“БИДЭНД ЕР НЬ ТОЛГОЙ БАЙНА УУ” ХИЙГЭЭД БАС БУС ЗҮЙЛСИЙН ТУХАЙ
-2022 оны кино уран бүтээлийн тойм шүүмж-
Шведийн алдарт кино найруулагч Ингмар Бергманы хэлсэнчлэн “Ямар ч урлаг кино шиг хүмүүсийн далд ухамсар руу өнгийж чадаагүй. Кино хүний сэтгэлийн гүн дэх харанхуй өрөө рүү шууд гүйгээд орчих чадалтай” аж. Кино нь зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчид зэрэг олон арван хүний авьяас билгийн хүчээр бий болж, үзэгчдэд амьдралын гоо сайхны таашаал таалал, амьдрах итгэл умар зориг өгч, сургамж, ухаарал хайрлахын хамт сэтгэлийг ариусган, бүр уран дүрийн хувь заяанаас уйтгар гуниг, өөрийгөө байцаан хянах, айн эмээх, ичиж зовох, зарим үед өш хонзон, уур хилэн бадрах зэрэг хүний сэтгэлийн түмэн хувирлыг хөндөн сэдрээх увдистай урлагийн төрөл билээ.
Тэр ч утгаараа монголын нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулдаг салбар бол кино урлаг. “Монгол кино хөгжихгүй байна”, “Монгол кино уналтад орсон” гэх дэгс яриа, шүүмжлэл хөвөрсөөр л байдаг. Харин бидний ажигласнаар монголын кино урлаг урагшаа тэмүүлж, шинэлэг эрэл хайгуул, туршилтуудаар баяжиж байна. Уран бүтээлчид кино урлагаа дэлхийн жишиг, хэв маягт нийцүүлэхийн тулд шинэ эрэл хайгуул, туршилтыг хийсээр байна.
Мэдээж алдаа оноо байлгүй л яах вэ. Зарим уран бүтээлчдийн зөвхөн ашиг олох зорилгоор хийсэн шийдлүүд нь кино урлагийн үнэ цэнийг бууруулж, монгол киноны нэр хүндийг унагааж байгаа нь судлаач шүүмжлэгч байтугай үзэгчдийн нүднээ ил харагддаг. Сайн муу хослон байдаг болохоор чанар муутай кино хийгдсээр л байх биз, мэдээж зах зээлийн зарчмаар сайн нь тунан үлдэж, үзэгчдэд үнэлэгдэж, амжилт олох биз ээ.
Бид энэхүү бичвэрээр монголын кино урлагт гарч буй шинэлэг туршилт, эрэл хайгуул болон алдаа дутагдал нь юунд оршиж буйг 2022 онд нээлтээ хийсэн кинонуудын жишээгээр авч үзэхийг хичээлээ. Тус онд 43 уран сайхны кино нээлтээ хийснээс 281172 үзэгчийг татаж чадсанаар “Зура-2” кино зах зээлийг тэргүүлсэн бол “Ноён эмэгтэй” 200418 үзэгчээр удаалж, “Мардай” 95826 -р гутгаар байрт орсон байна. Харин Оскарын наадамд “Шилдэг гадаад кино” (Best International Feature) төрөлд Монгол улсыг төлөөлж оролцож, “Фрибургийн олон улсын кино наадам”-аас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн “Эргэж ирэхгүй намар”-ыг 41038[1] хүн үзэж, тус кино наймдугаар байрт оржээ. (Жич: ур хийц, чанар нь илт муу бүтээлийн талаар энэ бичвэрт аль болох өгүүлэхийг хүссэнгүй.Учир нь дуугүй байх нь өөрөө хамгийн том шүүмж болдог билээ)
Монгол кино хөгжиж байна уу? гэсэн асуултад тийм гэж хэлнэ. Учир нь:
I. Шүүмжлэлт сэтгэлгээний сэргэлт
“Шүүмжлэлт сэтгэлгээ бол эрүүл ухаанд хүрэх товч зам юм”
Бичвэрийнхээ эхэнд монголын кино урлагт бий болж буй нэгэн онцлууштай зүйлийн талаар өгүүлэхийг хүслээ. Энэ нь кино урлагийн шүүмжлэлт сэтгэлгээний сэргэлт юм. Сүүлийн жилүүдэд монгол киноны сайн, саар бүхнийг шударгаар хэлж уран бүтээлчдэдээ урам, ташуур хоёрыг зэрэг хайрлах кино шүүмж (Film critic or review) чамлахааргүй хэмжээнд хөгжиж байна. Кино шүүмж, тойм, сэтгэгдэл зэрэг нь кино нээлтээ хийсэн даруйд шахуу нийтлэгддэг сайн жишиг манайд бий болжээ. Эдгээрийг мэргэжлийн шүүмж (Film сritic), сэтгэгдэл (Review) гэж ангилж болмоор. Мэргэжлийн түвшинд бичиж буй кино тоймч, судлаачдыг онцолбол, Ж.Тэгшзаяа, Я.Баяраа, Х.Чойдогжамц, У.Бямбаням, Б.Амарсанаа, Б.Алтанхуяг нарыг нэрлэж болно. Тодруулбал, орчуулагч Ж.Тэгшзаяа “Гэрэг” сэтгүүлд кино тойм, шүүмжийн тогтмол булан хөтөлж, “Монгол кино ба дэлхийн зах зээл” (2015), “Гайхамшигт аялал” (2016) зэрэг тойм шүүмж бичсэн бол утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа “Монгол кино: Зохиол, зохиол, зохиол” (2018) тойм шүүмж, утга зохиол судлаач Х.Чойдогжамц “Бүтээлийн амин сүнс “Битүү дүр”-дээ нуугддаг” (2016) шүүмж, “Эргүүлэгтээ эргэлдсээр, эрэгтээ тэмүүлсээр буй монгол кино” (2018) тойм шүүмж бичсэн нь мэргэжлийн түвшинд бичсэн бичвэр гэж хэлж болохоор байна. Түүнчлэн кино судлаач, шүүмжлэгч, докторант Б.Амарсанаа англи хэлээр кино шүүмжүүдээ тогтмол нийтэлж буй нь сайшаалтай хэрэг юм.
Мөн цахим хөгжлийн үр дүнд олон нийтийн сүлжээнд үзсэн киноныхоо талаар кино сонирхогч, хорхойтнууд сэтгэгдлээ илэрхийлж, шүүмжлэл өрнүүлэх болсон сайн жишиг ажиглагдаж байна. Тодруулбал, О.Цотан “Phoenix Tsotan’s diary”, Б.Амарсанаа “Бэсрэг кино”, Н.Өнөржаргал “Book & Movieholics”, А.Мөнгөн “Mungun”, “ND Diary’s, “Theodore’s”, “Arigun’s” зэрэг цахим хуудсаар кино сонирхогчид үзсэн киноныхоо сэтгэгдлээ соёлтойгоор илэрхийлж, кино уран бүтээлийг хэлбэр хийц, дүр, зураг авалт, зохиолын чанарын хувьд үнэлж, алдаа оноог нь хэлэх болжээ. Энэ хэрээрээ бид кино шүүмжлэлд ахиц гарж байна гэж үзэж байна. Үзэгчид ч эдгээр цахим хуудасны “review”-г уншаад шинээр гарсан киног үзэх эсэхээ шийдэж, эсвэл үзсэнийхээ дараа олж хараагүй өөр өнцөг, ойлгоогүй зарим нэг зүйлээ олж авах, цаашдаа кино үзэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах сайн талууд бүрдэж байна. Энэ нь цаашдаа монголын кино урлагийг илүү сайн тал руу хөтөлнө гэж харж байна.
Харин зарим нэг нь “review”-дээ киногоо “spoil”-дох асуудал цөөнгүй гарч байна. Киноны гол үйл явдал, зангилаа, хүн үзээд сонирхолтой байх ёстой хэсгийг түрүүлээд задалчихдаг асуудал зарим нэг шүүмжлэгчдэд мэр сэр байна. Үүн дээр анхаараад, гол зүйлийг нь л задлахгүй “review”-ээ бичвэл тун сайн сан.
