XXI ЗУУНЫ МОНГОЛЫН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЫН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛ
(Г.Аюурзанын зохиолын жишээн дээр)

Товч агуулга: Тус өгүүлэлд ХХI зууны монголын хүүрнэл зохиолын хөгжлийг Г.Аюурзанын зохиол бүтээлүүдээр төлөөлүүлэн авч үзжээ. Г.Аюурзанын үргэлжилсэн үгийн бүтээлүүд өвөрмөц өгүүлэмж, хэлбэрээрээ монголын нэн шинэ үеийн уран зохиолын нэгэн содон хуудсыг нээж байна. Г.Аюурзана Монголын эзэнт гүрний түүх, тэдний үлдээсэн биет болон биет бус соёлын элементүүд, төрийн түүх, баримт материал, судалгааг зохиол бүтээлдээ ашиглаж эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын шинэлэг хэлбэрийг бий болгож байна.
Түлхүүр үгс: Г.Аюурзана, өгүүллэг, тууж, роман.
УДИРТГАЛ
ХХ зуун түүх болон улираад 20-оод жил болжээ. Энэ хугацаа нь үндэстний урлаг, уран зохиолын түүхэнд богинохон хугацаа мэт боловч хүн төрөлхтний түүхийн хувьд хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжил гарсан, цахимжсан, олон нийтийн сүлжээ дэлхийг бүрхсэн, магадгүй виртуал нийгэм, ертөнц бий болсон, хөгжлийн нэгэн өвөрмөц үеийг туулж байна. Энэ ч үүднээс энэ үеийн нийгмийн байдал тухайн цагийн уран зохиолд хэрхэн нөлөөлөв гэдгийг нарийвчлан тодруулах шаардлага, цаг хугацаа нь ч нэгэнт ирсэн гэж бид үзэж байна. Тиймээс бид энэ удаад ХXI зууны монголын үргэлжилсэн үгийн зохиолын хөгжил, цаашдын төлөв, чиг хандлагыг зохиолч Г.Аюурзанын бүтээлүүдээр төлөөлүүлэн тодруулахыг зорин энэхүү өгүүллийг бичиж байна.
Сэдвийн судлагдсан байдлын хувьд бидний олж үзсэнээр утга зохиол судлагч, шүүмжлэгч Ч.Билигсайхан “Хүүрнэл зохиолын өнөө маргааш” (2004), С.Энхбаяр “Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс”(2008), Ж.Отгонсүрэн “Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж” (2013), судлаач Г.Батсуурь “Бөөгийн домог мөхлийн домог” (2014), “Ендэр мөнгөн хуур” (2016), “Саглагар мод” (2016), У.Бямбаням “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь “Судасны чимээ” (2015), “Нэг цагаан, нэг хар, бас нэг улаан уул” (2015), “Цуйрайнаас төрөгчийн зуун”(2018), Б.Баясгалан “Зохиож болох дурлалууд”(2015), Х.Чойдогжамц “Нэвтэргүүн бичвэр” (2016), “Бүтээлийн амин сүнс “битүү дүр”-дээ нуугддаг” (2014), Б.Алтанхуяг “Хар, цагаан, улааны мөн чанарт хаан “жангар” амьд” (2015), “Зөн билиг үзүүлэгч зүүднүүд” (2015) зэрэг уран сайхны шүүмж бичсэн байна.
Зохиолч Г.Аюурзана хүүрнэл зохиолын төрлөөр “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиол” (2001), “Илбэ зэрэглээ” (2003), “Арван зүүдний өр” (2005), “Амь тавьж буй шувууны далавч” (2006), “Цуурайнаас төрөгсөд” (2007), “Бөөгийн домог” (2010), “Шүгдэн” (2012) “Цагаан хар улаан” (2014), “Судасны чимээ” (2015), “Дурлал зохион бүтээгч” (2015), “Сахиуст хангайн нууц” (2018), “Сүнсний томьёо” (2019) зэрэг бүтээл хэвлүүлжээ.

