МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ ДАХЬ “ҮНЭР ХӨЛӨГЛӨГЧ”-ӨӨР МЭДРЭМЖЭЭ ИЛЭРХИЙЛЭХҮЙН УЛАМЖЛАЛ

Б.Мөнх-Эрдэнэ
14 min readFeb 5, 2025

--

(Д.Пүрэвдоржийн яруу найраг дахь “салхи”-ний дүрслэлийн жишээгээр)

Удиртгал

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нь монгол яруу найргийг уянгалаг аяс, уран санаагаар баяжуулахад цэцэн цэлмэг хэллэг бүхий уран тод дүрслэлтэй бүтээлээрээ хувь нэмэр оруулж, ялангуяа найраглалын төрлөөр олон шилдэг зохиол туурвисан яруу найрагч билээ. Түүний уран бүтээлийн онцлог, туурвил зүйн уран чадвар, бүтээлүүдийнх нь үнэ цэнийг олон эрдэмтэн судлаач судалж өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлт өгчээ. Тухайлбал, Ж.Амраа “Д.Пүрэвдоржийн уран бүтээлийн үндэсний шинж, туурвил зарим онцлог” (2004) сэдвээр ганц сэдэвт зохиол, “Дэндэвийн Пүрэвдорж” (2004) намтар, уран бүтээлийн товчоон ном бичиж, Г.Жамсранжав, Д.Цэнд, Л.Хүрэлбаатар, Х.Сампилдэндэв, С.Лувсанвандан, Ц.Мөнх, Д.Цэдэв, Ч.Билигсайхан, Ш.Цэнд-Аюуш, Ч.Дагвадорж, Д.Ёндон, Д.Өлзийбаяр, Б.Ганбат, До.Цэнджав, Ц.Сүхбаатар, монголч эрдэмтэн Л.К.Герасимович зэрэг судлаач, шүүмжлэгч шинжлэн судалж, үнэлж цэгнэж байсны зэрэгцээ Ц.Дамдинсүрэн, С.Дашдооров, Б.Лхагвасүрэн, С.Эрдэнэ, Д.Цоодол, Б.Явуухулан зэрэг зохиолчид түүний бүтээлийг өндрөөр үнэлжээ.

Тодруулбал, “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-III” ботид “Д.Пүрэвдоржийн уран бүтээл, сэдэв, төрөл хэлбэрийн аль алинаар маш баялаг. Дөрвөн мөртөөс эхлэн шүлгийн бүхий л хэлбэрүүд, дууль, найраглал, магтуу, дуурийн цомнол гэх мэтчилэн яруу найргийн бичээгүй төрөл хэлбэр бараг байхгүй гэж хэлж болно (1998: 131) гээд “Д.Пүрэвдорж яруу найргийн амин сүнс болсон уран санааг соргог олж түүнээ ургуулан бодож ардын аман зохиолын уламжлалыг баяжуулан шүлэглэдэг найраг билээ… Монгол ардын аман зохиолын баялаг уламжлалд өсөж бас дэлхийн сонгодог яруу найргийн шилдэг дээжистэй танилцсан Д.Пүрэвдоржийн бүтээлийн өвөрмөц онцлог нь ардын аман зохиолын цэцэн цэлмэг хэллэгийг орчин үеийн яруу найргийн сэтгэлгээтэй хослуулан уран тод дүрслэлтэй бичдэгт оршино” (1998: 151–152) хэмээсэн бол “Монголын утга зохиолын нэвтэрхий толь”-ийн II ботид “Олон сайхан найраглалаараа монгол уран зохиолын санг баяжуулсан” (2022: 365) гэж тэмдэглэжээ. Мөн МУБИС-ийн багш, судлаач нар “Утга зохиол шинжлэл” (2021) номдоо “Д.Пүрэвдорж монголын түүх соёл, зан заншил, ёс суртахууны хамаг нандин сайхан бүхнийг яруу найргийн уран үгээр цэцэлсэн” (УЗШ, 2021: 345) гэжээ.