II. Зохиол дутмагшлын хам шинж
“Кино хийхэд гурван зүйл хэрэгтэй нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол” (Холливудын ярианаас)
Зохиол бол киноны гол судас. Зохиол хэрхэн бичигдсэнээс киноны хувь заяа шийдэгддэг. Кино зохиол нь өөрөө уран зохиолын бие даасан нэг хэлбэр. “Кино-зохиол бол уран зохиол. Уран зохиол амьдралаас ургадаг ч амьдралыг хуулбарладаггүй. Харин гүн эргэцүүлэлт дүр, дүрслэлээр сэтгэн бүтээж, уран сайхны аргуудаар зохиомжлон өгүүлэхдээ амьдралыг мөн чанараас нь дэлгэн харуулах шаардлагатай болдог бөгөөд үүнд зохиолчийн үзэл санаа туйлын чухал юм. Тиймдээ ч уран зохиолын дүр амьдралд ойр, эс бөгөөс “амьдралтай” байх албагүйгээр барахгүй харин ч амьдралаас хавь илүү бодит дүр болж “биеждэг” гэж болно” (Энхболдбаатар: 2019). Гэтэл кино урлагийн амин сүнс болсон зохиол хэмээх зүйлээ бид гээчхээд урагш мацсаар л. Энэ талаар судлаач, шүүмжлэгч, кино уран бүтээлч, сонирхогч гээд бүгд л ам уралдан хэлдэг, ярьдаг, бичдэг. Тодруулбал, судлаач Я.Баяраа “Монголын кино урлагт мэргэжлийн зохиолч дутагдаж байна. Монголд ихэнх кино зохиолууд найруулагчийн санаагаар бичигдэж, мэргэжлийн ямар нэг хяналтгүйгээр дэлгэцийн бүтээл болж буй нь олон янзын алдаа гарч, эрсдэл хүлээхэд хүргэж байна” (2018) хэмээсэн бол судлаач Д.Цэвээндорж “Өнөө цагийн тайз, дэлгэцийн урлагт сонгодог сэдэв бүхий (мэргэшсэн зохиолчийн) мэргэжлийн зохиол эрхгүй дутагдаж байна. Муу зохиолыг хальсанд буулгана гэдэг хошин урлагийнхан, залуу уран бүтээлч, сонирхогчдоос кино дэлгэцэд ичгүүргүйгээр амтшиж буйн хар гай” (2020) гэхчлэн бичсээр л байхад яг л энэ алдаагаа уран бүтээлчид давтсаар л байгаа нь эмгэнэл.
Яг л ийм алдаа гаргасан бүтээл бол Б.Тамир найруулагчийн санаагаар бүтээгдсэн (бичигдсэн бус) Фантастик продакшны “ZURA II: Цурам ажиллагаа” (2022) бүтээл юм.
Тус продакшны уран бүтээлүүд дизайн, зураг авалт, “action” үзэгдлүүд талаасаа жил ирэх тусам шат ахиж бусад уран бүтээлчдэдээ үлгэрлэж буйг нь магтууштай. Гэвч бүтээлүүдийнх нь зохиол, утга агуулга, ерөнхий өнгө төрх (theme) нь өсөж хөгжихгүй, өөрчлөгдөж, хувирахгүй нэгэн хэвийн байсаар.
“ZURA II: Цурам ажиллагаа” нь Монгол Улсад төрийн нөлөөллөө тэлэхээр оролдож буй Хятадын тагнуулынхантай тэмцэж буй тагнуулчдын талаар өгүүлэх “action” кино юм. Тус киноноос онцлууштай зүйл гэвэл зураг авалт болон нүүр хувиргалт, хувцас хэрэглэл, дүр, орчин бүрдүүлэлт гээд “production design” ажлууд байв. Тодруулбал, зураг авалтдаа шинэлэг олон шийдлүүдийг туршиж үзсэн нь ажиглагдсан. Голын эрэг дагуух элсэн дээр хажуугаас өргөн өнцгөөр авсан зураглал, эмнэлэг доторх хөөцөлдөөний хэсэг, мөн зарим action сценүүдийн хөдөлгөөнт зураг авалт нь гаднын сайн уран бүтээлүүдээс дутахааргүй байсан. Гардан тулааны хэсгүүд нь ч бидний үзэж дадсан Холливудын кино шиг санагдсан. Гэвч зохиолын агуулга нүсэр том байсны дээр тэр бүхнээ дэлгэцэд багтаах гэж салан задгай, орон гаран үйл явдлын хэмнэл (pacing), энд тэндээс өм цөм сугалан авсан планууд, хоорондоо утга агуулгын хувьд сүлэлдэхгүй сценүүд гэнэт үсэрч гарч ирэх нь эл уран бүтээлийн чанарыг илтэд бууруулав. Энэ нь өнөөх л кино зохиолгүй (найруулагчийн санаагаар бүтсэн) байсны хар гай биз ээ. Уг киног яагаад “зохиолгүй” гээд буйг маш олон сэдэв рүү үсчсэн байдлаас нь харж болно. Тухайлбал, хууль тогтоох байгууллага, хар хайрцгийн бодлого, гадаад худалдаа, тагнуул, үндэсний аюулгүй байдал гэх мэт тал бүрийн сэдвийг оруулах гэж хүчээ тарамдсанаас нь уг киноны ерөнхий агуулгыг харж болно. Энэ талаар ч шүүмжлэгчид хэлсэн байна. Тухайлбал, н.Баясаа “Сүржин санаанууд цухуйсан ч мэргэн шийдлүүд үнэртсэнгүй” “review”-дээ: “Киноны үйл явдлаас сүржин санаанууд цухуйсан боловч мэргэн шийдлүүд харин үнэртсэнгүй. Нэрэндээ хүртэл “Цурам ажиллагаа” хэмээн онцолсон хэдий ч үүн дээрээ ач холбогдол олигтой өгсөнгүй юу аль эсвэл хэдэн болхи оролдлогуудаа “ажиллагаа” гэж нэрийдсэн үү ямартай ч сэтгэлд бол хүрсэнгүй ээ. Мастер төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуух ажиллагаа, давагдашгүй эсрэг тал, уналт босолт гэх мэт хоёр тал хоорондын шатрын нүүдэл бүхий ерөнхий бүтцийг ийм төрөл жанрын гаднын уран бүтээлүүдээс хэдийн үзэж дассан хүмүүст “ZURA II: Цурам ажиллагаа” киноны зохиол үйл явдал хангалтгүй санагдах нь гарцаагүй биз ээ” (Bayasaa’s Review, 2022) хэмээсэн бол А.Мөнгөн “Буу байхад ухаанаар яадгийн” “review”-дээ : “Америк, Солонгосын тагнуултай шилдэг action кинонуудыг үзэж дадсан Монголын орчин үеийн үзэгчдийн хувьд “Зура 2” нь 2022 оны биш 1982 оны кино мэт санагдах болов уу. Манай уран бүтээлчид бууг тоглоом гэж хардаг, улс төрийн маневр мэхийг хэдэн “баагий” буудалцаан зодооноор дийлчихдэг, хүмүүс “Эх орны төлөө” эсвэл “Мөнгөний төлөө” гэсэн хар цагаан хоёрхон талд хуваагддаг гэж боддог яг л хэвээрээ. Товчхондоо “Зура 2: Цурам ажиллагаа”-ний тагнуулуудын дайны өгүүлэмж, дүр үйл явдал нь туйлын гэнэн, машид сунжруу, хэт хуучинсаг бас давчидмаар ядмаг ажээ. Цаашлаад, гадаад дотоод тагнуулын он удаан жилийн нарийн ньюанстай, зөөлөн хатуу хүчний арга эвийг тэнцүүлсэн, олон хүн амьдрал, нулимс, цус, золиосоо гарган хийдэг ажлыг “Зура 2: Цурам ажиллагаа” газарт булшилжээ” (2022) гэсэн бол О.Цотан “Зура 2” ба тэдний ялзрал” “review”-дээ “Монголын кино урлагийн шатыг нэг, хоёроор ахиуллаа гэж улс төрийн мэдлэггүй, кино урлагийн мэдрэмжгүй нийт массаар өөрсдийнхөө эгог хөдөлгөн баясан суугаа бол уучлаарай Цурам ажиллагаа бол Фантастикийн хамгийн муу кино байлаа гэе. Муу гэдэгт зохиол муу, найруулга муу, жүжигчдийн сонголт муу, агуулга муу, хамгийн муу нь дүрүүдээ хайрлалгүй хаясан нь байлаа” (2022) гэжээ.
III. Чанартай сайн зохиолтой ч …
Нэг хэсэг манай киночид гаднын зохиолчдын зохиолоор сэдэвлэн уран бүтээл хийх хандлагатай байсан бол сүүлийн жилүүдэд үндэснийхээ уран зохиолын шилдэг өвөөс шүүрдэн авч дэлгэцийн бүтээл туурвих хандлага идэвхжиж буй сайн жишиг ажиглагдаж байна. Тодруулбал, зохиолч Г.Аюурзанын зохиолоос сэдэвлэн “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн” зэрэг кино уран бүтээлийг С.Бямба бүтээж ихээхэн амжилт гаргасан. 2022 онд ч энэ хандлага үргэлжилж Б.Амарсайхан зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн “Эргэж ирэхгүй намар” киног бүтээсэн нь томоохон амжилтыг олсон билээ. Мөн тус жил зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаар Н.Алтантуяа, С.Пүрэвийн “Уулын намар” туужаар Ц.Цэрэнболд нар ижил нэрт кино уран бүтээлийг хийсэн байна.