Түүний эхэн үеийн бүтээлүүд иргэншил, хотжилт, цаашлан хүнийслийн тухай өгүүлснээрээ ихээхэн онцлогтой. Тэрбээр зохиолууддаа нийгэм, хувь хүний асуудлыг зоримог дэвшүүлэн тавьдаг бөгөөд нэн шинэ хэлбэр, агуулгатай “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүт хүүрнэл зохиолууд” номдоо нийгэм болон бие хүний харьцаа, зөрчлийг хурцаар гаргажээ. “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Амь тавьж буй шувууны далавч” түүвэрт орсон өгүүллэгүүд нь тус тусдаа бие даасан зохиол ч цаад мөн чанар, өгүүлэмжээрээ холбогдон нэгдмэл нэгэн санаа илэрхийлсэн мета роман юм. “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” нь Г.Аюурзанын хүүрнэл зохиолын анхны түүвэр бөгөөд “Цасны роман” тууж, “Хэвтрийн хүн” роман, есөн эсээ зэрэг зохиол нь энэ номд багтжээ. Судлагч шүүмжлэгч Ч.Билигсайхан уг номыг “ХХI зууны Монголын уран зохиолын шинэ нүүр царай гэхэд эргэлзэх хэрэггүй” гэж үзээд, цааш нь “Цасны роман” тууж болон “Хэвтрийн хүн” романыг постмодерн сэтгэлгээгээр бичигдсэн төдийгүй “Шинэ зууны дэлхийн ийм хэлбэрийн бүтээлийн хэмжээнд бодол ухаарал, сэтгэлгээ, ур дүрслэл, аль алинаараа бүрэн хүрчээ” (Ч.Билигсайхан, 2002) хэмээн дүгнэжээ. Тус роман бол бүхэлдээ нийслэлийн түүх юм. Дурлалгүй нийслэлийн аялгуу болсон уг номд төвлөрөл ихсэх тусам хүн төрөлхтөн хаашаа явж буйг эмгэнэлт, ганцаардмал, хүнийссэн хувь хүмүүсийн жишээн дээр илэрхийлэн үзүүлсэн байна. Романы 15 хэсэг тус тусдаа бие даасан зохиол ч цаад мөн чанар, өгүүлэмжээрээ холбогдон нэгдмэл нэгэн санаа илэрхийлнэ. Тус номд орсон “Цасны роман” бичил туужид үнэн худал нь үл мэдэгдэх эртний хууч яриа, нэгэн тосгонд болсон цасан хунгарын тухай өгүүлнэ. Утга зохиол судлагч, шүүмжлэгч Ч.Билигсайхан тус зохиолын талаар “Социализм хэмээх нийгмийг аймшигт цасан дор монголчууд яаж, юу хийж байсныг уран сайхны болзолт дүрслэл хэмээх модерн сэтгэлгээний аргаар Г.Аюурзана ийнхүү гайхалтай үзүүллээ” (Билигсайхан, 2004) гэж онцлоод “Цасны роман” нь ердөө хорин хоёрхон тал хуудас. Тэгсэн мөртөө социализмын эмгэнэлт амьдрал нэн тодорхой, бүрэн бүтэн багтжээ. Энэ зохиолын үг өгүүлбэр бүр нь тодорхой утгатай. “Цасан дор өвөлжих хаа очиж дулаахан гэдэг” гэсэн ганц өгүүлбэрт ил байгаа утга нь ерөөсөө үнэнээс гадна социализмын үед бүх юмыг зээл тусламж, гуйлгаар болгодог байснаас нээрэн л амьдрал хангалуун халуун дулаан мэт байжээ. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс социализмын үеэ санагалзсаар байна” гэжээ. Түүнчлэн судлагч Х.Чойдогжамц “Цасан тэнгэр” дороос “жинхэнэ тэнгэр”-ийг харахаар дээш малтаж буй өрх, түүнд хүрэх 270 шатны тоо монголчуудын үндэсний ухамсар бүрэн сэргээгүй колоничлогдож явсан он жилүүдийн тойм (200+70) мэт санагджихуй” (Чойдогжамц, 2014) хэмээх тайлал хийсэн байна.