Судлаач Д.Цэнд “Д.Пүрэвдорж бол монгол яруу найргийн өв уламжлалыг баяжуулагч, улмаар шинэ үед шинэчлэн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан их авьяастан, эх хэлнийхээ үг хэллэгийг эзэмших эрдмийн эзэн уран бүтээлч, цаг үеийн үзэл санааны тогтсон хэм хэмжээнээс хальж, уран дүрслэл, урлахуйн аргын өргөн боломжийг бүрэн дүүрэн ашигласан, өөрийгөө таньж, өрөөлийг хурцалж, монгол яруу найргийн хөгжлийг өндөр түвшинд гаргасан, орчин үеийн найраглалын төрөлд хэнтэй ч эгнэшгүй сод нэгэн төлөөлөгч, үгээс үг бүтээж шүлэглэдэг ховорхон яруу найрагч…” (Цэнд, 2010: 167–169) хэмээсэн бол Х.Сампилдэндэв “Д.Пүрэвдорж бол монголын уянгын яруу найргийн томхон төлөөлөгч бөгөөд байгаль, ус, эцэг эхийн элбэрэл, хайр сэтгэлийн гоо сайхныг нээсэн сэтгэлд нийцтэй, уран ухаалаг шүлгүүдээ бичиж уран зохиолд тод мөрөө үлдээсэн юм” гээд “Д.Пүрэвдорж улс төр, иргэний болон уянгын олон шүлэг бичсэн нь манай яруу найргийн эрдэнэсийн санд зохих байраа эзлэн оржээ. Эдгээр шүлэгт сэтгэлийн нандин уянга, улс төр, иргэний дайчин аяс, бодол сэтгэлгээний гүнзгий эргэцүүлэл цөм бий” гээд “улс төр-иргэний нийтлэл уянгад зууралданги байсан ерөнхийлөн тоочих барилаас зайлсхийн уран санаа, тод дүрслэл, цэцэн цэлмэг шүлэглэлтэй бичсэнээрээ урлах эрдмийн хувьд 1960–1970 хэдэн онд уянгын найраглалуудаараа яруу найрагт уран сайхны нээлт шинэчлэл хийсэн” (1998) хэмээн үнэлжээ.

Мөн судлаач Ч.Билигсайхан “Үг эзэгнэх эрдэм”[1] шүүмждээ: “Д.Пүрэвдоржийг яруу найрагчийнх нь хувиар хамгийн товчоор тодорхойлон хэлье гэвэл чухам “үг эзэгнэх эрдэм эзэмшсэн хүн” гэхэд бүрэн болмоор санагдана. Түүний яруу найргийн хамгийн содон шинж нь үгийн зүсийг үнэхээр нийлүүлж чаддаг явдал юм. Д.Пүрэвдоржийн богино шүлгүүдийг ажиглаж байхад хэлбэр, хэмжээ, хэмнэлийн хувьд үнэхээр зохицсон бөгөөд дууны шүлэгт их тохиромжтой юм шиг санагддаг. Д.Пүрэвдоржийн дууны шүлгийн өөр нэг содон шинж нь түүний шүлгийн хайрцагт бий. Дууны бараг бүх шүлэг нь Монголын уламжлалт шүлгийн хэлбэр болсон ягштал толгой холбож дотоод хэмнэл цохилтыг тааруулсан байдгийг хатуу мөрдсөн нь ажиглагдана. Тэр байтугай толгой сүүл хоёрыг холбож бичсэн нь ч их бий” гэжээ.

Түүнчлэн яруу найрагч Б.Явуухулан “Д.Пүрэвдоржийн уран бүтээлийн сэдэв санааны цар хүрээ маш өргөн, урлах эрдмийн хувьд өвөрмөц билээ. … Д.Пүрэвдоржийн уран бүтээлийн өнгө зүс, хэлний өвөрмөц байдлыг уран зурагтай харьцуулан жишвэл монгол хавтгай зурагтай төстэй юм шиг санагддаг” (1983: 109) гэсэн бол зохиолч С.Эрдэнэ “Найрагчийн сэтгэл”[2]- “Хөх даалимбан тэрлэг” номын өмнөх үгт “Д.Пүрэвдоржийн иргэний болоод яруу найрагчийн сэтгэл нь жинхэнэ монголын ард түмний үр садын сэтгэл, эх орон, ард түмнээ гэсэн насан туршийн ариун санаа амьдрал бүтээлийг нь гуйвуулалтгүй хөтлөн эрийн цээнд хүрснийг шүлэг зохиолынх нь мөр бадаг бүрт яруу сайхан сонсголонтой уянгалан байдгийг тод тодорхой мэдэж болохоор цэцэн билэгт яруу найрагч билээ” хэмээсэн бол яруу найрагч Б.Лхагвасүрэн “Номын тотгонд өргөх үг” (1997)[3]-тээ “Д.Пүрэвдорж найрагчийн “Шүлэг найраглал”, “Жигүүрт цагаан гэр” түүврүүд, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” гараад ирэх үед тавь, жараад оны монголын яруу найргийн “шинэ хавар” эхэлсэн” гэхчлэн үнэлсэн байна.

