холбож тайлбарладаг байна. Эдгээрээс хамгийн түгээмэл, олонх улс орны аман зохиолоос орчин үеийн уран зохиолын төрөл зүйл, урсгал чиглэлд дүрслэгддэг нь ТУУЛАЙ юм. Сарны туулайг Ази, Африк, Хойд америкийн улс орнуудын аман зохиолоос, Энэтхэгийн “Панчатантра буюу Таван сургамж”-аас тодорхой харж болно. Төвөдийн зарим аман зохиолд арслан, зааныг, Японд үнэг гэх мэт амьтдыг сарны бэлгэдэлтэй холбон үздэг байна. Америкийн уугуулууд, Африкийн зарим улс орон, Дорно дахинд “Нар Сар” гэх зэрэг тэнгэрийн эрхсийг хүний оюун санаа, бие эрхтний хүчирхэг байдал, эрэгтэй хүний хүч чадалтай холбон бэлгэдэх хандлага түгээмэл байдаг ажээ. Тодруулбал, “Нар хүний ухаанд хүч нэмдэг, Сар нь хүний оюун ухааны амар тайван, санаа амарлингуй байдлыг тогтоож өгдөг бөгөөд энэ ч үүднээс дорнын гүн ухаанд оюун ухааны гэгээрэл, элбэг хангалуун байдал, аз жаргалыг гагцхүү сэтгэл ухааны амар амарлингуйн хүчээр олж авна” хэмээн сургадаг. Оюун ухаан, ухамсрыг бүхэлд нь аливааг хүртэх болон мэдрэх чадварыг сараар бэлгэдэн үзсээр ирж. Оюун ухаан гэдэг хавьгүй өргөн ойлголт. Үүнийг ухаан бодол, сэтгэл хөдлөл, аливааг мэдэрч хүртэх, ухамсарлаж ойлгох, эргэцүүлэн бодох чадварын нэгдэл гэх нь зохистой юм. Цаг хугацааны талаас нар нь одоо ба ирээдүйг, сар нь орон зай болон өнгөрснийг (өнгөрсөн амьдралдаа хэн байгаад, юуг авч ирснийг) бэлгэднэ гээд тоочвол хүний амьдрал сарны орчил хөдөлгөөн хэрхэн яаж нөлөөлдөг, ажил бүтэмжтэй байх, мөнгө төгрөг дуудах, бясалгал хийх, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх гэх мэт олон зүйлийг сарны хуанлийн мөчлөгтэй холбон тайлбарласаар иржээ. Мөн “Сэрүүн гэрэлт”, “Цагаан гэрэлт”, “Тунгалаг”, “Туулайт”, “Бөрт сар”, “Гөрөөсөн бэлгэт” гэх зэрэг сарны илт өгүүлэх нэр буюу ёгт нэрсийн учир ч нарийн утга, мэдээллийг тээж ирсэн” (Пүрэв-Очир, 2013) байна.