Зохиолч “Дурлал зохион бүтээгч” өгүүллэгийн түүвэртээ 2009–2015 онд бичсэн, нийт арван зургаан өгүүллэг оруулжээ. Эл түүвэрт “Хээр хоносон сар”, “Солгой гарын ноктюрн”, “Хөлөг онгоцны яндан”, “Дурлал зохион бүтээгч” зэрэг олон сонирхолтой өгүүллэг бий. Орчуулагч Г.Баясгалан тус номын тухай “Зохиож болох дурлалууд” шүүмждээ “Гол баатрууд нь зүүд, мөрөөсөл, дурсамж, аж төрөхүйн уйсал, зөн сэрэхүйдээ хөтлөгдсөн, өгүүлэгч нь залуугийн халуунаа гээж эхэлсэн идэрмэг эрийн өмнөөс өчсөн, зөрчил нь идэр насны эрийн эрт урьдын дурлалууд, эцэг-хүү, эцэг-хүүхдүүдийн харилцааг товойлгон хөвөрсөн, диалоги нь ихээ хүйтэн ухаантай, ёжтой хүний үгээр голдуу биежсэн, уур амьсгал нь бодит ахуйн гүнд яваа атлаа оюун санааны хувьд амьдралаасаа нэлээд харшиж хөндийрсөн дүрүүдийн хөшүүн, уйтай үйл байдлаас бүрдсэн, бүгд нийлээд нэг цогц өгүүлэмж илтгэх мэт нэг ийм ном. Г.Аюурзанын зохиолуудад элбэг анзаарагддаг, өнгөц харахад бидний бүгдийнх нь мэдэх эгэл амьдралыг дуулаад буй юм шиг мөртлөө хүн нэг бүрийн дотор хөгжих эгэл бус, этгээд сонин, заримдаа бүр боломжгүй ч гэмээр үзэгдэл, үйл явдал, ойлголт, шид тохиолууд энэ номын баатруудыг ч бас алгассангүй” гээд “Г.Аюурзанын баатрууд амьдралаас нэг л уйдаж залхсан, учир утгагүйдэж хүнийшсэн, үйл явдал дунд хутгалдаж орчхоод гаднаас дүгнэлт хийсэн, өнгөрснөө дурсаж ямар нэг зүйлд харууссан, тэгээд харуусал төрүүлэгч яг тэр зүйлээ буцаж очоод өөрчилчихвөл, хэрэв ингэсэн бол, хэрэв тэгсэн бол гэж төсөөлөхдөө эцэст нь тэглээ чиг гэсэндээ юу ч өөрчлөгдөх зүйлгүй, амьдрал өөрийнхөөрөө л урсах байсан гэсэн шүү бодлоор халирч ухарсан, тодорхойлж хэлэх аргагүй, шийдвэргүй, шийдэлгүй дүрүүд. Гэлээ ч орчин үеийн хүнийг бүтээгч энэ олон эргэлзээг зохиолч бээр ийн зэрэгцүүлж тавьснаараа уншигч танд ямар нэг шийдмэг бодол төрүүлэх ч юм билүү хэн мэдлээ.” (Баясгалан, 2015) гэжээ.