Түүний уран бүтээлийг судлан шинжилсэн судлаач болон зохиолчдын судалгаанаас харахад Д.Пүрэвдорж нь монгол яруу найраг дахь иргэний уянга, байгалийн уянга, найраглалын төрөлд томоохон хувь нэмэр оруулсан нь харагдаж байна. Түүнчлэн Д.Пүрэвдорж нь үгийн мэдрэмж буюу үгийг ончтой зөв байрлуулах тал дээр онцгой мэдрэмжтэй найрагч байсан нь ажиглагдаж байна.

Үг үгийн салхи нийлж найруулга бүтдэг” (Д.Галбаатар)

Д.Пүрэвдорж абугай “Үг бол утгын утсанд хэлхэх эрдэнэс мөн. Онож хэлсэн үгийн тунгалаг талстын цаанаас шүлгийн санаа нэвт гэрэлтэх ёстой. Ардын хэл үгсийн их далай. Чухамхүү тэр далайгаас оновчит үгийг олж, ончтой газар нь тавьж сурахыг үг эзэгнэх эрдэм гэвэл зохилтой. Эерүү үг эхийн элбэрэлтэй, эзэрхэг догшин үг сумын хөнөөлтэй” хэмээсэн бөгөөд түүнийхээр “Яруу найраг бол баяр гунигийн агшнаас ургасан санааг сэтгэлийн уянга, үгийн ид шидээр гоо сайхны ертөнцөд өргөмжилсөн уран өчиг юм”. Түүний яруу найрагт ажиглагдаж буй нэгэн зүйл бол “салхи” хэмээх үгийн давтамж юм. Тодруулбал, түүний “Эрээн уул” (2005) түүвэрт-31, “Гал зүрх хоёр” (2013) түүвэрт-37, “Хорин таван найраглал”-д 38 удаа “салхи”-ны дүрслэл тохиолдож байна.

Яруу найрагчийн байгальлаг шинж хийгээд ухамсрын зүйлс ялгаа байхгүй чинад алсын далд нууцлаг шинжийг хадгалж байдаг. Үүнд л яруу найргийн буюу уран зохиолын гайхамшигтай үнэт шинж хадгалагддаг байна. Тиймээс ч “яруу найргийн уран тансаг, эсвэл хээнцэр ганган, заримдаа гүн ухааны бодрол бясалгалын зэрэг янз бүрийн илэрхийлсэн дүрслэлүүдийн цаана маш нарийн мэдрэмж байдаг” (Билигсайхан, 2003:45) аж. Яруу найрагчдийн сэрэл, мэдрэмж, хүртэхүйн онцлог нь зарим тохиолдолд үгсийн давтамжаар илэрдэг байна. Ер нь “яруу найргийн сэтгэлгээнд зохиолчийн хувь бодгалийн ертөнцийг үзэх үзэл, зан төрх, үзэл хандлага тод томруун тусгагдах нь түгээмэл байдаг бөгөөд хувь хүний сэрэл мэдрэмж, хүртэхүй нь өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрч байдаг. Энэ нь зохиолч яруу найрагчдын зохиол бүтээлд үгсийн давтамжаар илэрдэг байна. Тухайлбал, Ш.Сүрэнжав, Ц.Бавуудорж нарын яруу найрагт “тэнгэр” хэмээх үг олон давтамжтай байдаг бол Д.Нямсүрэн бүсгүй хүн, сархад, цаг хугацаа гээд бүх зүйлийг “шувуу” гэх үгээр төлөөлүүлж, шувуугаар сэтгэж, шувуугаар дүрсэлдэг байна. Энэ мэт олон жишээ татаж болно” (Батмөнх, 2021: 189). Эдгээр дүрслэлийн давтамжийг зохиолчдын уянгын сэтгэлгээтэй холбож үзэж болох юм.

Орчлон бүхэлдээ үнэр юм. Тэр үнэрийг мэдрэхийн гол үүтгэл нь “салхи” гэж эртний Энэтхэгийн Веедийн гүн ухаанд үздэг гэнэ. Салхиар хөлөглөгч үнэр “оршихуйн” мөн чанарыг ч илтгэнэ. Ямархан оршихуй байна. Тийм үнэр анхилах аж.

Монгол яруу найраг дахь “салхи”-ны дүрслэлийн уламжлал

Сэтгэл гэдэг салхи. Бөхөөхөн юмнаас баттайхан уяхгүй бол дэгдээд л алга болно” (Д.Батбаяр “Ийнгаа хээр тал” туужаас)

Яруу найраг бол гуниг. Гуниг гэдэг хүний зүрх сэтгэлийн сувд эрдэнэ. Хүний сэрэхүйд бууж буй, тэрхүү торгон мэдрэмжийг “үнэр хөлөглөгч”-ийн дүрслэлээр яруу найрагчид илэрхийлсэн нь элбэг. Ерөөс салхиар хүмүүний сэтгэлийн амгалан хийгээд догдолсон, уймарсан гээд олон төлөвийг илэрхийлсэн нь бий. Бидний олж үзснээр монгол уран зохиол дахь салхины тухай дүрслэлийн талаар Д.Батбаяр “Навчсын хүүрнэл” (2007), “Салхины хөдөлгөөн” эсээ, Б.Пүрэв-Очир “Үг өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ” (2011), Р.Чүлтэмсүрэн “Залуу нас зуны шөнө шиг богинхон…” /Балжирын Догмидын уран сайхны ертөнц/ (2022) номдоо цухас дурдсан зүйлс байна.