“Байгаа зүйлийг байгаа чигээр нь дахиад хийх юм бол тэрийг кино болгох хэрэг юу юм” С.Бямба
Монголын уран зохиолын 1980-аад оныхны томоохон төлөөлөл Д.Норов нь монгол туужийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ. Ялангуяа “Хөх тавилан” тууж нь зохиогчоо төрийн шагналд дэвшүүлсэн шилдэг бүтээлүүдийнх нь нэг юм. Тус туужаар найруулагч Н.Алтантуяа ижил нэрт кино уран бүтээлийг 2022 онд бүтээжээ. Туужид зохиолч болзолт дүр, далд өгүүлэгч, адал явдлын элементүүд, шашин шүтлэг, тагнуул туршуул, домог түүх зэрэг олон өгүүлэмжийг сүлжилдүүлэн гол баатрынхаа ээдрээт амьдралын түүхийг өгүүлж, санаанд оромгүй шийдэлд хүрч төгсгөсөн байдаг.
Киног үзэхийн өмнө найруулагч эдгээр болзолт дүр, далд өгүүлэмжийн сүлжилдээнийг хэрхэн буулгасан бол дэлгэцийн хэлээр эдгээрийг буулгаж чадсан болов уу гэсэн хүлээлт, догдлол их байлаа.
Туужийн гол дүр “хөөрхөн эмгэн” хэмээх Бадамцэцэгийн үзэж туулсан амьдралын үнэн учрыг олохоор чармайсан нэгэн бичгийн хүн энэ туужийн далд өгүүлэгч нь болдог. Тэр бээр гол баатрын хачирхалтай нууцлаг амьдралын зах зухаас хүмүүсээс сонсон өөрийн биеэр мэдэрч, улмаар учрыг нь олох чин хүсэлдээ хөтлөгдөн цөхрөлгүй эрэл сурал болсны эцэст хэдийн үхэж үрэгдээд буйр бууц шарил нь үлдсэн гэх Бадамцэцэгийг олж, домог түүх мэт этгээд сонин амьдралынх нь нууцыг нээж байдаг. Адал явдлын тууж гэж хэлж болмоор энэ бүтээл нэн шинэ үеийн монголын тууж бичлэгт нэгэн шинэ үзэгдэл болсон билээ. “Хөөрхөн эмгэн Бадамцэцэгийн сэтгэлийн ертөнцийг төдийгүй түүний бэргэн гулигар улаан хүүхэн, тайжийн хүү, түүний эхнэр, Зээрэн ноёны хадам эмгэн, олдмол хүү Оргодол, хадны лам, шарга морьт хий биет нарын зэрэг хэд хэдэн дүрийн сэтгэл зүйн ертөнцийг сонирхолтойгоор нээж, үйл явдлын нарийн сүлжилдээн дунд тавьж үзүүлсэн нь сэтгэлийн нууцлаг бүхнийг ил гаргаж зохих түвшинд нь хүртэл чадварлаг боловсруулсан. Улмаар ингэж боловсруулсан нь зохиолчийн ур чадварын асуудал, цаашлаад туужийн төрөл зүйлд дүр, дүрийн дотоод сэтгэлийг нээн үзүүлэх талд онцлогтой болж чадсан” (Хишигсүх, 2015) зэргээр судлаачид үнэлсэн байдаг.
Харин Н.Алтантуяагийн найруулсан кино хүний дотоод сэтгэлийг нээн үзүүлэх нь битгий хэл юуг илэрхийлж, харуулах гэсэн нь тодорхойгүй, эмх замбараагүй үйл явдалтай болжээ. Учир нь зохиолч Д.Норов уран бүтээлдээ утга далдлах аргыг нэлээд ашигласан байдаг. Энэ нь түүний туужуудад илрэхдээ уг хэргийг болж өнгөрсний дараа утга нь тайлагдаж, нэхэн бодуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү аргыг дүрээ ялгаруулан гүнзгийрүүлэх, мөн чанарыг нь нээн гаргахдаа ашигладаг гэж хэлж болно. Эл аргыг найруулагч ойлгоогүй бас эх зохиолыг кино форматын хэлбэрт оруулаагүйн гор гарч киноны үйл явдал эвлэрч цуглах утга санаагүй, зүглэн чиглэх фокусгүй байсны дээр нууцлаг хэсгүүд нь хошин, өрөвдмөөр хэсгүүд нь алиа, уянгалуулан сэтгэл хөдөлгөх хэсгүүд нь ярвайж нүүр буруулам болсон нь элбэг байв. Энэ нь эх зохиол, кино хоёр хоорондоо ямар ч зөрүү чанаргүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, найруулагч Н.Алтантуяа зохиолч Д.Норовын “Хөх тавилан”-гийн “А” хуулбарыг л дэлгэцэд буулгаж, “Б” хувилбарыг бүтээсэнгүй. “Кино нь үзэгчдийг дэлгэцийн өмнө дор хаяж нэг цаг бүр гурван цаг барих ёстой болдог. Уран зохиолыг бол та хэдэн ч өдөр уншиж болно. Нугалж орхиж байгаад дахиад уншиж ч болно. Ном таны боол байдаг бол кино таныг эзэмдэх ёстой” (Дэвид Тротиер. 2019). Юу хэлэх гээд байна вэ гэвэл Н.Алтантуяа нь дэлгэцийн бүтээлийг номын хэлээр өгүүлж, харин дэлгэцийн хэлийг бүтээж чадсангүй. Эх зохиолыг л ягштал баримтлахыг оролдож өөрийн гэсэн найруулагчийн шийдэл, бүтээлч санааг огт гаргасангүй. Уг чанартаа хүүрнэл зохиол, кино зохиол хоёр тусдаа зүйл гэдгийг тус киноны найруулагч ойлгоогүй бололтой. Уг нь энэ талаар аль эрт америкийн кино найруулагч Дэвид Тротиер “Кино зохиолчдын библи” номдоо “Роман, тууж бол зохиолын баатруудын үзэл бодол, сэтгэл санааны дотоод мэдрэмж зөрчил дээр тулгуурлан бичдэг. Энэ бол роман, туужийн гол мөн чанар бас хэлбэр юм. Хүүхэд асрагч эмэгтэй амиа хорлох талаар бодно. Дээрэмчин ч үүнийг хүсэж байгаа. Гэхдээ тэр үүнийг хийж чадах нь эргэлзээтэй. Харин дэлгэцийн бүтээл бол үзэгдэх байдал, сэтгэл хөдлөлийн илэрхийллийг чухалчилдаг. Дэлгэцийн бүтээл нь тайзны бүтээл болон роман, туужуудаас олон талаараа ялгаатай байдаг. Магадгүй роман, туужийн хуудас бүрд гол дүрийн баатрын бодол санаа, дотоод сэтгэлийг илэрхийлэн бичсэн байдаг. Энэ бол дотоод сэтгэлийн зөрчлийг харуулах гайхалтай арга юм. Тайзны бүтээл бол ихэвчлэн харилцан ярианаас бүтдэг. Савангийн дуурь, аж байдлын хошин жүжиг зэрэг нь энэ бүлэгт хамаарах юм. Киног хүмүүс үзэж ойлгодог. Тийм ээ, кинонд харилцан яриа багтсан байдаг. Тэр ч бүү хэл дотоод сэтгэлийн харилцааг ч харуулдаг. Гэхдээ кино бол үйл явдлыг нүдэнд харагдахуйц гаргахыг шаарддаг зүйл”. Кино бол дүрслэх урлаг гэхдээ дуу чимээтэй, яриатай, хөгжимтэй драмтай, хамгийн гол нь үзүүштэй сонирхолтой байх ёстой. Ийм болохоор кино зохиолд тогтсон бүтэц байдаг. Энэ бол эхлэл, өрнөл, төгсгөл юм. Бүх кино ийм бүтэцтэй байдаг (2019) гэхчлэн бичсэн байдаг сан. Кино зохиолын эл бүтцийг найруулагч Н.Алтантуяа Д.Норовын эх зохиолынх нь үндсэн бүтцээр хийчихсэнд л энэхүү уран бүтээлийн гол алдаа оршиж байна. Энэ талаар ч шүүмжлэгчид бичсэн байна. Тодруулбал, А.Мөнгөн “Хөх тавилан”: Гүн санаа алдалт” “review”-дээ: “Кино гурван цаг үед өрнөх нь эх туужтай нь холбоотой бололтой ажээ. Хэдий номынхоо энэхүү онцлогийг дэлгэцнээ хөрвүүлэхээр оролдсон хичээл зүтгэл нь үнэлүүштэй боловч энэ нь таван цагийн кино үзэж буй мэт хэмнэл муутай бөгөөд өөр хоорондоо авцалдаа багатай үйл явдал, урсаж хөвөрч “сүлэлддэггүй” түг таг хийсэн хачин уур амьсгал (mood/atmosphere), эрс тэс жанрын эвцэлдүүлэхээр хүчилсэн мэт ойлгож мэдрэхэд төвөгтэй үзвэр (viewing experience)-ийг бий болгосон байлаа” (2022) хэмээсэн бол н. Баясгалан “Хэв маягаа бүрэн тодорхойлоогүйн гор буюу “Хөх тавилан” “review”-дээ: “Хөх тавилан” уран бүтээл нь аймшиг инээдэм хосолсон адал явдалт кино шиг эхэлснээ уянгын болон хувирч, уянгын өрнөл дундуураа үе үе cringe (өмнөөс нь ичмээр) инээдмийн сценүүдийг чихэж, нууцлаг шинж чанарыг үзэгчдэд гаргаж өгснөө түүнийхээ зангилааг дэлгэлгүй дуусах хэв маягаа бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй бүтээл болжээ” (2022) гэхчлэн шүүмжилсэн байна.