Монголчуудын хувьд алман сарны бэлгэдэл хүндтэй байртай. Сар нь монголчуудын эртний өвөг дээдсийн нэг зүйл шүтээн, “алтан нар”-ны хамтаар мөнх тэнгэрийн оройн чимэг болдог гэдэг. Алман хэмээх нь дугариг хэлтгий, хавирган сар гэсэн утгатай. Монгол домог зүйн эх бичгүүдээс ажиглан үзвэл монголчууд эрт дээр цагаас нааш тэнгэрийн үй олон эрхэс гарагийн дотроос “Алтан нар”, “Алман сар” хоёрыг бүхнээс илүү эрхэмлэн хүндэтгэж ирсэн байна. “Наран эцэг, саран эх” хэмээдэг нь нарыг арга буюу эр, сарыг билиг буюу эм хэмээн бэлгэдэж ирснийг харуулдаг. Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбо үсгийн дээр бадран ноцож буй гал, мандаж байгаа нар, сарыг дүрсэлсэн нь эрт цагаас монголчууд нар, сарыг гэрэл гэгээ, өөдлөн мандахын бэлгэдэл болгодог байсныг гэрчилнэ. Аялагч Плано Карпинийн тэмдэглэлд монголчууд “сарыг аугаа хаан гэж түүнд мөргөн дууддаг юм, тэд нарыг сарны эх гэдэг. Яагаад тэр буй гэвэл сарны гэрэл нь нарнаас олж авч байгаа аж” хэмээсэн байдаг. Түүнчлэн эртний монголчууд сар хүнд цаг хугацааг зааж, ажил хэргийг нь бүтээдэг хэмээдэг аян дайн, аливаа нэгэн чухал үйлсийг сар шинэдээр юм уу, сарын дундуур эхэлдэг байсан нь эдүгээ ч уламжлан иржээ. Ийнхүү сарыг эрхэмлэх үзэл, сарны тухай домог зүй нь мөн чанартаа сарны зурхай, билгийн улирлын ёсны үүсэлтэй хамаатай юм. Билгийн улирлын жил, сар, өдөр, цагийг тоолох ёс нь нүүдэлчдийн өдөр тутмын аж амьдралын ёс горимтой туйлын нарийн уялдаа холбоотой байдаг. Суурин буюу газар тариалан эрхлэн аж төрдөг хүмүүсийн хувьд өдрийн ажил дуусмагц амарч унтах бололцоотой байдаг бол малчид, нүүдэлчдийн өдрийн ажил нь харьцангуй тайван байж, харин шөнийн цагаар байгалийн элдэв үзэгдэл, араатан амьтан болон “сүүнд хуруугаа дүрж, сүрэгт уургаа гозойлгодог” хортон дайсан, хулгай дээрмийн аюулаас амин зуулга болсон мал сүргээ хамгаалах чухал үүрэг оногддог байна. Энэ аюул гамшгаас аварч болох эрхэм чухал найдвар нь гагцхүү сар, түүний гэгээн гэрэл байдаг. Сарны гэрэлд зүг чигээ олж, цаг хугацааг баримжаалан, байгалийн аюул, дайсны гэнэтийн халдлагаас өөрсдийгөө аварч болно гэж сэтгэдэг байсан аж. Энэ гэрэл гэгээний тухай манай яруу найрагч Д.Нацагдорж, Б.Ринчен, Б.Явуухулан, П.Бадарч, Ц.Бавуудорж, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, А.Эрдэнэ-Очир, Г.Аюурзана гээд олон хүн өөр өөрсдийнхөөр дуулан шүлэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Сар” хэмээх нэгэн сэдвийн дор төрөл бүрийн сэдэл санаатай, өвөрмөц дүрслэлтэй, давтагдашгүй сонин зохиомжтой, шууд ба далд санаа бүхий, олон янз хувилбартай хэдэн зуугаар тоологдох шүлэг найргийг бүтээсэн байдаг. Энэ тухай өгүүлбэл нуршсан урт зүйл болох тул энэ удаад азная. Басхүү энэ талаар судалсан судлаачид ч бий. Тухайлбал, бидний олж үзсэнээр судлаач Б.Пүрэв-Очир, Л.Цэрэнчимэд нар “Сарны сэдэвт яруу найраг дахь орон зай, цаг хугацааны дүрслэлийн тухайд”, Л.Мөнхтөр “Сарны шүлэгч буюу Цогдоржийн Бавуудорж” зэрэг өгүүлэл хэвлүүлсэн нь бий.

