Яруу найраг гэгч нь

Үгийг айзамд тохируулж, бадаглан бичсэн уран зохиолын нэг хэлбэрийг шүлэг гэнэ. Шүлэг гэдэг үг самгарди хэлний “шлока” хэмээх үгээс гаралтай уран зохиолын нэр томьёо болно. Үндсэн үгийн утга нь хэсэг, шүлэг нойр (зурвас) болно. Үндсэн үгийн утга хамгийн бага хэлбэрийн шүлэг хэмээн нэрлэж байна. “Шүлэг” гэдэг үг нь хүний уран сайхны зорилгоор өгүүлж буй бодол санаа, сэтгэлийн илэрхийллийг богино (журамласан) шадуудаар хэсэглэн бичээд тусгай тогтолцоо үүсгэн, тухайн хэлний бүтцийн онцлогийн дагуу тогтсон айзам хэмжээ, холбоц бүхий нугалан зохион байгуулсан шад, бадаг бүхий уянга, туульсын зохиолын бичлэгийн хэлбэр мөн. Шүлэгт тогтсон хатуу хэмжээ байхгүй боловч улс үндэстнүүдийн яруу найрагт тогтвортой хэрэглэдэг янз бүрийн тогтсон хэлбэрүүд байдаг. Шүлэгчийн сэрэл мэдрэмжид өртөж, огшигдсон зүйл уран сайхны аргаар яруу илэрхийлэгдэх тул шүлэгт уянгалаг шинж давамгайлна. “Яруу найраг” гэдэг бичгийн зүйн нэр томьёо “шүлэг”-ээс нэлээд хожуу монгол хэлэнд бий болсон бололтой. Мөн Энэтхэг-Төвөдийн уран зохиолын нөлөөгөөр “зохист аялгуу” хэмээж байсан үе ч бий. Дэлхий нийтээр хэлэлцдэг нэр (poetry, поэзия) нь грек гаралтай (poiesis-poieo), “бүтээх, туурвих” гэсэн анхдагч утгатай аж. Яруу найраг гэгчийг утга зохиол судлаачид болон яруу найрагчид хэрхэн тодорхойлж ирснийг үзвэл:
“Шовэнь” хэмээх хятад хэлний эртний нэвтэрхий толь бичигт:
“Яруу найраг бол мэдрэхүй юм”
“Чуньцю” (хавар намар) хэмээх түүхэн судрын тайлбарт:
“Яруу найраг бол үгээр илэрхийлэгдсэн мэдрэхүй мөн”
Дундад зууны хятадын сэтгэгч Чжу Си:
“Мэдрэхүй сэтгэлээ үгээр илэрхийлэн гаргах боломжийг яруу найраг бидэнд олгож байна”
Цзянь-вэн:
“Яруу найраг бол үг санаа хоёр мөн бөгөөд санаа гэдэг нь бидний сэтгэн бодох бодлын хөдөлгөөн учир ярианд хадгалагддаг. Санаа үгээр илэрвэл яруу найраг болж, хөгжмөөр илэрвэл дуу болно. Тийм учраас шүлэг дуу хоёрын үүсвэр нэг юм”
VI зууны үеийн хятадын утга зохиолын онолч Лю Се:
“Аялгуу бол хөгжмийн бие бөгөөд хөгжмийн сэтгэл нь яруу найраг юм”
Тэгвэл монгол утга зохиолын онолч Ш.Гаадамба яруу найраг гэгчийг ийн тодорхойлсон байна.
“Яруу найраг бол авиа дуу нийлсэн хэмжээ хэц таарсан яруу сайхан байгуулалттай дээрээс хүний сэтгэлд хурцаар нөлөөлдөг”
“Монгол шүлэг нь өргөлтөт шүлэг төдийгүй түүний айзмыг бүрдүүлэгч гол зүйл нь мөрийн дотор ижил хэмжээнд дуудагдан ялгарагч үг юм”
Нэрт монголч эрдэмтэн Л.К. Герасимович:
“Монгол шүлэгт мөр бүрийн айзам хэмжээг унших, аялах зэрэг янз бүрийн аргаар жигдлэн тааруулж болдог онцлогтой”
Утга зохиолын онолч С.Байгалсайханыхаар яруу найраг гэгч нь:
“Шүлэг гэдэг нь авиан зүйн хувьд (хэлэгдэх хугацааны хувьд) адилхан жишиж харьцуулж болмоор харьцангуй богино зайд хэлэгдэх (уншигдах) уран сайхны бүтээл мөн. Үргэлжилсэн зохиолоос үндсэн хоёр онцлогоор ялгаатай байна.