Амьдрал бол ариун нандин ч биш, бузар муухай ч биш, сайн муугийн хольц. Та аль руу нь хэлбийлгэн хувиргахаас л бүх зүйл шалтгаална. (С.Пүрэв “Уулын намар” туужаас)
ХХ зууны монголын хүүрнэл зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг нь С.Пүрэв билээ. Тэр бээр “Усны гудамж”, “Эргүүлэг” тэргүүт 12 роман, “Гурван говийн зэрэглээ”, “Ирэх шувууд буцна” зэрэг 100 орчим тууж, “Азын цэнхэр уул”, “Элсний нүүдэл” тэргүүт 500 гаруй өгүүллэг бичиж, өөрийн гэсэн туурвил зүйн арга барил, өвийг бидэнд үлдээжээ. Түүний зохиол бүтээл нь ахуй, орчны дүрслэл сайтай, дүрийн сэтгэл хөдлөл, харилцан яриа нь тод томруун дүрслэгдсэн байдаг онцлогтой. Эл онцлог чанараас нь үүдэн түүний зохиолууд кино уран бүтээл болохуйц шинжтэй (кино форматтай илүү ойр) байдаг. Тийм ч учраас “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль”, “Загийн алим” зэрэг зохиол нь дэлгэцийн уран бүтээл болон амилж, үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн биз ээ. Энэ онцлог шинжийг найруулагч Ц.Цэрэнболд ажиглан “Уулын намар” туужаар нь ижил нэрт кино уран бүтээлийг 2022 онд бүтээжээ.
Туужид төмөр замын бяцхан суурины гурван гэр бүлийн амьдралаар эмэгтэй хүний дотоод сэтгэхүй, сэтгэлийг нээсэн байдаг. Дээр дурдсанчлан тус зохиолд орчин тойрныг тод томруунаар дүрсэлж өгснөөс гадна, зохиолын дүрүүдийн сэтгэл хөдлөл, харилцан яриаг маш нарийн урласан байдаг. Тодруулбал, “Модот их уулсын дундуур шуугин урсах Хараа голын нэгэн давчуухан дэнжид төмөр замын эртний зөрлөг бий. Эргэх дөрвөн улиралдаа навчсын шаргиан дор дээвэр тосон байх энэ зөрлөгт хайр дурлал, баяр гуниг, амьдралын жам бүгд байгаа” гэх дүрслэлээр хажлага хийн зохиолыг эхлүүлж, төгсгөсөн байдаг. Туужийн Алимаа, Содгэрэл нар бол эмэгтэй хүний сэтгэлийн хоёр талыг нэг нэг дүр болгон үзүүлсэн, тодруулбал Алимаа аливаад хүлээцтэй, ухаалаг, уян, гэнэн цайлган бол Содгэрэл сэргэлэн, хөнгөн, аливаад өөрийн биеийн үнэ цэнээр ханддаг бүсгүйчүүд. Уг хоёр бүсгүйн гадаад төрх гэхээсээ дотоод сэтгэлийг нарийн дүрсэлсэн нь гайхалтай агаад үл ялиг хөдөлгөөн, төрх байдлын өгүүлэмжээр сэтгэлийг нь нээсэн нь чадмаг. Ерөөс гагц эл зохиол ч бус С.Пүрэв зохиолчийн ихэнх зохиолд эмэгтэй хүний сэтгэлийг дэлгэн үзүүлсэн, өрөвч нинж сэтгэл байдаг онцлогтой. Энэ онцлогийнх нь талаар судлаач П.Батхуяг “Азын цэнхэр уул” өгүүллэгт нь хийсэн “Туйлын чанар буюу бидний дугуй диаграмм” эсээ шинжлэлдээ “Тэгээд л “Гэрэлмаа Цогтбаярын гарыг халуун алгаараа атган, -Явж унт даа, маргааш чиний хонины ээлж, явж унт гэв” гэх нь цаст уулсын даваа бүхнийг даван хөсөг хөтлөх тухай “томоор” сэтгэх монгол эмэгтэй нь нүүдэлчний сэтгэлгээний “задралууд” шууд ажиглагдана. Мөн ямар өр нинжин сэтгэл энэ ганцхан үгүүлбэрээс мэдрэгдэнэ вэ? Хайр гэдэг чухам ийм л зүйл” (2020) хэмээн бичсэн байдаг бол судлаач Г.Батсуурь “Алтан мөнгөн аргайтай Алтайн их зохиолч” шүүмждээ: “С.Пүрэвийн бүтээлүүдийн эмэгтэйчүүдийн дүрүүд нь илүүтэй товойн харагдах ба энэ шинжээрээ манай өгүүллэгийн их мастер С.Эрдэнийн бүтээлүүдтэй ижил. Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинжид хамаарах алтан, мөнгөн аргайгаа атгаж төлөвшсөн бас нэгэн уран бүтээлч бол С.Пүрэв гэдэг нь түүний уран бүтээлээс харагдсаар байх ба Горькийн сургуулийн тодорхойлолт дээр «эмэгтэйлэг зохиолч» гэж бичсэн нь ч үүний нэгэн нотолгоо юм… Зохиолч С.Пүрэвийн зохиолуудын дүрслэгдэхүүний төв байрыг «эмэгтэй хүн» эзэлсэн байх ба эрэгтэйчүүд болон бусад дүрүүд нь тэрхүү төв байрыг зоргоороо эзэгнэн зовж жаргаж, инээж уйлж, гуньж туньж, аашлуулж аргадуулж яваа тэр л бүсгүйчүүдийн дүрийг тодруулах, товойлгох үүргийг хүссэн ч, эс хүссэн ч хүлээсээр дуусах бөлгөө” (2017) гэхчлэн өгүүлсэн байдаг.
“Уулын намар” тууж “Нэг л мэдэхэд би хамаг нандин бүхнээ орхин галт тэрэгний шатаар өгсөж байв. Мөрөн дээр минь орь ганц цэл ногоохон навч тасран унаж буйг бүүр түүрхэн мэдлээ. Уулын намар намартаа л ирдэг бол миний намар халуун зунаар иржээ. Сайхан бүхэнд тэмүүлж явдаг ч, сайхан бүхэн эвдэрч байхыг хараад суух бүсгүй сэтгэл минь дутсан учир гал голомтоо орхисон минь энэ өршөөгөөрэй!” гээд бүсгүй бүхнийг орхин буйгаар төгсөж буй нь эл зохиолын гол ололт юм. Тийм ээ өөрийн эрх чөлөөгөө олж буй бүсгүй хүн бол “Уулын намар” туужийн гол санаа гэж хэлж болно. Харин зохиолч Санжийн Пүрэвийн эмэгтэйлэг зөөлөн ертөнц найруулагчийн нүдэнд хэрхэн буув. Найруулагч Ц.Цэрэнболд эмэгтэй хүний орь дуу хүслэнг гэхээсээ гэр бүлийн үнэ цэн, гэр бүлээ авч үлдэх нинж сэтгэлийг зохиолоос олж харжээ.
“Эмэгтэй хүн эр нөхрийнхөө өмнө аливаад ёс алдах тусгүй. Бага юмнаас их хэрэг дэгдэж айл орон тогтож амьдрахад хүртэл түвэг уддаг явдал байдаг бус уу? Би Цэнгэлийн үгнээс огт гардаггүй. Хоол унд хийж ганц аяга цай аягалаад өгсөн ч надаас хорогдох юм байхгүй. Энэ чинь эхнэр бүрийн хийх ажил. Айл орны яршигтай бүхэн хэн хэнээсээ давуу эрх эдлэх гэсэн учраа олохгүй тэмцлээс эхэлнэ. Гэрийн эм хүний нарийн дэг журмыг ээж минь гайхалтай мэдэж, охид бидэндээ зааж сургасан нь одоо бодоход намайг энэ гурван жилийн номхон амьдралаар жаргалаа хийхэд ч хүргэсэн байж мэднэ. Хайрыг хайрлах гэдэг айл оронд байхгүй бол түвшин сайхан сэтгэл хагсарна гэсэн үг шүү дээ” гэх текстээс найруулагч хавчигдмал, баригдмал, эрх чөлөөгүй эм хүнийг бус гэр бүлээ аварч үлдэж буй эмэгтэй хүнийг олж харсан байна.