Зохиолч Д.Батбаярынхаар “Яруу найрагт эрхэм чухал нь “салхины ганцхан санаа алдалт”. Салхины санаа алдалт байснаараа “ногоон агшнуудын” гунигийг мэдрэх болно. Энэ бол эрхмээс эрхэм. Яруу найраг бол уйтгар гунигийн дурсамж. Энэхүү гуниг, салхины санаа алдалтаар төрдөг. Салхи байж гэмээнэ “чулууд төөрөлдөн одно”. Төөрсөн чулуу гунигийг өгүүлнэ. Төөрнө гэгч салахуй, хагацахуй. Яруу найраг бол салахуй, хагацахуй. Учрахуй бол баяр баясгалан. Хагацахуй бол уйтгар гуниг. Хагацахын тулд учирч, гунихын тулд баярладгаа хөөрхий, хүмүүний үр бид тэр болгон мэддэгсэн билүү. “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог” гэж ижий минь хэлдэгсэн. Яруу найраг бол байрнаасаа хөдөлсөн чулуудын гунигт дуун. Чулуудын энэ гунигт дууг сэтгэл минь надад авчирнам. Миний сэтгэл салхи. Энэ салхи л чулуудыг байрнаас нь хөдөлгөдөг юм. Байрнаасаа хөдөлсөн чулууд “төөрөлдөн одно”. Төөрсөн чулуу “гурван жил зовно”. Зовлонт чулуудын гунигт дууг сонсож, өрөвдсөн сэтгэл минь шанална. Шаналсан сэтгэлийнхээ гунигт дурсамжаар шүлгээ бичнэ. Байрнаасаа хөдөлсөн чулууд сэтгэлд минь ирж байраа олно. Нам гүм ажин түжин болно. Нам гүм ажин түжин болохын цагт би дахиад л салхийг хүснэ. Салхи сэвэлзэнэ. Сэтгэлийн “чулууд төөрөлдөн одно”. Сэвэлзэх салхи надад “Салхи ч гэсэн хайрладаг” гэж шивнэнэ. Салхины энэ үг сэтгэлийн минь чулуудыг газрын чулуудтай ижилсүүлнэ. Ижил буруу чулуу сэтгэлд ч, газарт ч үгүй болно. Ижил буруу чулуу байхгүй болмогц салхи сэвэлзэн хөдөлнө. Салхи сэвэлзэн хөдлөх бүрд газрын чулуу сэтгэлийн чулуу болж, сэтгэлийн чулуу газрын чулуу болно. Сэтгэл ч мөн ялгаагүй, нэг үе салхи болж, нэг үе сэтгэл болон агшин хором ч зогсолтгүй хөдөлнө (2017).

Агаарын даралтын өөрчлөлтөөс болж, дэлхийн бөмбөрцгийн гадаргууг дагаж үүссэн хийн урсгал” (МХИТТ)-ыг монголчууд салхи хэмээн нэрлэж иржээ. Байгалийн гоо үзэсгэлэнг найгуулан салхины сэвшээ зөөлнөөр илбэж, ер бусын дүр дүрслэл, дахин давтагдашгүй хөврөлийг бидэнд мэдрүүлдэг билээ. Эл мэдрэмжийг монгол яруу найрагчид мэдэрч “салхи”-ны тухай маш арвин баялаг дүрслэлүүдийг бичжээ. Тэр дундаа дөрвөн улирлын яруу найрагт салхины тухай дүрслэлүүд маш арвин байна. Тухайлбал, Жангарын орон бол “өвөлгүй хавраар, зунгүй намраар, халах халуунгүй, даарах хүйтэнгүй, сэр сэр хийсэн салхитай, бур бурхийсэн хуртай бумбын сайхан орон” байдаг билээ. Ийн салхины зөөлөн үлээх “сэр сэр” гэх дүрслэлээр тухайн орны амар амгаланг дүрсэлсэн байна. Эл дүрслэлээс уламжлал авсан олон шүлэг байна. Тодруулбал, ардын дуунд:

Сэр сэр жавар салхи нь салхилаад л байна аа хө
Цэн цэнгийн хур бороо нь дуслаад л байна даа хө
” гэх бол Т.Очирхүүгийн шүлэгт:

Хангай дайдын намар сэр сэр салхитай

Хариюу, байюу, яая? сэм сэм гунигтай

мөн Д.Пүрэвдоржийн “Түр зуурын бороо” шүлэгт:

“Сэрх мөнгөн оргилоос

Сэр сэрхэн салхи

Сэтгэл ариусам сэнгэнэсэн” гэх буюу бас нэгэн шүлэгт нь

Сэрүүн хангайн салхи

Сэр сэрхэн сэвэлзэв

хэмээж буй бол Б.Явуухулан “Анивчин гялалзах одод” шүлэгтээ

Сэр сэр салхи нь

Хааяа сэвэх нь учиртай

Сэм сэм амьсгаа чинь

Хацар илбэх нь урамтай

хэмээн дүрсэлсэн бол залуу яруу найрагч У.Бямбаням

Сэр сэр салхинд

Хорвоо уйлаад ч байх шиг

Сэм сэмхэн дурласан

Хоёр биеийг яалтай

гэхчлэн “сэр сэр” салхины дүрслэлийг шүлгийнхээ утгад зохируулан уламжлал авч хөгжүүлэн дүрслэсэн нь олон байна. Тэгвэл В.Инжаннаши “салхи”-г хэрхэн мэдэрч дүрсэлснийг үзвэл:

Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч

Хөх үүлэн, салхинаа хөрвөх мэт.

Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй…” гээд “Уяхан хавар” шүлэгтээ:

“Солонго мэт наран туяат хоёр сарын өдөр

Сор сор хаврын салхин цонхны цаасыг үлээнэ” гэжээ.

Дээр өгүүлсэн салхины “сэр, сэр” хэмээх дүрслэл В.Инжаннашийн шүлэгт “сор, сор” болон өөрчлөгдсөн байна. Эндээс нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн хүмүүсийн салхийг таньж мэдсэн мэдрэмжийн дүрслэлийг харж болох юм. В.Инжаннаши нь ерөөс уянга гэгч нь салхи хэмээн бичээд “цонхны цаасны хуурч сордойсон үзүүрийг хаврын салхины хийсгэх чимээ хүний чихэнд “сор”, “сор” сонсогдож буйгаар суурийн ахуйн хаврын салхины чимээг ийн дүрсэлсэн байна. Түүнчлэн “Сэрүүн намар” шүлэгтээ:

Намрын салхи цэлмэгэр жихүүн үед

Найгах өвс хийсэн уярмуй

Навчсын улаанд шүлэг бичсэн мэт

Найрт зузаан хүмүүнээ гомдмуй”

Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой

хэмээн шүлэглэжээ. Харин Говийн догшин Ноён хутагт хэмээн алдаршсан Дулдуйтын Лувсанданзанравжаа “Дөрвөн улирал” шүлгийнхээ “Намар- Өтлөх цаг” хэсэгтээ:

“Намрын хонгор салхи ирэхэд

Навч цэцгийн дуртмал өнгө сулраад

Найгалзах олон цэцгийн үр жимс автаад

Нарны дулаан илч нь буурна

хэмээн шүлэглэсэн байна. Шүлэгт “Навч цэцгийн дуртмал өнгө сулрахуйн” шалтгаан нь намрын хонгор салхи болж буй бөгөөд “хонгор” хэмээх өнгө бол элс, манхан, газар шорооны өнгө. Намрын салхийг ирэхэд өвс ногоо гандаж, салхины хонгор өнгөтэй ижил болно. Монголын их хээр тал намрын салхины өнгөөр хонгортож буйг ийн дүрсэлсэн байна. “Энд мөнөөх салхи, мөнөөх навч байна. Гагцхүү бяцхан хувьслыг хийжээ. Д.Равжаа хутагтын айлдсан “Хонгор салхи”, “Цэлмэгэр жихүүн” “болж өнгө нь суларсан навч, цэцэг” хийсэн уярчээ. Намрын салхинд навчис хийсэх нь бусдын эрхшээлд автан доройтож, мөхөсдөн дагаж буйн шинж бус уяран мэлмэрч буйн шинж аж. Хийсэхүй гэдэг алив нэгний эрхшээлд автахуй. Эрхшээлд автахуйн шалтгаан олон. Энд намрын салхинд “найгах өвс уяран хийсэж” байна. Цаг ирж, өвс ногоо гандан, цэцэг навч хагдрахыг В.Инжаннаши гутран гуних явдал бус уяран дагах үйл гэж үзжээ” (Батбаяр, 2007).

Харин Гүнначүг “салхи” гэгчийг

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй.