• Үргэлжилсэн үгийн зохиол нь зөвхөн өгүүлбэр зүйн зогсцоор гишүүнчлэн хуваагддаг бол шүлгийн гишүүнчлэн хуваагдах чанар нь өгүүлбэр зүйнхтэй давхцах албагүй.
Үргэлжилсэн үгийн зохиолд гишүүнчлэн хуваагдахдаа нэлээд чөлөөтэй, хамаагүй бадаг бол шүлэгт энэ нь нарийн тогтсон хатуу дэгтэй байна”.
Утга зохиол судлаач шүүмжлэгч С.Энхбаярынхаар яруу найраг гэгч нь:
Яруу найраг бол ухамсар оюун санаа, сэтгэл, мэдрэмж хоёрын уулзах цэг, мэдлэг оюун сэтгэхүй хоёрын сүлэлдэх талбар, эргэцүүлэл ба зөн билгэ хоёрын учрах хаяалбар мөн”
Жинхэнэ яруу найраг нь бүрэн төгс танин мэдэхүйд ойртох эцэс төгсгөлгүй үйл явц, олон арга замуудын дотроос хамгийн нандин, хүнлэг, давтагдашгүй хувилбар юм. Яруу найргаар дамжуулан философидох нь тухайн хувь хүний зөвхөн өөрийнх нь цорын ганц сэтгэл зүрх-оюун сэтгэхүйн бүтээл болж буйгаараа шалгадаг шинжлэх ухаанаас ялгаатай бас нандин үнэ цэнтэй байдаг. Учир нь ухамсар, оюун санаа, сэтгэл зүрх хэмээх тэнгэрлэг өгөгдөхүүнтэй хүн гэгч амьтан цорын ганц давтагдашгүй хувь ертөнц юм.Тийм ч учраас хүн төрөлхтний хамгийн давтагдашгүй, тайлбарлагдашгүй нандин нууцыг нээх арга нь яруу найраг болоод яруу найргийн хэл юм.
Нэрт найруулга зүйч Отгонсүрэнгийнхээр яруу найраг гэгч нь:
Яруу найраг гэдгийг товч утгаар ойлговол шүлэг зохиолын хүний сэтгэлд нөлөөлөх уран яруу чанар юм. Шүлэглэсэн зохиолд энэ шинж нь бусад төрлийн зохиолынхоос давуу байдаг”. (Отгонсүрэн, 1974: 76)
Ер нь шүлгийн сүүл толгой холбох, үеийн тоо тохирох, хэмлэлтээ зөв нугалах тэргүүтэн нь, хүнээр зүйрлэвэл, биеийн гоо төрх, зүс царай нь юм аа. Харин уран цэцэн шүлэглэл, сонсголонтой яруу дуулдах зэрэг нь өмссөн хувцас нь юм. (Отгонсүрэн, 1974: 76)
Шүлгийн амин гол сүнс нь хүний сэтгэлд нөлөөлөх утга санаа юм. (Отгонсүрэн, 1974: 77)
МУИС-ийн багш Г.Нандинбилигийнхээр:
“Яруу найраг гэдэг бол холбоц хийгээд хэмнэлийг угалзруулах замаар хөг аялгууг бүтээх, шадыг зохион байгуулах байдлаар нүдэнд харагдах байдлыг тунхаглах буюу үгээр гоёх урлаг юм.
МУИС-ийн багш Г.Галбаярынхаар:
Уран зохиол тэр дундаа шүлэг яруу найраг нь үгийн хамгийн энергижсэн хэлбэр. Иймд үгийг увидас, шид оруулсан үгийн урлагийг уран зохиол гэж үздэг.
Монгол хэлний баялаг сайхан хүч чадал, гоо сайхныг гарамгай эзэмшсэн яруу найрагчдын нэг нь Б.Явуухулан билээ. Тэрбээр өөрийн хэлснээр “үгэнд жигүүр ургуулахдаа” үнэхээр авьяаслаг нэгэн билээ. Үгэнд жигүүр ургуулна гэдэг үгийн гоо сайхныг машид мэдрэх чадварын илрэл юм. Түүнийхээр бол яруу найраг гэгч нь:
“Яруу найраг /ер нь уран зохиол/ нь юуны өмнө хүний сэтгэл санааны шинжлэл мөн (Б.Явуухулан, 1983).
Яруу найраг гэдэг хүний дотоод сэтгэхүйн толь (Б.Явуухулан, 1983).
Яруу сайхны мэдрэхүй заавал ямар нэгэн гоо сайхан юмаар дамжиж сэтгэлд буудаг. Яруу найргийг хамгийн сайн хүлээж авдаг үе бол залуу нас юм (Б.Явуухулан, 1983).
Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийнхоор яруу найраг гэгч нь
