ҮГС

Б.Мөнх-Эрдэнэ
3 min readOct 11, 2021

--

Эхэнд үг байсан. Үг бурхантай хамт байсан агаад үг нь бурхан байв. Бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмсаас түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.” (ИОХАН 1:1)

“Эхлээд үг хэлэгдэж, дараа нь түүний утгад тохирох бүх юмс бий болцгоосон.” (Г.АЮУРЗАНА)

“Үг” амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг ч салтал нэвтрэн ордог” (ЕВРЕЙ 4:12)

Үг буюу дууны долгионы хүчээр орчлон ертөнц хэлбэржин буй болсон гэх дээрх эшлэлийн үзэл гагц шашинд ч биш домгийн үүсэлд ч бий. Гэвч ухамсаргүйгээр үг хэлэгдэх боломжгүй, үг хэлэгдэхийн өмнө ухамсар бий болсон байх учиртай гэсэн эсрэг үзэл бий.

Ямартай ч үг бол оюун санаа. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн зөөвөрлөгч шидэт эрчим хүч билээ. Хүний оюун ухаанд үүсэх бодлын долгион эхлээд үг хэлбэрээр илэрч дараа нь тодорхой хэлбэр дүрсийг олдог. Ерөөс хүний сэтгэхүйг үгээр програмчилж болдог гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, үг болон ойлголтоос сэтгэхүй хамаардаг гэж хэлж болно.

Сэтгэл хөдлөл тархинд долгион үүсгэнэ. Тархинд үүссэн долгионы үр дүн нь үг. Үг долгионоос үүсдэг тул эрчим энергитэй зүйл. Үгийн эрчим долгион нь сэтгэлийн эрч хүч, тэмүүлэл бүхий утгыг илэрхийлдэг. Уран зохиол тэр дундаа шүлэг яруу найраг нь үгийн хамгийн энергижсэн хэлбэр. Иймд үгийг увдис, шид оруулсан үгийн урлагийг уран зохиол гэж үздэг.

Хүний мэдрэмжид ургасан үүдэл санаанаас шүлэг зохиол үүсдэг. Шүлэг нь хүний сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн хэлний байгуулалт юм. Шүлэг зохиол үгийн ид шид, эрчим энергийн төгс цуглуулга тул үе үеийн хүн төрөлхтөн огтхон ч уйдалгүй уншиж, тэндээс сайн сайхныг мэдэрч, сэтгэлийн таашаал таалал эдэлж иржээ. Эндээс хэл, сэтгэлгээний хамгийн төгс эрэмбэлэгдсэн буюу орчин үеийн хэлээр бол программчлагдсан үгсийн чуулганыг шүлэг гэж хэлж болох аж.

Яруу найраг гэдэг хүний дотоод сэтгэхүйн толь. Хүний сэтгэлийг үгсээр илэрхийлдэг урлаг бол яруу найраг юм. Шүлгийн амин гол сүнс нь хүний сэтгэлд нөлөөлөх утга санаа юм. Өөрөөр хэлбэл, мэдрэмжүүдээ хэлний байгуулалт буюу үгсээр илэрхийлэх урлагийг л яруу найраг гэж хэлж болно. Чингэхдээ холбоц хийгээд хэмнэлийг угалзруулах замаар хөг аялгууг бүтээж, тодорхой хэлбэр бүхий үгсийн байгуулалтаар сэтгэл, сэрэл мэдрэмжээ илэрхийлэхийг шүлэг яруу найраг гэнэ.

Яруу найраг (ер нь уран зохиол) нь юуны өмнө хүний сэтгэл санааны шинжлэл юм. Яруу найргийн тусламжтай бид өөрийн болон бусдын сэтгэл санааг таньж, мэдэрч, дотоод ертөнцөө илэрхийлдэг билээ. Яруу найраг нь авиа дуу нийлсэн хэмжээ хэц таарсан яруу сайхан байгуулалттай дээрээс хүний сэтгэлд хурцаар нөлөөлдгөөрөө ихээхэн онцлогтой.

Мэдрэхүй сэтгэлээ үгээр илэрхийлэн гаргах боломжийг гагц яруу найраг л бидэнд олгодог билээ. Яруу найраг бол сэрэл мэдрэмжийн урлаг. Яруу найраг бол мэдрэхүй юм. Өөрөөр хэлбэл, хүний сэрэл мэдрэмж, мэдрэхүй, бодол санаа, сэтгэл зэрэг гарт үл баригдаж, нүдэнд үл үзэгдэх хийсвэр зүйлсийг илэрхийлж чадах урлаг бол яруу найраг юм.

Яруу найраг бол үгээр илэрхийлэгдсэн мэдрэхүй юм. Яруу найргийн хэл хамгийн дээд хэл байдаг. Хүн баяр баясгалан, харуусал гуниг, эмзэглэл, тунил, ухаарал, хайр, үзэн ядалт зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө энэ хэлээр илэрхийлдэг учраас яруу найраг бол дээд хэл юм. Өөрөөр хэлбэл, яруу найраг нь мэдрэмж, сэтгэлийн үелзэл, зүүд зөн билиг, ганцаардлын хэл юм.

Уншигчийн мэдрэхүйд үүссэн бодлын долгион буюу тухайн текстээс мэдрэгдэж буй мэдрэмж нь л жинхэнэ яруу найраг юм. Өөрөөр хэлбэл, шүлгийг уншиж ахуйд уншигч зохиогчийн мэдрэмж, сэрэл сэрэхүйг олж харан мэдэрч буй торгон агшныг яруу найраг гэж хэлж болно. Хүний сэрэхүйд бууж буй, тэрхүү мэдрэмж торгон мөч л яруу найраг юм. Шүлэгчийн мэдрэхүйд үүссэн бодлын долгион эхлээд үгээр зурагдаж, дараа нь дүрслэлээр буудаг. Эл долгионыг мэдрэх нь жинхэнэ яруу найраг, жинхэнэ таашаал юм.

ОРШЛЫН ОРОНД

Би бөх зүрх гарган сэтгэлээ, мэдрэмжээ үгсээр илэрхийлэн та бүхэнд дэлгэж байна. Та сэтгэл дэлгэн уншаарай. Номынхоо оршилд хэн нэгэн алдартай зохиолч эсвэл шүүмжлэгчээр өмнөх үг бичүүлж болох байлаа. Гэвч хэн нэгний урамын үг дэвссэн, хоосон магтаалаар сэтгэлээ, мэдрэмжээ дүгнүүлэхийг хүссэнгүй. Харин яруу найргийн тухай бодол, ойлголт, мэдрэмжээ ийн хуваалцахыг хүслээ.

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

No responses yet

Write a response