Г.Аюурзана 2003 онд “Илбэ зэрэглээ”, 2005 онд “Арван зүүдний өр”, 2007 онд “Цуурайнаас төрөгсөд” хэмээх харилцан шүтэлцээт гурван дэвтэр роман бичиж, тэдгээрээ сүүлд “Гурамсан цадиг” нэрээр хэвлэсэн билээ. Гурамсан гэдгийг гурваар дарж гөрсөн шиг үйл явдал, дүр, утга санааны хувьд сүлжиж, гөрөлдсөн гурван дэвтэр зохиол гэдгээр ойлгож болно. Зохиолч номоо ертөнцийн гурван хоосон буюу зэрэглээ, зүүд, цуурай хэмээх гурван хоосноор зохиомжилж, зохиолын гол үйл явдлаа “Уг түүхийн онцгой хувилбар” хэмээх зохиол доторх зохиолоор зангидан бичжээ. Зохиолд “Илбэ зэрэглээ” романы дүр Энхбат хүүдээ Бэгтэр гэсэн нэр өгснөөс үүдэн Монголын нууц товчоонд Тэмүжин Бэгтэрийг харваж хороосон үйл явдал дан ганц загас булаасны төлөөс биш, бүх Монголын хаан суух далд санааны илрэл гэсэн зохиолчийн (Энхбатын) санаагаар баяжиж гурамсан зохиолын өгүүлэмжийг холбодог. Буддын шашны гол философи болох хоосон чанарын тухай үзэл романд нэвт шингэжээ. Энэ талаар утга зохиол судлагч С.Энхбаяр “ Г.Аюурзанын гурамсан зохиолын агуулга-үзэл санаа бол чухамдаа дээр дурдсан “Очироор огтлогч” хэмээх алдарт бүтээлийн орчин цагийн уран сайханжсан тайлбар юм” гээд “Г.Аюурзанын туульсын зохиолуудын уран сайхны байгууламж, зохиомжийн онцлог, хүүрнэл арга маяг, өгүүлэмжийн бүтэц, философи гоо зүйн үзэл баримтлал тэргүүтэн бүтэц-үзэл санааны тогтолцоо нь постмодерн сэтгэлгээний хэв шинжид хамаарна” (Энхбаяр, 2008) гэжээ.

“Бөөгийн домог” бол Г.Аюурзанын бие даасан дөрөв дэх роман юм. Уг зохиолд Буриад түмний үндэс угсаа, соёл ухамсрын уналт хямралыг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн дүрсэлсэн байна. Г.Аюурзанын “Цуурайнаас төрөгсөд” (2007) романы төгсөлд зохиолын гол дүр Тэнгис Байгаль нуурын Туулайт арлыг зорьсон хэсгээс улбаалан “Бөөгийн домог” роман үргэлжилнэ. Зөвлөлтийн хатуу дэглэмийн үед бөө мөргөлийн шүтлэгтэй буриадуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж, оюун санааных нь нэгээхэн хэсэг болсон шүтлэгийнхээ төлөө хэрхэн тэмцсэн талаарх түүх, бөө мөргөлийн домог, зан үйл, өнгөрсөн үйл явдал, нийгмийн өөрчлөлт зэрэг баримтуудыг сүлж, зохиолын дүрүүдээ зөвхөн үйл явдлыг холбогч байдлаар авсан “бичвэр сүлэлдээн”-ий роман. Эл зохиолын талаар утга зохиол судлагч Г.Батсуурь “Саглагар мод” шүүмждээ “Бөөгийн домог” (2010) романд Буриадын мөхлийг Хагдай бөөгийн дүрээр үзүүлсэн нь сонирхолтой. Романд Монгол хийгээд Буриадын олон миф, домог, үлгэр, бэнсэн үлгэрүүдийг шигтгэн оруулсан нь зохиолыг туульслаг хийгээд бэлгэдэлт шинжтэй болгохыг зэрэгцээгээр өвөрмөц зохиомжтой болгосон буй. Түүнчлэн “Бөөгийн домог” романаас анзаарахгүй өнгөрөхийг аргагүй нэгэн зүйл бол “Монголын нууц товчоо”-ны нөлөө, тусгал юм. “Бөөгийн домог” романы олон дүрслэл оруулбарууд Буриад зон хийгээд монгол түмний үүсэл гарал, уг эштэй олон шижмээр холбогдох, өргөн цараатай, “Монголын нууц товчоо” хэмээх гипертекстээс улбаатай бүтээл төдийгүй манай уран зохиолын роман бичлэгт шинэ хийгээд роман бичлэгийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиол юм.” (Г.Батсуурь, 2016) гэжээ. Массачусетийн технологийн их сургуулийн дэд профессор Б.Мандухай 2013 онд хэвлүүлсэн “Зовлонт онгод:Орчин цагийн монголын бөө мөргөл, дуртгал, хүйсийн тэгш байдал” бүтээлдээ “Буриадууд олон арван жилийн улс төр төрийн дарангуйлал, мөлжлөг доройтлыг эерүүлэх туслалцааг бөө мөргөлөөсөө эрж хайж байсан” (Мандухай, 2013) гэсэн нь “Бөөгийн домог” романы санаатай харгалдаж буй нь ч сонирхолтой (У.Бямбаням, 2018).

