Ш.Сүрэнжав: Гуниг гэдэг хүний зүрх сэтгэлийн сувд эрдэнэ

Б.Мөнх-Эрдэнэ
6 min readMar 14, 2019

--

Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавтай хөөрөлдлөө. Түүнийг утга зохиолын хүрээнийхэн цалгисан их авьяастай, тэнгэрээс заяатай найрагч хэмээдэг билээ.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ. Унших, бичихэд хэр их цаг зарцуулж байна?

-Өглөө эрт сэрэх дуртай, тархи толгой их сэргэг байдаг юм. Тэгээд л үүрийн дөрвөн цагт босоод юмаа бичдэг дээ. Зарим улс шиг нухаж үйлээ үздэггүй. Би сэтгэлийн хоёр туйл дээр бичдэг. Баярлаж, хөөрч, догдолж, омогшсон үедээ юм ч уу, нэг бол их гунигтай, уйтгартай байхдаа бичдэг юм. Гуниг гэдэг хүний зүрх сэтгэлийн сувд эрдэнэ. Өег амгалан байхдаа шүлэг бичиж чаддаггүй. “Ерэн баатарын дууль” найраглалаа ямар булш бунхны газар шүлэг бичилтэй машинаасаа түрүүлж буугаад л арав, хорин минутад биччихсэн. “Багш” найраглалыг өдрийн хугаст л бичсэн. Шүлэг бичихдээ эхэлж хөг аясыг олох их чухал. “Арав дахь хавар” гэдэг дууг би сайндаа бичсэн юм биш. Арав төгсч үзсэн хүн учраас бичсэн. Би Налайхын 10 жилийн сургуулийн анхны төгсөгч юм. 1958 онд төгсч байлаа. Нэг өдөр хичээлээ тараад нар хэвийх алдад уулан дээр хичээлээ давтдаг байсан үе минь санаанд буулаа. Тэндээс л

Униар татсан хаврын орой” гэдэг ганц мөр буув. Энэ мөр л хөглөж өгсөн юм. Тэгээд л

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ

гэдэг бадаг төрсөн юм. Үүн шиг өнгө аясыг л олж бичих чухал санагддаг юм.

-Таны хувьд дөрвөн улирлын алинд нь илүү зохиол бүтээл дээрээ төвлөрч ажилладаг вэ?

-Хавар, намар хоёр түлхүү бичдэг юм. Энэ улирал найрагчдын онгодыг сэргээж өгдөг. Байгаль дэлхий хөдөлгөөнд ордог учраас яруу найрагч хүн үүнийг нь мэдэрч цаасан дээр буулгадаг байх.

-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Энэ нь өмнөх бүтээлүүдээс тань юугаараа онцлог болж байгаа вэ?

-Сүүлийн үед хүн унших, хүнд өгөөжтөй ном бүтээж уншигчдадаа өргөн барихаар ажиллаж байна. Хүмүүсийн хөрөг бичиж байна даа.

-Анх яруу найраг бичиж, утга зохиолын ертөнцөд хөл тавьж байсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Бага залуудаа шүлэг бичиж үзээгүй хүн гэж байхгүй байх. Их сургуулийн яруу найргийн дугуйлан, үдэшлэг цэнгүүн болгонд ордог байв. Надгүй үдэшлэг болбол “хаашаа юм, яагаад надгүй хийж байгаа юм” гэх шахуу явлаа /инээв/. 1960 оны эхээр, одоо чиний алба хашиж байгаа “Үнэн” сонинд Ц.Гайтав анхны шүлгийг минь хэвлэж өгч байсан юм. Шүлгээ хэвлэлд гаргачихаад хүүхэдтэй болчихсон мэт л хөөрцөглөж байлаа. Тэгээд дараахан нь 1962 онд “Залуу зохиолчдын шүлгийн анхны түүврийн уралдаан” зарласан. Тухайн үед яруу найраг бичдэг шүлэгч хүн бүхэн л оролцож байсан санагдана. Нийт 117 түүвэр ирсэн гэдэг байх шүү. Тэр уралдаанд одоогийн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн, Ж.Шагдар бид гурвын түүвэр тэргүүн байр эзэлж учиргүй их баярлаж байлаа. Бид гурав ч бие биедээ дуулгатал нэг нэгэндээ итгэж өгдөггүй. “Дамшиг чинь намайг чадахаар тоглож байна” гэж муу санаалахгүй юу. Тэгээд гурвуулаа цуг шөнийн 12.00 цаг болж байхад хэвлэх үйлдвэрийн жижүүрт загнуулан байж сонины тасархайгаас түрүүлсэн нэрээ олж үзэж байлаа /инээв/. Тэгэхэд л жигтэйхэн их баярласан хүн унтаж чаддаггүйг мэдэрсэн шүү. Ойр дотны нөхөртөө хэлж онгирмоор ч юм шиг, үеийн нөхдөдөө дуулгаж доргимоор ч юм шиг болдог юм билээ. Тэгээд л анхны түүврийн баяраа үеийн нөхөр Р.Чойномын гэрт хийсэн. Тэгэхэд Р.Чойномынх дөрөвдүгээр дэлгүүрийн хавьд байсан санагдана.