Түүний ертөнцөд ер бусын том сар тусаж байдаг” Д.Батбаяр

Эмэгтэй хүний ямар нэгэн мань мэтийн мэдэрдэггүй тийм “том сар, тийм өөр сэвшээ , тийм нэг сандал, бүүр тийм нэг ширээний гэрэл ч Өлзийтөгсийг тодорхойлж байдаг” П.Батхуяг

Ертөнцийн хязгаар дахь

Модон гүүрэн дээр

Ер бусын том

Саран тусдаг…

Бүлээн усанд нь

Харц урсгаж

Дөрвөн цаг

Таван улирлын

Дөрөөн чимээг

Анирдан суудаг

Л.Өлзийтөгсийн ертөнцөд “Ер бусын том сар” тусаж байдаг. Тэндхийн “Модод нь тэнгэрт ургадаг”. Тэнд үхэл байдаггүй. “Үхмээр санагдсан ч үхэж чаддаггүй…”. Тэнд “Он жил цас болон бударч, бороо болон шивэрч байдаг”. Дутуу юм үгүй, илүү юм үгүй энэ ертөнцөд “Дөрвөн цаг, тав дахь улирлын дөрөөн чимээ” сонсогддог (Д.Батбаяр, 2000). Тиймээс түүний шүлэгт “Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэж”, “Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурна”, тиймээс “Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй” тийм сайхан сэтгэлийн хийсвэрлэл түүний шүлэгт бий. Түүний яруу найрагт буй сарны тухай дүрслэлүүдээс жишээлбэл,

Ээмэг биш сарны гэрэл л зүүдэг би

Эм хүн болж төрсөн минь ердөө заль” гэх буюу

Сар мандахад л би гунигаа мартдаг

Санаа алддаг, шvлэг бичдэг” гэх буюу

“Шар байшинд” шүлэгт:

“…Шар байшинд сарны туяатай

Саруул шөнүүдийн янаглал…”

“Хайр сэтгэлийн нутаг” шүлэгт:

Сар. Давалгаа. Цахлай

Сайхан нүдний алтрах сормуус…”

“Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг” шүлэгт:

Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд

Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув” гэхчлэн бичсэн буй. Түүнд бүр “Саранд хүрдэг шат” хүртэл бий. Тэр нь:

Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг

Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг

Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг

Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг

Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа

Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг

Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд …

Өө, би яаж зураглах вэ?

Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй

Найз минь, тийм үед л би үхмээр болдог доо

Энэ мэтээр тэр бээр сартай ханилан сууж гунигаа бидэнтэй хуваалцан суунам.

Бид үсэглэдэж буй үгсийг л уншдаг юм. Үсэглэгдэхгүй байгаа, харагдахгүй байгаа, зөвхөн мэдрэгдэж буй тэр бүдэг чичирхийлэл л яруу найраг шүү дээ” (“Хараацай зогсолт)

Харин эцэст нь “Сарны толь бичиг” хэмээх шинэ номынх нь тухай цөөн хэдэн зүйлс өгүүлье. Гуниг, ганцаардал энэ ертөнцийнх биш гэмээр эмзэг, амь халуун мэдрэмж нь шинэ номд нь төдийлөн багтсангүй. Нэлээн өндөр хүлээлт тавьчихсан, өнөөхөө тэмтчээд л, хайгаад л явлаа. Даанч олсонгүй. Өнөөх залуу цагийнх шиг нь гуниг, ганцаардал, орь дуун түүнээс холдон одсон мэт санагдсаныг нуугаад яах вэ. Харин түүний оронд бясалгал, залбирал, тийм амар амгалангаар ч дарж үл дийлэх дотоод тэмцэл, бага зэргийн гуниглуун аясыг мэдэрч болно. Бас уран бүтээлч хүний дотоод ертөнцийн бүхий л тэмцэл, гэгээрэл, туулдаг сэтгэлийн замынх нь нарийн учир зангилаа, яруу найрагчийн замнал-зам мөр, сэтгэлийн эдгэрэл, бага зэргийн сэтгэлийн өвдөлтүүдийг мэдэрч болно. Гэхдээ л өмнөх хүчирхэг мэдрэмжүүдийн цогц нь мэдрэгдсэнгүй ээ. Магадгүй бид түүний шинэ түүвэр бүрийг унших бүрдээ нэг тийм их догдол, их хүлээлтэй угтдаг биз. Түүнээс магад бид хэтэрхий ихийг хүсдэг ч байж магад. Хэтэрхий их шаналлыг ч юм уу.