Энэ талаар ч шүүмжлэгчид бичсэн байна. Тодруулбал, шүүмжлэгч О.Цотан “Дэлгэц дүүрэн шаргал, тайван амгалан. Гэвч миний хүсээд буй гол дүрийн бүсгүйн эргэлзээ киноны туршид машид бага гарав. Ашгүй минь гэж миний хүсэн хүлээсэн төгсгөл ирэхэд “өө үгүй ээ” гэж үзэгчид халаглахад бүсгүй хүн жинхэнэ эрх чөлөө рүүгээ тэмүүлэхэд би хэмжээлшгүй их баярлаж байтал тийм зүйл бололгүй зүгээр л зүүд байсан юмаа хэмээв. Арай ч дээ, эх зохиол дээрх бүсгүйн цээжин дэх бугширсан идээ бээр, эргэлзээ шөнийн хүйтэн салхитай хамт, галт тэрэгний тэнхээт дуутай хамт тэр бүхнээ орхин яваа хамгаас эрх чөлөөт бүсгүйн тухай тийм зоримог зохиолыг гэр бүлийн үнэ цэн гэгчээр солин орхисон нь гунигтай. Өөрийг нь үл хайрлагч эртэй өчнөөн удаан амьдраад эцэст нь эрх чөлөө рүүгээ гүйж яваа бүсгүйг эргэн бөгжилж орхидог нь яаж байгаа хэрэг вэ? Гэр бүл хамгаас үнэ цэнтэй эд мөн ч түүнийг хувь хүний эрх чөлөөнөөс бүүр өндөрт тавьж үзэгч нарт үзүүлсэн нь мэдээж танхимд буй хүмүүст таалагдсан нь илт. Гэвч тэр бүхнээ хүчлэн үзүүлсэн явдал нь найруулагчийн хийсэн алдаа гэж хэлмээр. Угаас үрийнхээ дуунд уяраад өвдөг сөгдөөд чадахгүй гэдгээ хэлэх гээд очиж буй бүсгүйг бүх үзэгч ойлгочихсон байхад л өөдөөс нь “Гэр бүл гэдэг хамгаас үнэ цэнтэй шүү дээ” гэж сургаал айлдах нь илүүц. Угаас амьд хүн бүхэн мэдрэхүйц ийм хэсгүүдийн араас зүгээр л жүжигчдээ тоглуулдаг байвал ямар вэ? эрхэм найруулагчдаа. С.Пүрэв гуайн “Уулын намар” хэмээх тууж бол намрын өнгөөр хүний сэтгэлийг дулаацуулахын сацуу эрх чөлөөг нэвт ханхлуулсан тийм зохиол билээ. Ардчиллаас өмнө бичигдсэн хэр нь эрх чөлөөний үнэр зөөлнөөр ханх хийсэн бүтээл. Өчнөөн жил өөрт нь хайргүй нэгэнтээ дэр нэгтгэсэн бүсгүй хийгээд Өөрт нь өчнөөн хайртай ч өрөөлөөс хардаж харамладаггүй эртэй хоёр бүсгүйн л тухай. Угтаа өнгөн дээрээ дэггүй сахилгагүй, өөрийн эрээс явахыг хүсэвч үл чадах бүсгүй байхад, өчнөөн жил хаалгаа цэлийтэл нээсэн галт тэргэнд нэгэн шөнө л суугаад явчихсан тийм зоригтой бүсгүйн тухай бүтээл билээ. Зохиолын хамгийн гол баганыг нураан орхиод өөр зүйл оруулсан нь миний урмыг хугална. Бусдаар бол киноны оператор, зураачдын ажлыг сайшаан магтмаар байна. Эх зохиолыг нь уншаагүй бол дээрх бүтээл тэр чигээрээ танд таалагдана гэдгийг энд хэлмээр байна” (2022) хэмээн бичсэн бол шүүмжлэгч А.Мөнгөн “Уулын намар-Хөхөөр “зодох хэрэг юу байв?” review-дээ: “Товчхондоо, “Уулын Намар” нь өгүүлэмжийнхээ гол судал болсон эмэгтэй дүрүүдийг “хүүхдийн дон шүглэсэн тогооны алчуур”, “өнгөнд шунасан хөнгөн хүүхэн” хэмээн дэндүү хялбаршуулж, тэднийхээ номд байсан бүхий л ньюансыг устган арилгаснаар киноны үйл явдал сул, илэрхийлэхээр оролдсон утга санаанууд хагас дутуу, нийт дүндээ үлдэц муутайхан агууламжтай болжээ. Миний ойлгосноор, 1975 оны эх зохиол нь эхнэр нь нөхөртөө дарлуулж, нөхөр нь эхнэртээ үглүүлж, гэрлэлээ гэхээрээ боол мэт амьдарна гэх уламжлалт сэтгэлгээг шүүмжилж, хосуудын харилцаанд энэрэнгүй сэтгэл, харилцан буулт, тэгш дуу хоолой байх хэрэгтэйг үлгэрлэж, орчин цагийн эмэгтэйчүүд өөрийн зам мөрийг залах чадал тэнхээтэйг уриалах одоо цагт ч үнэ цэнтэй санааг агуулж байлаа. Гэвч “Уулын Намар” нь эх зохиолынхоо алдаа дутагдлыг нөхсөнгүй харин ч амин сүнсийг алдагдуулжээ” (2022) гэхчлэн шүүмжилсэн байна.
Нэг талаар дээрх шүүмжлэгчидтэй санал нийлж буй ч нөгөө талаас найруулагч өөрийн эрх чөлөөгөө эдэлсэнд баяртай байна. Учир нь С.Пүрэвийн зохиолоос Ц.Цэрэнболд өөрийнхөө савны хэмжээгээр л утган авч гэр бүл гэгч нандин зүйлийг хамгаалж үлдэх санааг тунхагласан байна. Харин ч дээр дурдсан найруулагч Н.Алтантуяагийн алдааг давтаагүйд нь баярлаж байна. “Ерөөс л аливаа уран бүтээлээс эх авсан л бол асар том хүндэтгэл буй болох хэрэгтэй. Анхдагч бол угаас л сүнс, араг яс, амь нь байдаг учраас. Харин хүндэтгэлийн араас уран бүтээлчийн эрх чөлөө эхэлдэг ажээ” (Theodore’s, 2022). Найруулагч эх зохиолд хангалттай хүндэтгэлтэй хандахын сацуу мөн хангалттай өөриймсөг хандаж чаджээ. “Уншигч бол зохиол бүрэлдэж буй бүх зүйл. Уншигч бол бичвэрийг бүрдүүлж буй бүх зураас тэмдгийг нэгтгэн нийлүүлж утга санааг олж буй хүн юм. Уншигч бол бүтээгч. Текст бол өдөөгч. Өөрөөр хэлбэл, уншигч бол зохиолч” хэмээн Францын философич, эсээч Ролан Барт бичсэнчлэн найруулагч Ц.Цэрэнболд хангалттай бүтээгч уншигч байж чадсан байна. Тэр зохиолыг өөрийнхөөрөө л уншиж тайлсан байна. Тэр бээр зохиолчийн дэвссэн хөрсөн дээр өөрийн бүтээлийг өндийлгөж, өсгөж, амьдруулж чаджээ.
Галт тэрэгний чимээ хүртэл алсаас сонсогдож тэнхээт олон дугуй нь зүрхэн дээр эргэлдэх шиг болдог сон…
IV. Шинэ салхи
Монголын кино урлагт бүтээлч, шинийг эрэлхийлэгч авьяаслаг залуу уран бүтээлчид хүч түрэн гарч ирж буй талаар энэ хэсэгт өгүүлэхийг хүслээ. Тэд бол өвөрмөц, этгээд хэв маяг бүхий богино хэмжээний кинонуудаараа цахим ертөнцөд танигдаж, олны анхаарлыг татаж буй “John Sheepskin”-ий залуу уран бүтээлчид юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн болоод амьтны эрх, төрийн гажуудсан тогтолцоо, үе хоорондын ялгаа зэрэг нийгэмд тогтчихоод байгаа асуудал руу хандсан богино хэмжээний цөөнгүй бүтээл хийгээд байна. Тэд бас өөрсдийн зорилго, үзэл санаа, уран бүтээлийн чиг шугамаа тодорхойлсон байна.