  • Та Р.Чойномтой их дотно байсан. Энэ хүний тухай сайхан дурсамж хүүрнэх үү?

-Одоо ч тухайн үед шоронд байсан, архи уудаг байсан л бол Р.Чойномын найз гэж ярьдаг болж. Тухайн үедээ тийм байгаагүй шүү дээ. Тэрбээр “Тэнэг цэцэн хөрөг бэлдчихээд тэмээний бөх шиг ижилдэж явлаа” гэж надад шүлэг бичиж өгч байсан юм. Бид шүлгээр л нэгнээ сэрээдэг байсан юм. Одоогийн залуус тэр миний санааг аваад биччихсэн байна гэж нэгэндээ атаархан хар санадаг болж. Р.Чойном “Хүн” романаа бичихдээ

“Урсгал туулын сэрүүн дэнж

Уушиан дэнгийн эрээн багана,

Униар татсан олон барилга

Улаанбаатар минь сайн байна уу”

гэж эхлүүлсэн. Зүүн урдаас нь хот руу ороод ирж байгаа юм шиг дүрсэлсэн. Би тэгээд сэрээд “Жүжигчин” найраглал бичихдээ

“Удахгүй жүжигчин гэдэг

Уянгын найраглал сэдэвлэн бичиж

Улсын театрын хилэн хөшгийг

Уншигч таньд нээж магадгүй”

гэж бичиж бие биеээ сэрээдэг байлаа. Р.Чойном их авьяастай хүн байсан. Зураг зурдаг, сийлбэр хийдэг, сэтгэл нь хөдлөхөөр оросоор шүлэг бичдэг байв. Өөрийгөө ихэд боловсруулсан хүн байсан даа. Ер нь П.Бадарч, Ш.Дулмаа, Б.Пүрэвсүрэн, Р.Чойном гээд бидний үеийнхэн нэгнээ сэрээдэг байж. Биднийг залуу байхад нийгмийн оюун санааны сэтгэлгээг сэрээсэн хүн бол Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Явуухулан нар юм. Тэднээс гэрэл гэгээ сайн сайхан зүйлсийг нь бид өвлөн авсан. Бас архи дарс уудаг, авгай хүүхэн ярьдаг юмыг нь авсан байх /инээв/.

-Монголын утга зохиолын домог болсон хүмүүсийн талаар танаар яриулахад амттай байна. Донровын Намдаг гуайтай та бас л ойр явсан байх?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол зүйл. Амьдрал бол мөнхийн багш. Амьдралаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас гэдэг бол эмзэглэл” гэж Намдаг гуай онцлон хэлдэгсэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа алгадаад “Муу зохиол бичсэнээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал. Тэгж өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж нухацтай өгүүлсэн билээ. 1970 оны өвөл Намдаг гуайтай Дундговь аймагт “Уран үгсийн чуулган”-аар цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун хоёулхнаа цастай талаар агаарт сэлгүүхэн алхаж явахдаа нэгэн зүйлийг аминчлан асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа. “Нацагдорж архинаас болсон гэлцдэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж байгаагүй. Шөнийн хэдэн цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг. Та энэ бүхний хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ?” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхсанаа дуугаа өндөрсгөн толгойгоо цогнолзуулаад “Тэгэхээр бол ийм юм. Хэрвээ би архи уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя гэж боддоггүй юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг үзүүлсэн хүн билээ. Энэ хүний үг миний нэг насны турш мартагдсангүй. Ухаантны үг тийнхүү мэргэн тарни лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь Намдаг гуайд хадаг барьж шавь орсон ч түүнээ нэг их ярьдаггүй юм.

-Монголын шинэ үеийн утга зохиол, түүний төлөөлөгчдийн талаарх таны бодол ямар байдаг юм бэ?

-Зохиолч хүнд өөрийгөө олох гэдэг их том зүйл байдаг. Өөрийгөө олсон найрагч бол Ц.Хулан юм. Яагаад ингэж хэлээд байна гэвэл

Зүлгэн дээр гэрээ бариад

Зүгээр нэг амьдрах юмсан

Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүсдэг би

Цэцдийн толгой авдаггүй төртэй болохыг хүсдэг”

гэж тэрбээр өөрийгөө тодорхойлон бичсэн. Бараг эшлэл үг болгочихмоор сайхан шүлэг. Тэр өөрийнхөө үед ч их шүүмжлэлтэй ханддаг.