Түүний “Шүгдэн” роман нь учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурхны шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол юм. Номын нэр нь төвөдөөр бол “Баригч их хүч” гэсэн утгатай. Зохиолч энэ үгээр Өвөрмонголчуудын хувь тавиланг улс төрийн хатуу систем хэрхэн барьж, дураараа залж, зольж буйг ёгт утгаар илэрхийлсэн байна. Г.Аюурзана Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ ван, орчин үеийн тэрс үзэлтэн Хүчинтөгс, Хятадаас үзэл бодлын эрх чөлөө хайн АНУ-д дүрвэж гарсан Ажиа гэгээн зэрэг бодит хүмүүсийн амьдралтай холбоотой сэдвүүдийг эл романыхаа өгүүлэмжтэй сүлэлдүүлсэн байна. Уг романд өнөөдрийн цаг үе дэх шашны дотоод зөрчил, лам нарын бизнес, энэ бүхний дунд жинхэнэ сахилдаа үнэнч явж чадаж буй хуврагууд болон буддын гүн ухааны тухай өгүүлжээ. Романы нэгэн өвөрмөц өгүүлэмж бол зүүд. Энэ талаар Ж.Отгонсүрэн “Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж” шүүмждээ “Шүгдэн роман бол зохиолчийн сэтгэлийн гүнд боловсорсон, ялангуяа, зөн мэдрэмжийн өгүүлэмж, буддын сургаалыг нэлээд гүн судалсан, дотогшоо хандсан ажиглалт, түүнийгээ танин мэдсэний үндсэн дээр бичигдсэн шинжтэй. Энэ бүтээлийг сэтгэл судлалын болоод философийн үүднээс ч тайлбарлаж болох, оюуны болоод итгэл үнэмшлийн мөн чанарыг эрэлхийлдэг, бодож уншдаг мэдрэмжтэй уншигчдын тухайд бол гүн ухааны сэтгэлгээнд нөлөөлөхүйц бүтээл” (Отгонсүрэн, 2013) гэжээ.
Монголын ард түмэн туульсын арвин баялаг уламжлалтай. Түүн дотор хамгийн том байртай баатарлаг тууль бол “Жангар”. “Жангар”-ын тууль нь Монгол улсад төдийгүй Ижил мөрний Халимаг, Харголын Халимаг, Буриад, Тува, Шинжааны монголчуудын дунд өргөн тархсан ихээхэн цар хүрээтэй, гүн утга бэлгэдэлтэй тууль билээ. Уг туулийн судалгаа өргөн бөгөөд үе үеийн монгол судлаачид мөнхүү туулийн талаар олон бүтээл туурвисан бий. Харин уг туулийн уламжлал хийгээд хайлахуйн учир зүйг уран сайхны зохиолд амилуулан бүтээсэн нэгэн бүтээл гарсан нь зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын 2014 онд хэвлүүлсэн “Цагаан хар улаан” роман юм.

Г.Аюурзана “Цагаан хар улаан” (2014) романдаа уран бүтээлч хүний дотоод ертөнц, торгууд ястны домог зүйн сэтгэлгээ, туульсын уламжлал, хайр дурлалын тухай өгүүлжээ. Зохиолоос Торгууд хийгээд олон монгол түмний уусан харьжиж буй эмгэнэл, Жангар хийгээд эртний баатарлаг туульсаа мартан гээж буй үндэстний мөхөл мэдрэгдэх ба монголын тал нутгийг булш тоногчид тонож буй гашуун үнэнийг үзэж болно.