Найр үгүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн.

Наран шингээд зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг

Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе

хэмээн мэдэрч шүлэглэсэн бол Сүнвэйданзан “Намарт гунив” шүлэгтээ:

“Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юун аа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай”
гэжээ.

Харин Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэгтээ:

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад

Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө

Шарласан модны навч хоёр нэгээр унахад

Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно

хэмээн бичжээ. Д.Нацагдорж “урьхан хонгор салхи”-ыг сонсож зүрхний уйтгарт явдлаа бодон сэтгэлээ “бөн бөн бөмбөрүүлжээ”. “Сэтгэл бөмбөрнө” гэдэг үг бол бөөрөнхий юм ийш тийш өнхрөхийн адил сэтгэл санаа тогтворгүй болохын нэр. “Бөн бөн” гэдэг бол “бөмбөрөх” гэдэг үгнээс үүдэн гарсан нулимс унах байдал. “Сэтгэл бөн бөн бөмбөрнө” гэдэг бол уйтгар гунигийн илэрхийлэл. Ийн сэтгэлийн уйтгарт байдлаа илэрхийлэхийн тулд “урьхан хонгор салхи өвс модыг намилзуулж буй агшныг зураглан буулгасан байна.

Харин Сономбалжирын Буяннэмэх “Намрын навч” шүлэгтээ:

“Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ

Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно

Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод

Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ”

хэмээн шүлэглэсэн байна. Энд “уянгын би баатар” сэтгэл нь эмтэрэн буйгаа илэрхийлэхдээ навч цэцэг салхинд хийсэн буй дүрслэлийг буулгажээ. Тэгвэл Г.Сэр-Од

“Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа

Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд

Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж

Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна”

гэсэн бол Б.Явуухулан “Намрын навчис” шүлэгтээ:

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсэж байлаа

Санаанд ч үгүй аж төрж байтал

Санчигны минь үс цайж байлаа

гэж шүлэглэсэн бол Б.Лхагвасүрэн

Сайвар салхины хэлд нуур хайрстана

Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана

гэсэн бол Т.Галсан

“…Хэвтээ шар салхи

Өвсний уцаар хүргэж

Хэлгий цагаан манан

Уулын элгэнд цагираглана…

… Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ…”

хэмээн салхийг “хэвтээ шар” гэж ихэд өвөрмөцөөр дүрслээд салхи намдсан ч дотор сэтгэлд нь үймээн болж буйг гайхалтай зураглан бичжээ. Харин зохиолч Ж.Лхагва “салхи” гэдэг үгийг шүлэгтээ оруулалгүйгээр намрын уйтгарт салхитай өдрийг дүрсэлсэн байна. Тодруулбал,

“Намрын сүүлчийн навч

Дэгээнд орсон загас шиг

Эцсийн удаа цовхчино”

Намрын тухай найрагчид дүрсэлсэн нь олон байдаг ч түүн шиг намрын уйтгарт салхитай өдрийг дүрслэхдээ модноос унах гэж буй сүүлчийн навчийг дэгээнд орсон загас шиг цовхчин буйгаар дүрсэлсэн нь үгүй байна. Мөн яруу найрагч А.Эрдэнэ-Очир

Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд,

Сайхан юмаа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор”

хэмээсэн бол яруу найрагч Л.Өлзийтөгс

“Үнэр хөлөглөгч салхиар

Үнэрээ дайлаа

Үнсэлт минь энэ болог

Үсэн норгогч бороогоор

Нулимсаа дайлаа

Үдэлт минь энэ болог” хэмээн шүлэглэсэн байдаг.

Ерөөс яруу найрагт хүний сэтгэл, түүний дотоод ертөнцийг дүрслэх нь үндсэн мөн чанар боловч басхүү энэ мэт гадаад ертөнцийн дүр зураглал (салхи)-ыг ч дүрсэлж болдог. Гэхдээ энэ бүхэн нь ямагт тэдгээрийн дотоод мөн чанар, түүнийг тусгаж буй хүний сэтгэл мэдрэмжийг л илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, уянгын төрлийн дүрслэгдэхүүн буюу тусгагдахуун нь энэ орчлон ертөнцийн юу ч байж болох боловч харин дүрслэхүүн буюу тусгахуун нь ямагт хувь хүний сэтгэл, сэрэл мэдрэмж, оюуны хөдөлгөөн байдаг.