“Гоцлол дуучингүй бүгд адилхан дуугарах нь

Гомдмоор ч байх юм даа миний үеийнхэн”

гэж өөрийн үеийнхэндээ хандаж бичсэн байдаг. Бас Б.Ичинхорлоо сайхан шүлэг бичдэг. Бүсгүйчүүдээс энэ хоёрыг жинхэнэ найрагч гэж үнэлж явдаг. Харин эрчүүдээс Данзангийн Нямаа, Ц.Бавуудорж хоёрыг үнэлж явдаг юм.

-Монгол зохиолчдын дэлхийд уншигдах үнэт зүйл нь нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл мөн үү?

-Тийм. Нүүдэлчдийн соёл гэдэг бидний хамгийн үнэт эрдэнэ. Байгальтайгаа зохицсон хөгжил гэдэг жинхэнэ хөгжил. Үүнийг би нас ахих тусам ойлгож байна. Бидэнд өвөг дээдэс тусгайлан хичээл ном заагаагүй ч байгаль эхээ хайрлаж хамгаалахыг далд суулгачихсан шүү дээ. “Нялх ногоо битгий тасал, наадах чинь чам шиг л ургаж байгаа нялх амьтан. Яагаад алтан харганы буйлс хугалаад ирэв чи. Булгийн нүдэн дээр сүү дусаачихав. Лусын нүд сохорчихно” гэх мэтээр зэмлэдэг байлаа. Ингээд л мэдээ орох цагаасаа байгаль дэлхийгээ хайрлаж сурсан юм шүү дээ. Бас амьтны амь таслахыг харуулдаггүй. “Чи голыг нь тасалтал гэрийн хойно байж бай”. Тэгээд төхөөрөөд дууссан хойно нь өвчүү түш гэж дууддаг байсан. Хүүхдэд мал муулахыг хүртэл харуулдаггүй байж. Гэтэл одоо орой бүр зурагтаар хүн алахыг харуулж байна. Зэрэглээн дундуур тэр холоос танихгүй айл нүүдэл хийж явахад нь домботой цай идээ аваад нүүдэл тос гэдэг байсан. Огт танихгүй хүн морь мал эцлээ гэхэд зүгээр эмээлтэй морио өгөөд л эмээлийг нь намар үүгээр явахдаа өгөөрэй гээд л явуулчихдаг байж. Одоо танихгүй хүнд өгчихвөл морь ч үгүй, эмээл ч үгүй болно. Нүүдэлчдийн соёл гэдэг ийм л сайхан, монгол хүний ёс жудгийн нарийн нандин зүйл юм даа.

-Та өөрийн бичсэн зохиол бүтээлээсээ хамгийн сайн болсон хэмээн олзуурхаж “тоодог” нь

-“Жинхэнэ урлаач хүн л эрмэлзлээр шаналж, магтаалын үг түүнд зүрхний хатангиршлаас хамгаалах сэтгэлийн витамин юм” гэж Галина Серебрякова хэлсэн. Монголын энэ сайхан оронд төрсөн заяа золдоо бахархах, зураг төөрөгтөө баясах сэтгэл төрдөг. Тиймээс

“Дэлхий дээгүүр зөндөө л нэг явлаа

Дэли, Нью-Иорк, Парисаар ч орлоо

Дэнж дээрээ л би ганцхан жаргалтайг ухаарлаа

Дэлхийд Монгол минь байвал би байна гэж бодлоо”

Монгол оронд минь бусад газар байдаггүй давтагдашгүй гайхамшиг цогцолсон шүү дээ. Түүнийг шүлэг найрагтаа тусгахыг хичээгээд

“Уул нь нүдэн дээр

Цэцэг нь өлмий дор

Тэнгэр нь толгой дээр цэнхэртэж байдаг

Тийм орон хаана байна”

гэж бичсэн минь сэтгэлийн уулгалал биш зүрхний минь үг юм. Анх ном заасан ачит багшаа санан санан байж “Багш” найраглалыг бичсэн. Бөх болохсон гэж бодож байгаад “Гарьд магнай”-г бичсэн. Гоо сайхныг эрхэмлэж яваад “Эртний сайхан чуулга”-д орсон маань хүн болсны хувь заяаны нэг хэсэг гэж боддог. Би найрагч хэмээх миний хувь заяаны зурлагыг зурж өгсөн бурхан тэнгэртээ талархаж явдаг. Яагаад гэвэл “Шашин шүтлэг сүсэг бишрэл холддоггүй” гэж Далай лам хэлсэн. “Инээмсэглэл бол хүний царай дээрх гэгээн төрх юм” гэж XIV Далай лам хэлсэн байдаг. Үүнийг та бүхэн санаж байх хэрэгтэй. Юманд сэтгэл ханамжтай явах сайхан. “Сэтгэл ханамжийн мэдрэмж нь аз жаргалын түлхүүрийг гартаа барьсантай адил” гэж XIV Далай лам хэлсэн байдаг.

“Монголын Үнэн” сонин. 2016.05.30 Даваа №101 (23123)

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

No responses yet

Write a response