“Судасны чимээ” нь Г.Аюурзанын ес дэх роман юм. Зохиолч романдаа төрийн цогт эрдэнэ хэмээх нандин шүтээн, уламжлалт бариа засалд тулгуурлаж монгол угсаатны язгуур сэтгэлгээний онцлогийг харуулахыг зорьжээ. Шунал хүслийнхээ боол болсон Мэндээгийн дүрээр дамжуулж Лигдэн хааны гурван эрдэнэ хэмээх домгийн өгүүлэмжээр зохиол эхэлнэ. Юань улсын төрийн их хасбуу тамга, Хубилай хааны алтан махгал бурхан, алтан “Ганжуур” судар эд төрийн цогт гурван эрдэнэ болой. Мэндээ алтан махгал бурхныг олох зорилготой Манж улсын эртний нийслэлд очин санамсаргүйгээр өндөр барилгын дээрээс унаж бэртэнэ. Түүнийг лам нар хорчин бариач Алтан-Уулд хүргэснээр зохиол өрнөнө. Зохиолч романы бүлэг бүрийнхээ эхэнд Шекспирийн “Гамлет”-ийн хэсэг, “Улисс” романы Стифен Дедалусын үг, Жак Деррида, Пауль Фейербендийн философи санаа, Раймонд Карверийн өгүүллэгээс эшилж, хайкү хэлбэрийн шүлэг шигтгэн, “БИТЛЗ”-ийн дуу, төрийн цогт эрдэнийн домгоор зохиолынхоо дотоод холбоосыг мэтгэжээ.

“Сахиуст хангайн нууц”(2018) нь Г.Аюурзанын арав дахь роман юм. Зохиолыг Пүрэв гүний ураг удмын намтар цадигаас сэдэвлэн, аман яриа, домог хуучинд тулгуурлан бичсэн байна. Романы гол дүр нь Баянхонгор аймгийн ятган хуурч Пүрэв гүн хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжав юм. Пүрэв гүн нь язгууртны сонгодог боловсролтой, хосгүй авьяаслаг хөгжимчин ноён байжээ. Пүрэв гүний золгүй хайр сэтгэлийн тухай өгүүлсэн эл түүхэн романы гол өгүүлэмж нь уул усны эзэн лус савдаг, онгод сахиусны тухай юм. Эл романы тухай Монголч эрдэмтэн Мариа Петрова “Монгол судлалын холбооны Азийн II хурал-2018”-д тавьсан илтгэлдээ “Орчин үеийн Монголын нэрт зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Сахиуст хангайн нууц” романууд нь шидэт реализмын бичлэгийн хэв маягтай. Зохиолч “Сахиуст хангайн нууц” романдаа хүний мөн чанар, ертөнцийг үзэх үзлийг тухайн нийгэм цаг үеийн байдалтай холбож зохиомжилжээ. Баянхонгор аймгийн нэгэн зууны өмнөх түүхийг Пүрэв гүн хэмээх хошуу ноёнтны амьдралаар төлөөлүүлэн бичжээ. Зохиолч тухайн үеийн нийгмийг ид шидийн гэмээр дүрсэлсэн нь Г.Г.Маркесийн алдарт “Зуун жилийн ганцаардал” романтай төстэй болжээ” (Petrova, 2018) хэмээжээ. Монголын эзэнт гүрний түүх, тэдний үлдээсэн биет болон биет бус соёлын элементүүд, төрийн түүх, баримт материал, судалгаа гээд дан ганц эрэл ч бус, танин мэдэхүй, түүхийн чухал баримтуудыг багтааснаараа эдгээр роман онцлог.