Амь халуун, нөгөө өвөрмөц мэдрэмжүүдээсээ хөндийрчихсөн мэт л санагдсаныг нуугаад яах вэ. Хамаг бие… зүрх цочисхийх мэдрэмжийг л хүснэ Л.Ө-гөөс.

Ном зүй

Алтанхуяг, 2022. Л.Өлзийтөгс — “салхины нэр Ө” номын тухай. https://unread.today/c/book-ulziitugs-salkhinii-ner-u

Баттөр Ш. 2004. Монголын модернист уран зохиол. Уб.,

Билигсайхан Ч. 2003. Ухаарахуй. Шинэ үеийн уран зохиолын онол. Уб., 158 х.

Билигсайхан, 2009. Дундаж шүлэггүй ном бүтээж болдог байна. “Чойжилжавын Билигсайхан: Утга зохиолын шүүмжлэл”. Бүтээл туурвилын эмхэтгэл. МУИС-Монгол судлалын хүрээлэн. Уб., 280 х.

Билигсайхан, 2022. Өлзийтөгсийг уншаад өнөөгийн яруу найргийг бодохул… “Чойжилжавын Билигсайхан: Утга зохиолын шүүмжлэл”. Бүтээл туурвилын эмхэтгэл. МУИС-Монгол судлалын хүрээлэн. Уб., 280 х.

Бямбаням У. 2015. Залбирал, бясалгалын тусгал. https://medium.com/gereg-magazine

Бямбаням У. 2018. Цаг хугацаа хэлнэ. Уб., 301 х.

Галбаатар Д. 1999. 1990-ээд оны яруу найраг дахь хөдөлгөөн. “Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн сургамж”. Улаанбаатар.

Дандины “Зохист аялгууны толь”-ийн гол нэр утгын тайлбар. 2017. ШУА. Уб., 780 х.

Л.Өлзийтөгс: “Дурсамж бол стриптиз биш”. Ярилцсан Б.Ганчимэг. http://www.baabar.mn/article/3808

Л.Өлзийтөгсийн шүлгүүд. https://m-enerel.blogspot.com/2010/06/blog-post_3752.html

МОҮУЗТ-IV. 2014. Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV. ШУА. Уб., 390 х.

Өлзийтөгс Л. 1995. Тэргүүн бүлэг. Уб.,

Өлзийтөгс Л. 2015. Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном. Уб., 162 х.

Өлзийтөгс Л. 2022. Салхины нэр Ө. Уб., 184 х.

Өлзийтөгс Л. 2022. Төсөөллийн өрөөнд. Уб., 104 х.

Өлзийтөгс Л.2025. Сарны толь бичиг. Уб., 102 х.

Пүрэв-Очир, 2013. Сарны сэдэвт яруу найраг дахь орон зай, цаг хугацааны дүрслэлийн тухайд. Уб., Монгол судлалын чуулган. ЭШБ. 23–37 дугаар тал.

Сумъяа, 2009. Монголын орчин үеийн яруу найраг. Уб., 217 х.

Төмөр-Очир Д. 2022. Эморуулдаг зохиолч. https://www.facebook.com/photo/?fbid=2818558721609895&set=gm.1111678292872048&idorvanity=589997995040083

Түвшинтүлхүүр. 2020. Чөлөөт шувуу Л.Өлзийтөгс. Уб., https://medium.com/@tulhuur1921

УЗШ. 2021. Утга зохиол шинжлэл. Сурах бичиг. МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиолын тэнхим. Ерөнхий ред. С.Энхбаяр. “Жиком” пресс ХХК. Уб.,768 х.

“Ил товчоо” сонин. 1992.04.1–10. №10 (43)

--

--

No responses yet