Байгалийн олон үзэгдлээс салхи нь манай орны уул, тал, хангай, говиор өвөл, зун, хавар, намрын цагт өөр өөрийн өнгө төрхтэйгээр хэсүүчлэн салхилдаг учир түүнийг байгальтайгаа ойр байдаг нүүдэлчин хүн сайн мэдэж, бас ялган дүрсэлж чаддаг билээ. Монголын уран зохиол дахь салхины дүрслэлүүдийг ялган харахад хавар намрын улиралд энэ тухай илүү бичсэн байна. “Хавар болоход хойшоо шилжиж байгаа хүйтэн агаар, өмнө зүгээс ирж буй дулаан агаарын даралт, температурын зөрөөнөөс болж, мөн намрын улиралд агаарын эсрэг урсгал идэвхэждэг” (МОФГЗ, 1969: 82–83) учир энэ үед салхи ширүүсэх, цаг агаарын хувьд тогтворгүй болдогтой холбоотой юм. Улирал бүрийн салхины давтагдашгүй өвөрмөц байдлыг монгол яруу найрагт дүрслэхдээ, “Зуны салхи нь зулай илж таалсан зөөлөн сэвшээ, өвлийнх болохоор сахал цантам жавар, хавар цагийн гүйгүүл цэнхэр салхи, намар цагийн намираа хонгор салхи” (Пүрэв-Очир, 2011: 95) гэж агаар салхийг уран сайхнаар дүрслэн үзүүлсэн жишээ олон бий.

Д.Пүрэвдоржийн яруу найраг дахь салхины дүрслэлүүд

Тэгвэл Д.Пүрэвдорж салхийг хэрхэн дүрсэлснийг үзвэл, “Эрээн уул” шүлэгт:

“…Сэвшээ хонгор салхин дотор нь

Сэвлэг даахины минь үнэр бий…” гэх буюу Алтан намар” шүлэгт:

“Навчсыг алтлан сэржигнэсэн

Намрын хонгор салхи юм” түүнчлэн Найман нуур” шүлэгт:

“…Цэнхэр хөвчийн салхи явгалан

Цэцгэн дундуур дэгдэх үдшээр

Цэвэр ичимхий нутгийн бүсгүйд

Цээжний нууцаа алдан жаргамаар…” гээд Алс замд хээр буух сайхан” шүлэгт:

“… Цагаан салхинд шивээ үелзэн

Царцааны төмөр дуу царгин

Цавьдар хярд үдийн хонь

Цас унасан мэт цайран хорно…”

“…Уймран гэгэлзэх салхинд

Улиас гэнэтхэн шаргалтав

Улирах цагийн эрхээр

Уулс хүртэл бууралтав…”

гэхчлэнгээр сэтгэлийнхээ янз бүрийн догдлолыг илэрхийлэхийн тулд салхи хэмээх үгийг зохист газар нь дүрсэлсэн тохиолдол олон байна.

Д.Пүрэвдоржийн яруу найраг дахь салхины дүрслэлүүдийг ажиглавал тэрбээр салхийг маш олон хэлбэрээр дүрслэн бичсэн байгаа нь харагдаж байна. Тухайлбал, “Жингэнэн исгэрэх салхи, урьхан салхи, эелдэгхэн салхи, хээр нутгийн салхи, зөөлөн салхи, чийгт салхи, умар зүгийн ширүүн салхи, энхлүүн салхи, эмээлтэй салхи, насны салхи, эрийн салхи, хуй салхи, алтайн салхи, бяраа үзэлцсэн салхи, аадрын салхи, хуурай салхи, аргалын утаатай салхи, үнэгэн сэвшээ салхи, уулгасан салхи, хар салхи, уймран гэгэлзэх салхин, цэнхэр салхи, намс намсхан цагаан салхи” гэхчлэн салхины олон төрөл хэлбэрийг бичжээ.

Түүний яруу найраг дахь салхины дүрслэлүүдэд утгын ангилал ч хийж болохоор байна. Тодруулбал, салхийг үйл, хөдөлгөөн, ааш араншнаар, өнгөөр, амьтны хөдөлгөөнөөр ялган дүрсэлсэн олон жишээг харж болно. Тухайлбал, салхийг үйл, хөдөлгөөнөөр нь “салхи үелзэн, салхи ульж, исгэрсэн салхи, илж байгаа салхин, салхи сэвшин, салхисан найгаж, эмнэг салхи шиг исгэрсэн, салхи сэвэх, салхи дэгдэн, салхи шуугьж, салхи эргэх, салхи наадаж, салхи залгилсаар, салхи тогтох, салхи уулгалан хөдөлж, салхи татуулах, үлээх салхи, салхи сэнгэнэж, салхитай дэгдэн, салхи эцэж, оволзох хар салхинд, салхин дуулах, цагаан салхинд шивээ үелзэн, үүрийн салхи явгалан, салхи цохих, салхи явгалах, эргэсэн салхи хурайлан босож, салхи мөлхөн” гэхчлэн бичжээ.