Хэдий тийм ч зохиолч Г.Аюурзанын үргэлжилсэн үгийн бүтээлийн арга барил, дүр дүрслэл, агуулга, хэлбэрийн хувьд давтагдсан шинжтэй, загварт орсон байдал ажиглагдаж байна. Зохиолч, хэн нэгнийг хайх эрэл хайгуулаар зохиолоо өрнүүлээд, тэр эрэл хайгуулынхаа дунд танин мэдэхүй, түүхийн өгөгдлүүдийг шигтгэдэг. Эдгээр зохиолын гол баатрын эрэлд гарах шалтгаан нь бүгд ижил бүтэлгүй дурлал, бүсгүй хүн. “Бөөгийн домог” зохиолын гол дүр Тэнгис бүтэлгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтан ямар нэгэн далдын зүйл хайж хэдэн бөө даган Байгаль нуурын Туулайт аралд очин улмаар Хагдай бөөтэй уулзаж Бурхан хадны тухай сонсоод уг хаалгыг олж үзэхээр Туулайт аралд үлдээд Хагдай бөөгийн түшээ хийхээр шийдэж буйгаар зохиол цааш өрнөн Монголын уламжлалт шашин бөө мөргөлийн тухай өгүүлдэг. “Хар цагаан улаан” роман ч мөн адил гол дүр Рэнцэнраа нэгэн хөнгөмсөг охинтой орооцолдон, улмаар эхнэрээсээ салах болоод хүүдээ зориулж гурван уул зурахаар Ховд аймгийн Булган суманд очиж Намаржаан туульчтай уулзсанаар зохиол цааш өрнөн Монголын уламжлалт туулийн талаар өгүүлсэн байдаг билээ. “Судасны чимээ” романд ч өмнөх зохиолуудад туссан ямар нэгэн зүйл хэн нэгнийг хайх урт удаан хугацааны эрэл бий. Энэ зохиол Бурхан, тамга мөшгөгч Мэндээ, хайр дурлалынхаа шаналлаас хагацаж түвдээгүй Насаа, монгол эм эмнэлгийн уламжлалыг хадгалсан Алтан Уул бариачийн дүрээр дамжин монголын уламжлалт бариа заслын тухай өгүүлнэ. Харин Монголын эзэнт гүрний түүх, тэдний үлдээсэн биет болон биет бус соёлын элементүүд, төрийн түүх, баримт материал, судалгаа гээд дан ганц эрэл ч бус, танин мэдэхүй, түүхийн чухал баримтуудыг багтааснаараа эдгээр роман онцлог. Иймэрхүү бядан явагчийн шабломдах маягийн зохиомж нь романуудыг нэг уур амьсгалтай болгож буй бөгөөд нэг талаасаа уйтгартай ч нөгөө талаасаа зохиолч өөрийн дүрслэлийн өвөрмөц арга, баримт уран сайхныг хослуулсан өгүүлэмж, эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын шинэлэг хэлбэрийг бий болгож байна. Нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй онцлогийг, сэтгэл зүй, гүн ухаан, үзэл санааны өвөрмөц ертөнцийг нээн харуулснаараа тэрбээр Монголын уран зохиолд нэгэн шинэ зам татаж байна.
Түүний “Бөөгийн домог”-оос эхлүүлж “Судасны чимээ”-ээр төгсгөж буй дөрвөн романд Монгол үндэстний орон зайн тухай нэгэн мөчлөг (цикл)-ийг харуулсан байдаг. Энэ дөрвөн роман нэг уур амьсгалаар бичигдсэн, анхнаас нь тэгж төлөвлөсөн ажил болно. Түүний романуудыг хамгийн бүдүүвчилсэн байдлаар үечилбэл:
I- “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” зэрэг туршилтын романууд буюу дотоод ертөнцөө илэрхийлэх үе.
II- “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан, хар, улаан” зэрэг үндэсний сэтгэлгээ бүхий үзэл санаа дэвшүүлсэн үе
III- “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томьёо”- оороо шинэ мөчлөгөө эхлүүлж байна.