Тодруулбал, “Үзэл санаанаас эхлээд өдөр тутмын амьдрал хүртэл өөрчлөгдөж байсан шилжилтийн үеийн үр нөлөөнд өсөж хүмүүжсэн залууст байнгын бодож явдаг ч хуваалцаад байж чаддаггүй, эсвэл бага насны бүрхэг дурсамжтай холбоотой ч юм уу ил биш байдаг мэдрэмжүүд, ой санамжууд руу нь чиглэх” нь эдгээр залуусын үндсэн зорилго ажээ. Тэдгээр траумаг богино хэмжээний кино стандартад нийцсэн бүтээлүүдээр сэдрээснээр хувь хүн өөрөө өөртэйгөө учирч, сэтгэлийн гүнд хав дарсан асуудлуудаа бодитой шийдвэрлэх боломж бүрдэх бөгөөд залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндэд амин чухал зүйл болохыг “John Sheepskin” онцолжээ. Иймдээ ч тэд өөрсдийн Instagram хуудасны ангиллыг кино, эсвэл контент бүтээгч биш “Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ” гэж тодорхойлсон байна. Бүтээлүүддээ голчлон ашигладаг цэнхэр, ногоовтор цэнхэр өнгө нь тэдний зорилготой бүрэн авцалдаж, хүргэх гэсэн хүйтэн хөндий уур амьсгалыг нь дэмжиж өгдөг аж. Түүнчлэн “Орчин үед урлаг заавал гоё сайханд тэмүүлж, сайныг сурталчилдаг хэв шинжтэй байх албагүй бөгөөд хувь хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж байх нь илүү чухал болсон. Мөн өнөөгийн нийгмийн онцлогоос хамаарч хүн ер нь хугацаа богинотой бүтээл үзэх хандлагатай байх шиг байна. Иймд үзэгчдийн сонирхол, таашаалыг хүндэтгэсэн, цаагуураа ямарваа нэгэн гүн сэтгэгдэл үлдээх бүтээл хийхийг зорьдог. Одоогоор улс төр, нийгмийн шүүмж хийгээд л байгаа юм шиг санагдаж магадгүй ч аливаа тодорхойлолт, хайрцаглалтаас Шипскин үргэлж ангид байх болно” хэмээн тэд уран бүтээлийнхээ зорилго, чиг шугамыг тунхаглажээ. Ийм л өөрсдийн гэсэн үзэл бодол, зорилго, чиг шугамтай уран бүтээлчид монголын кино урлагт хөл тавьж байна.
Зохиолч, найруулагч Д.Төрмөнхийнхөөр кино урлаг ердөө хоёрхон төрөлд хуваагддаг аж. Тодруулбал, “Кино урлаг хөгжлийнхөө явцад маш олон урсгал чиглэлтэй болжээ. Авангард, эксперменталь, футурист, сюрреалист, абстракт … гэх мэтээр бараг л уран зургаас дутахааргүй олон урсгалтай болжээ. Гэхдээ ерөнхийдөө бол хоёрхон л чиглэлд хуваагдаж байгаа гэж хэлж болно. Эхлээд бидний амьдарч байгаа энэ эргэн тойрны амьдралыг янз бүрээр үзүүлдэг хэсэг буюу олонх, дотоод сэтгэлийн яруу найраг шиг далд ухамсарт чиглэсэн киног хийдэг нь цөөнх юм” (2014). “John Sheepskin”-ийнхэн тэр цөөнхийн нэг байж хүмүүний дотоод сэтгэлийн яруу найраг шиг далд ухамсарт чиглэсэн бүтээлийг хийж чаджээ. Тэдний анхны бие даасан томоохон туршилт нь “Бэлчээр” (2022) антологи байв. Яагаад чухам “Бэлчээр” гэж нэрлэв? Магадгүй тэд биднийг “номхон хонинууд” болж хувирсныг ёжлон хэлж буй юм болов уу? Тус антологи нь “Биеийн ганц толгой”, “Зүүдний өр”, “Хүнийсэл” гэх гурван ондоо түүхээс бүрдэх нууцлаг үйл явдал, аймшиг, триллер жанрын цуврал юм. Эл цуврал нь өөрийн гэсэн өнгө, уур амьсгалтай, зураглал, эвлүүлгийн маш сайн найруулгатай. Түүнчлэн киноны түгшүүртэй, зэвүүн, жихүүцэм, айдас төрөм хүйтэн уур амьсгалыг бүрэн илэрхийлж чадсан хөгжмийн найруулгыг бүтээж чаджээ. Хамгийн чухал нь дүрийн дотоод ертөнцөд нэвтэрч оюун санааных нь гүн дэх тулгамдсан асуудлыг ил гарган харуулж (гадна талаас илүү дотоод зөрчилд ач холбогдол өгсөн нь) байгаа явдал онцгой байв. Үзэгчид өөр рүүгээ өнгийж, өөрийгөө шинжих боломж олгосон ийм л эргэцүүлэл дагуулах антологи болжээ.
Метаморфез егөөдөл: Бидэнд ер нь толгой байна уу
“Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо.” (Л.Өлзийтөгс “Аквариум” өгүүллэгийн хэсгээс)
Монгол хэлний тайлбар тольд хүн гэгчийг “Багаж зэвсгийг бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл, сэтгэхүйг эзэмшин амьдрагч дээд хөхтөн” гэж тодорхойлжээ. Харин оросын физикч, философич В.А.Канке “Хүн бол физикийн ч, химийн ч, биологийн ч, мөн нийгмийн ч өвөрмөц содон үзэгдэл. Түүний эволюц ба хөгжлийн түүх тун адармаатай бөгөөд бидний үл мэдэх ирээдүй болох шинэ, эрс хурд бүхий ертөнц рүү чиглэсэн байна” (2001) гэхчлэн бичжээ. Хүн гэгч нэг талаар байгалийн амьтан, нөгөө талаар нийгмийн нэгэн эд эс болсон ухамсар бүхий бодгаль болохыг ийн тайлбарлажээ. Хүн хэдий байгалиас гаралтай амьтанлаг шинжтэй ч гайхамшигтай нэг давуу талтай. Тэр гайхамшигт давуу чанар нь оюун ухаан. Эл гайхамшигт оюун ухааныхаа ачаар хүн төрөлхтөн нийгэмшиж, нийгэм журам гэгчид адгуусан хүслээ хязгаарлаж амьдардаг.
“Угтаа хүн өөрөө байгалиас гаралтай шүү дээ. Библийн домгоор хүн диваажингаас буюу анх байгальтай нэгэнлэг байсан төлөвөөсөө нэгэнт хөөгдсөн тул диваажин руугаа буцаж очих гэвэл тэнгэрийн элч галт сэлэм далайж, түүний замыг хаадаг. Тэгэхээр хүн урагш ахья гэвэл өөрийнхөө ухамсрыг хөгжүүлэх ганц зам үлджээ. Нэгэнт хүн болохын өмнөх тэр үеийн хармонигоо дахин олж авч чадахгүйгээр алдсан тул одоо шинэ, хүмүүнлэг хармонитой болцгоох хэрэгтэй…» гэсэн байдаг нь хүний байгалиас салсан тухайд юм. Хүн байгалиас салж өөрийн үйлдэл бүрийг өөрөө хариуцах болсон нь хүнийг адгууснаас ялгаруулж хүний мөн чанарыг тогтоож өгсөн” байна (Батсуурь, 2018). Нөгөө талаар хүмүүс хайр гэгч зүйлийн хүчээр нэгэндээ ойртон дотносож, нэгдэн нийлж, энэхүү нийгэм журмыг цогцлоосон байна. Энэ талаар судлаач Э.Фромм “Хэрвээ хайр үгүй бол хүмүүс нэгдэхгүй. Хэрэв нэгдэл үгүй бол галзуурал, эсвэл хөнөөл болно. Цаашлаад өөрийгөө сөнөөнө, бас бусдыгаа ч сөнөөнө. Хэрэв хайр үгүй бол хүн төрөлхтөн нэг ч өдөр оршин тогтнохгүй” (2015) гэжээ. Гэтэл заримдаа хүн гэгч хайр дутсаны улмаас оюун ухаанаа гээж буцаад адгуус амьтан болж хувирах тохиолдол цөөнгүй байдаг аж. Үүнийг л утга зохиол судлалд тэмдэглэхдээ “Метаморфез” (Methamorphosis)[2] буюу хувирал хэмээжээ. Тухайлбал, Замзаг гэр бүл нь хайрлаагүйн улмаас цох хорхой болон хувирсан тухай туужийг бид хамгийн сайн мэднэ. Харин монголын утга зохиолд хүүхдүүд нь эхийгээ хайрлаагүйн улмаас хөхөө болоод нисчихсэн эхийн тухай үлгэрийн жишээг хэн хүнгүй мэднэ.
Өдгөө “хүн төрөлхтөн физикийн утгаараа ч биологи ба нийгмийн утгаараа ч тун эрсдэлтэй орчинд орж байгаа ба хөгжлийн хурдатгал нь хүний тогтвортой байдлын төвшнийг ямагт бууруулсаар байна. Өөрөөр хэлбэл, нийгэм байтугай хүний биед аж үйлдвэрийн хувьсгалын нөлөө тусаж өөрчлөлт орох болоод байна” (Энхбаяр нар, 2018: 52).
Ерөөс хүн гэгч нийгэм цаг үеийн ороо бусгаа үед хамгийн их хайраар, хайрлах сэтгэлээр дутаж, ихэд хувьсан өөрчлөгддөг аж. Бас нийгэм цаг үеэ дагаад… Метамодернизм судлаач Тимотеус Вермюлен, Робин ван ден Аккер нар хүн төрөлхтнийг модернизмын үед “радион толгойт”, постмодернизмын үед “зурагтан толгойт”, өдгөө “интернэтэн толгойт” болж хувирч буй талаар тэмдэглэжээ. “Нийгмийн хөгжил технологийн дэвшил нь хүмүүнийг улам бүр цэвдэгшүүлж буй бөгөөд тэрхүү гажуудлыг саармагжуулах, зөв тийш нь залах боломжийг олгох олон хүчин зүйлүүдийн нэг нь урлаг, түүний дотор уран зохиол юм” (Энхбаяр нар, 2018: 52).
Тийм ч учраас нийгмийн шилжилт, хотжилтын улмаас хүмүүс хэрхэн хувирч цэвдэгшиж буй талаар манай зохиолчид бичиж тэмдэглэсэн зүйлс ч цөөнгүй байна. Тухайлбал, зохиолч Г.Аюурзана “Уулын монолог” өгүүллэгтээ нийгэм, хотжилтоос залхаж буцаад байгальдаа нэгдэхийг хүсэж буй, араатан болохыг хүссэн хүний тухай “Уулын монолог” өгүүллэгтээ өгүүлдэг. Мөн тэр бээр хайр дутсаны улмаас өөрийгөө бусдаас, нийгмээс тусгаарлаж, орноосоо босдоггүй хэвтрийн хүн болоод хувирчихсан эрийн тухай “Хэвтрийн хүн” бэсрэг романдаа хүүрнэсэн нь ч бий. Түүнчлэн зохиолч Л.Өлзийтөгс гэр бүлийнх нь өөрийг нь хайрлахгүй болохоор загас болоод хувирсан эмэгтэйн тухай “Аквариум” өгүүллэгтээ хүүрнэсэн байдаг. Хайр л дутаад хувирчихсан хүмүүс. Хайр дутаад л …
“Бэлчээр” цувралаас ажиглагдсан зүйл нь дээр өгүүлсэн “Метаморфез” байлаа. Харин бид өдгөө, яг энэ цаг үед юу болж хувирч байна вэ? Энэ асуултыг тус цувралыг үзээд өөрийн эрхгүй өөрөөсөө асуулаа. Бид хувирах хувирахдаа бүр толгойгүй хүмүүс болчихсон юм биш үү. Өөрийн гэсэн бодол ухамсаргүй, бусдын (бас эд зүйлсийн) нөлөө тусгалд автсан донтогч хүмүүс болчихсон байна гэх бодол эрхгүй төрж, дотор давчдуулав. Нийгмээ, эргэн тойрноо ажиглаад үзэхэд бид ямар олон зүйлсийн хамааралтай болоо вэ. Дэлгэцийн хамаарал (гар утас, компьютер), архины хамаарал, “холболтын хамаарал” … хамаарахгүй зүйл бидэнд ер үгүй болж. Залууст архи, тамхи, мөрийтэй тоглоом, мансуурах бодис гээд донтохгүй зүйл алга. Өнөө гайхамшигт ухамсраа алдаад өнөөгийн монголчууд донтолтод живж байна. Донтогч хүмүүс, донтуулагч нийгэм. Хүн төрөлхтөн уг нь гайхамшиг болсон оюун ухаанаараа олон зүйлсийг зохион бүтээж. Харамсалтай нь өөрсдөө тэр бүтээсэн зүйлсийнхээ боол нь болчхож. Өнөө гайхамшиг болсон оюун ухаан хаашаа алга болчхов оо. Өнөө өгөөмөр хайр гэгч зүйл бидэнд ер нь байна уу? Нэгнээ хайраар дутаасаар байх уу. Нэгнээ хувиргасаар байх уу гэх мэт олон асуулт, бачуурлыг эл бүтээл надад лав тавьж чадлаа. Эргээд кинондоо оръё.
“Биеийн ганц толгой”-н “Магнай” биегүй толгой олсноос үүдсэн тэдний гэр бүлийн харилцааны өөрчлөлт, “Хүнийсэл” бүлгийн Чинзоргийн гэр бүлийнхний хувирал яг л Ф.Кафкагийн “Хувирал” туужийн Замзагийн гэр бүл шиг санагдав. Кафкагийн “Хувирал”-аас мэдэрсэн шиг, егөөдөл, метафор эл цувралд олон байлаа. Дэлхийн утга зохиол дахь хамгийн алдартай хувирал бол Замзагийн шавж болж хувирсан явдал билээ. Замза нэг л өглөө сэрэхдээ үзэшгүй муухай шавж болоод хувирчихсан байдаг. Зохиолын оргил хэсэг ердөө энэ. Эл хачирхалтай хувирлын дараа өөр онцгой сонин явдал бараг өрнөдөггүй гэхэд болно. Хамгийн гол нь эл хувирлаас үүдэлтэй гэр бүлийн харилцааны асуудлыг илэрхийлснээрээ эл зохиол сод бүтээл болсон билээ. Замзагийн хувирал бол тэдний гэр бүлийн жинхэнэ үнэнийг илчилсэн, мэдрүүлсэн гэнэтийн явдал байв. Жинхэнэ шавж, жинхэнэ бэртэгчин амьтад нь тэдний гэр бүлийнхэн байдаг билээ.
“Биеийн ганц толгой” киноны гол дүр “Магнай” эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, загасчлах дуртай нэгэн. Үзэгч бид киноны эхэнд амар жимэр амьдралтай, аятай тохитой айлыг л олж харна. Нэгэн өдөр гол дүр маань загасанд явахдаа голоос хүний биегүй толгой дэгээдэн барьсан нь үхмэл толгой бус, нүд, ам нь хөдөлдөг “амьд толгой” байж таарна. Тэр бээр эхэндээ жигшин сэжиглэсэн ч толгойг гэртээ аваачсанаар уг гэр бүлийн өнгөрсөн түүхүүд сөхөгдөж, амгалан тогтуун дүр байдлын цаана халхлагдсан асуудлууд илрэх аж. “Биегүй толгой” олсноос хойш тэр бээр эхнэр, хүүхдүүдтэйгээ харилцаагаа муутгаж, эцэст нь “биегүй толгой” Магнайн биеийг авсан байгаагаар кино дуусдаг. Хамгийн чухал нь найруулагч “метаморфез”-оор егөөдөл хийхдээ биегүй толгой дээр төвлөрөх бус, харин уг толгойгоор дамжуулан гол дүрийн өнгөрсөн түүх болоод одоогийн сэтгэл зүйн байдлыг задалж харуулснаар эл кино онцлог болжээ. Эл “биегүй толгой”-гоор маш олон зүйлийг давхар давхар егөөдөж буй мэт санагдана. Энэ егөөдлийг шүүмжлэгчид өөр өөрсдийнхөөрөө тайлсан байна. Тухайлбал, “Arigun’s” “Хүн тэжээвэл толгой цусадна. Эсвэл толгой тэжээвэл хүн цусдах юм уу?” “review”-дээ: “Аливаа зүйлд хэтэрхий донтвол аяндаа чамайг бүрэн эрхшээлдээ оруулж хайртай бүхнээс чинь салгах нягууртайг Дооёо болон түүний олсон учир битүүлэг толгой хоёр далдхан хэлээд өгөх аж. Тус кино эхнээсээ л ганц ч хором уйдаасангүй явсаар төгсгөлийн эргэлт дээр алмайруулаад дуусав. Хөгжмийн зохиол ч тэр хүчилж балбахгүй, үйл явдалдаа уусан шингэж, аажим аажмаар айдас түгшүүрт автуулж байв” (2022) гэсэн бол “In Bujee’s heart” “Бэлчээр” антологи үзсэн сэтгэгдэл”-дээ: “Танигдахын аргагүй хувиран ярдагших нөхрөө хуучны хивэндээ ороосой хэмээсэндээ эхнэр нь өнөө толгойг хаяж орхино. Тэр үед Магнайгийн эхнэртээ хэлдэг монологи бол тасархай. Жүжигчин Ш.Доржсүрэн Магнайгийн дүрийг дэлгэцээс давж сэтгэлд үүрлэтэл амилууллаа. Үзэгч би жүжигчин Дооёог сценээ дуусган дуусгатал шүлсээ ч залгиж чадаагүй. Энэ бол ДҮР юм! Магнайгийн монологиос, басхүү аж байдлаас нь ажиглахад түүнд хүрье гэж тэмүүлэх хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл огт үгүй байх юм. Сүүлд толгойтойгоо хоёул гэрээсээ зугтан голын эрэг дээр сууж байхдаа “урсгал даган сэлсээр амьдрах “үхдэл мэт” загас болон дэгээг үмхэн үхлийн аманд орох ч ганц удаа амьд байгаагаа мэдрэх загас”-ны тухай ярьж буй нь нийгэмд эзлэх өөрийн гэсэн байр суурьгүй, биелүүлэх зорилгогүйдээ гутарсаар амьдарч ирснийг нь тод харуулж байна. Гэтэл гэр бүл нь энэ дотор тэмцэл, далд шаналанг нь хэр их хуваалцаж байсан бол? Эхнэрийнхээ нүдэнд бол тэр ердөө аз жаргалтай “сувинер”. Ар гэрээ тэжээж “амьд мэнд” сажилж л байвал “бүх зүйл болж байна” гэж хүлээж авдаг, нэгнийхээ сэтгэлд “дүлий” ханддаг хэд хэчнээн гэр бүл байгаа бол? Магнайн талын “зөвтгөл” өнцөг ийм эргэлзээ, хөндүүрийг төрүүлэх хэдий ч нөгөө талаас харвал… Эгээ л өнөө ярьдаггүй толгой мэт зорилгогүй, утга учиргүй “үхсэн загасны амьдрал”-аар амьдарч буй нь Магнайн өөрийн буруу юм. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаад түүнийг өөрчлөх хэрэгтэйгээ ухамсарлаж байгаа атлаа үг дуугүй хүлээн зөвшөөрч “урсгал даган хөвснөөр” тэр намаг балчигтаа улам гүн шигдэж амьдаараа ялзарч байна. Сүүлдээ мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлж байдгаа алдаж байсан нь ч ил болно. Хэзээ билээ хэн нэг хүн мөрийтэй тоглоом бол амьдралаасаа утга учир олж чадахгүй байгаа хүмүүсийн хоргодох хуурмаг булан гэж билээ. Энэ бол бидний өдөр тутамд тааралддаг, таних танихгүй олон хүний дүр. Олонхын гунигт хэвт дүр юм” (2022) гэхчлэн тайлал хийжээ.