Түүний мөчлөг романуудад өгүүлэмжийн гурван шинж бий.
Нэгдүгээрт, монголын ард түмний ахуй амьдрал, хүн зоны аж байдал, хайр дурлалыг дүрсэлсэн суурь өгүүлэмж
Хоёрдугаарт, үлгэр домгийн дүр буюу шидлэг байдал
Гуравдугаарт, Монголын түүхийн ямар нэгэн зурвас үе, эрт эдүгээ, домгийн цагийн өгүүлэмж.
Эл гурван гол өгүүлэмжээс түүний зохиолуудын ерөнхий бүтэц бүрэлджээ. Бэлгэдэх, үлгэр домгийн үйл явдлыг зохиолдоо шингээх, төлөөлүүлэх, егөөдөх аргыг ашиглан түүхэн үйл явдлын талаар өгүүлж тэрхүү үйл явдал нь орчин цагийн Монгол орны үнэн төрхийг илчилдэг нь Г.Аюурзанын туурвил зүйн гол онцлог гэж хэлж болно.
ДҮГНЭЛТ
1. Зохиолч Г.Аюурзана нь баримт уран сайхныг хослуулсан өгүүлэмж, эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын шинэлэг хэлбэрийг бий болгож байна. Нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй онцлогийг, сэтгэл зүй, гүн ухаан, үзэл санааны өвөрмөц ертөнцийг нээн харуулснаараа тэрбээр Монголын уран зохиолд нэгэн шинэ зам татаж байна.
2. Бэлгэдэх, үлгэр домгийн үйл явдлыг зохиолдоо шингээх, төлөөлүүлэх, егөөдөх аргыг ашиглан түүхэн үйл явдлын талаар өгүүлж тэрхүү үйл явдал нь орчин цагийн Монгол орны үнэн төрхийг илчилдэг нь Г.Аюурзанын туурвил зүйн гол онцлог.
3. Монголын түүхийн ямар нэгэн зурвас үе, эрт эдүгээ, домгийн цагийн өгүүлэмж. Эл гурван гол өгүүлэмжээс түүний зохиолуудын ерөнхий бүтэц бүрэлддэг.
SUMMARY
The article considered the development of Mongolian fictional literature exampling with the writings of G.Ayurzana. The novel of G.Ayurzana made a new page in Mongolian modern literature with its distinctive features. G. Ayurzana formed a new style by using the history, objective and nonobjective cultural heritage of the Great Mongolian Empire also based on folklore.
НОМ ЗҮЙ
1. Батсуурь Г. (2016). Саглагар мод. Уб.,
http://choidogjamtsism.blogspot.com/2016/11/blog-post.html
2. Баясгалан Б. (2015). Зохиож болох дурлалууд. Уб.,
3. Билигсайхан Ч. (2004). Монголын хүүрнэл зохиолын өнөө маргааш. Уран зохиол судлал. Уб., Боть ХХYI.
4. Бямбаням У. (2018). Цаг хугацаа хэлнэ. Уб., Тагтаа паблишинг. 301
5. Отгонсүрэн Ж. (2013). Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж. Уб., https://otgoojargal.wordpress.com/2015/01/29/
6. Чойдогжамц Х. (2014). Бүтээлийн амин сүнс “битүү дүр”-дээ нуугддаг. Уб., http://choidogjamtsism.blogspot.com/2014/10/blog-post.html
7. Энхбаяр С. (2008). Утга зохиол дахь “баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс. Утга зохиолын онол. Уб. Чөлөөт Монгол. 160 х
8. Manduhai Buyandelger. (2013). Tragic Spirits: Shamanisms, Memory and Gender in Contemporary Mongolia. University of Chicago Press. 314 pages
9. Petrova Maria (2018). Mongolia of the 20th century beginning in the Novel by G.Ayurzana “Sacred Hangay’s Secret”. Asian Seminar Ⅱ of the International Association for Mongolian Studies in 2018. “Mongols in the 20th Century”. 64 pages