Тус цувралын “Хүнийсэл” хэсэг яг л Кафкагийн “Хувирал” дээрх шиг Чинзоригийг гэрийнхэн нь шимэгчилж буй тухай гарна. Ажил олдохгүй байгаадаа санаа зовж гэрийнхэндээ худал хэлэх Чинзоригийнд үл таних хүн ирж хоноглосноос хойш тэднийхэн үхмэл хүйтэн хөндий харилцаатай болж орхино. Кафкагийн зохиолоос ялгаатай нь уг кинонд гол дүр нь бус гэрийнхэн нь ямарваа нэгэн “метаморфиз”-д орж буй тухай гарна. Үүнийг ажигласан гол дүр санхүүгийн чадамжгүй байгаа өөрийгөө буруутган сэтгэл зүйн хямралд орж байна. Гол дүрийн сэтгэл ийн туйлдаж буйн шалтгаан нь ажилд орж чадахгүй өөрт нь биш илээр харааж загнахгүй ч далдуур сэтгэл санааг нь хүчирхийлж, үргэлж мөнгө олохыг шаардаж буй мөлжигч гэр бүлээс болж байгаа мэт санагдана.
Нэгнээ хайраар дутаасаар л, нэгнээ хэмлэсээр л байх уу. Тэгээд хувирсаар л байх уу?
Зүүлт
[1] 2022 оны монгол киноны үзэгчийн тоо. Kinosan.mn
[2] Бүрэн, төгс өөрчлөлт, шилжилт гэсэн үндсэн утгатай грек гаралтай үг. Дэлхийн ард түмнүүдийн эртний домог үлгэр, бичгийн утга зохиолд тэмдэглэснээр домог зүйн ямар нэг амьтан буюу эд зүйл өөр нэг амьтан, эд зүйлд хувирах үзэгдлийг хэлнэ. Метаморфозын хамгийн эртний хэлбэр нь тотем үзэлтэй холбогдох бөгөөд цаашид туульс, шидэт үлгэр зэргийн өгүүлэмжийн энгийн хэсэг (уран сайхны дүрслэх арга хэрэглүүр) болсон байна. Энэтхэг, европын домог зүйн уламжлалд газар дэлхийн нэг хэсэг нь анхны хүний үхсэн биеийн хэсэг бүрээс бүрдсэн гэж өгүүлдэг, эртний египетийн бурхдын түр зуур анхны хэлбэртээ хувирах зэрэг нь метаморфоз хувирлын жишээ болно.
ЭШЛЭЛ АВСАН БҮТЭЭЛҮҮД
Батсуурь Г. 2018. Шороон үеийнхэн ба “Амьдрал” кино. Уб., https://peak.mn/news/shoroon-ueiinkhen-ba-amidral-kino
Батсуурь Г. 2017. Алтан мөнгөн аргайтай Алтайн их зохиолч. Уб., https://www.nio.mn/13676/
Баяраа Я. 2018. Монгол кино: зохиол, зохиол, зохиол. Уб., https://tagtaa.mn/bayaraa/2
Батхуяг П. 2020. Туйлын чанар буюу бидний дугуй диаграмм. Уб.,
https://www.facebook.com/100027126026823/posts/2595193757438567/
Дэвид Тротиер. 2019. Кино зохиолчдын библи. Орчуулагч Д.Төрмөнх нар. Уб., 372 х.
Канке В.А. 2001. Философи. Орчуулсан Ж.Отгонбаяр, Т.Нэмэхжаргал. Уб.,
Мөнгөн А. 2022. “Буу байхад ухаанаар яадгийн” .Уб.,
https://www.facebook.com/photo/?fbid=441880117920001&set=a.117952746979408
Мөнгөн А. 2022. “Хөх тавилан”: Гүн санаа алдалт”. Уб.,
Мөнгөн А. 2022. “Уулын намар”-Хөхөөр “зодох хэрэг юу байв?”. Уб.,
https://www.facebook.com/photo/?fbid=381314097309937&set=a.117952746979408
Төрмөнх Д. 2014. Монгол киноны ирээдүйд нэмэр болох орц. Уб., http://www.baabar.mn/article/6165
Фромм Э.2015. Хайрлах урлаг. Орч. А.Баярцэцэг, Г.Баянаа нар. Уб.,
Хишигсүх Б. 2015. Монгол уран зохиолын тууж бичлэгт дүрийн сэтгэл зүйг нээсэн нь. “Монгол судлал” Боть-433. Уб., 155 тал.
Пүрэв С. 2000. Монгол уран зохиолын дээжис-77. Гурван говийн зэрэглээ. Ред Л.Түдэв. Уб.,
Цотан О. 2022. “Зура 2” ба тэдний ялзрал”. Уб.,
https://www.facebook.com/photo/?fbid=519282923533075&set=a.153108016817236
Цотан О. 2022. Уулын намар.
https://www.facebook.com/photo/?fbid=445532644241437&set=a.153108016817236
Цэвээндорж Д. 2020. Кино нь урлаг, киноны “эрлэг”. Уб.,
Энхбаяр С, Батсуурь Г. 2018. Утга зохиол шинжлэлийн удиртгал хичээлийн гарын авлага. Уб., 200 х.
Энхболдбаатар Д. 2019. Кино зохиол бол уран зохиол буюу А.Миеэгомбо. Уб., http://www.baabar.mn/article/kino-zokhiol-bol-uran-zokhiol-buyuu-amieegombo
“In Bujee’s heart”. 2022. “Бэлчээр” антологи үзсэн сэтгэгдэл”. Уб., https://www.facebook.com/photo?fbid=2235203923327267&set=a.249340288580317
Arigun’s. 2022. “Хүн тэжээвэл толгой цусдана. Эсвэл толгой тэжээвэл хүн цусдах юм уу?”. Уб., https://www.facebook.com/photo/?fbid=578291814103138&set=a.493913325874321
Bayasaa’s Review. 2022. “Сүржин санаанууд цухуйсан ч мэргэн шийдлүүд үнэртсэнгүй”. Уб., https://www.facebook.com/BayasaasReview/photos/a.116914084248489/171356108804286/
Bayasaa’s Review. 2022. Хэв маягаа бүрэн тодорхойлоогүйн гор буюу “Хөх тавилан”. Уб., https://medium.com/@bayasaaa
Theodore’s. 2022. Эргэж ирэхгүй намар. Уб., https://www.facebook.com/theodore0530/posts/pfbid0NULJgwptinNgAUPjjWz4qi8Y5PRLEuZ2c6fQvnjqWqcexMwo4iP758V1EbWxneFWl