Түүнчлэн салхийг ааш араншнаар нь “эелдэгхэн салхи, эмнэг салхи, энхлүүн салхи, зөөлөн салхи, умар зүгийн ширүүн салхи, гэгээн салхи, зэвхий салхи” гэхчлэн бичээд салхийг амьшуулаад ямар нэгэн зүйлийн бие эрхтний нэг хэсэг гэж “салхины тоос, салхины үзүүр, салхины дэл, салхин хөл” гэхчлэн бичсэн байна. Мөн өнгөөр ялгаж “цэнхэр салхи[4], хонгор салхин[5], сэвшээ хонгор салхин, умрын хонгор салхин, хар салхи[6], намс намсхан цагаан салхи[7], хангайн цагаан салхи” гэхчлэн бидний нүдэнд өнгөгүй, биегүй хэлбэр дүрсгүй, үзэгдэх өнгө төрхгүй салхийг “үйл хөдөлгөөн”, “ааш араншин”, “өнгө” зэргээр ялгаж мэдрэн яруу найрагтаа олон сонирхолтой дүрслэлүүдийг Д.Пүрэвдорж бичжээ. Эдгээрээс хамгийн онцгой дүрслэл нь “салхийг” амьтны хөдөлгөөнөөр дүрсэлж бичсэн дүрслэлүүд юм. Тухайлбал, Д.Пүрэвдорж алдарт “Сумын наадам” шүлэгтээ:

Суусрын гүйдэл салхи

Шанхаар наадан сэвэлзсэнээс

Суурь хөлгөн асрын

Шашир цацаг дэрвээ юү”

хэмээн салхийг суусрын гүйдэлтэй зүйрлэн бичсэн нь ихэд алдартай болсон бол “Цэргийн захидал” найраглалдаа:

Үүрийн дээвэр сөхөн

Үесхэн үесхэн дэгдэлзэж

Үнэгэн сэвшээ салхинаас

Үнэр чинь анхилах юм

гэж салхийг үнэгний явдалтай зүйрлэн бичсэн нь ихэд содон дүрслэл болжээ. Үүнтэй агаар нэгэн дүрслэлүүд монгол яруу найрагт маш цөөхөн байдгийг дурдвал, Б.Явуухулан “Туулын шугуй” шүлэгтээ:

Туулайн гүйдэл шиг салхинд

Туулын шугуй найгана”

хэмээн туулайн гүйж харайх, дэгдэж ойлох нь их л хөнгөн шингэн, хөл нь газарт хүрч байгаа юм уу, үгүй юм уу гэмээр сэмхэн байдгийг гайхалтай оноож зүйрлэсэн байдаг билээ. Түүнчлэн Б.Догмид “Талын салхи хөх чонын шогшоотой гэхчлэн салхийг амьтны хөдөлгөөнөөр дүрслэн бичсэн дүрслэлүүд монгол яруу найрагт ихэд алдартай байдаг билээ.

НОМ ЗҮЙ

Байгалсайхан С. 1995. Уран зохиол шинжлэлийн удиртгал. ШУХ-ийн “Эрдэм” компани. Уб., 151 х.

Батбаяр Д. 2007. Салхины хөдөлгөөн. Уб., https://gogo.mn/r/xkj6

Батмөнх Г. 2021. А.Эрдэнэ-Очирын яруу найраг дахь нэгэн дүрслэлийн онцлог. Хэл зохиол судлал. Tom XIV (46) боть. fasc 15. 184–190 дугаар тал. “Соёмбо” ХХК. Уб.,

Билигсайхан Ч. 2003. Ухаарахуй. Шинэ үеийн уран зохиолын онол. Уб., 158 х.

МОҮУЗТ-III. 1998. Монголын орчин үеийн уран зохиолын түүх-III. ШУА. 473 х.

МОФГЗ. Монгол орны физиз газар зүй, Уб., 1969. Х-82–83

МУТНТ-II.2022. Монгол утга зохиолын нэвтэрхий толь-II. Уб., ШУА-ийн ХЗХ-ийн судлаачид. 492 х.

МХИТТ. Монгол хэлний их тайлбар толь. Уб., https://www.mongoltoli.mn/

Пүрэвдорж Д. 2005. Бор гэрийн богд. Уб., 213 х.

Пүрэвдорж Д. 2005. Эрээн уул. “Монгол уран зохиолын дээжис-108”-32-р боть. Уб., 312 х.

Пүрэвдорж Д. 2018. Гал зүрх хоёр. Уб., 476 х.

Пүрэвдорж Д. 2018. Хорин таван найраглал. Уб., 336 х.

Пүрэв-Очир Б. 2011. Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ. Ред. Ц.Сүхбаатар. “Мөнхийн үсэг ХХК”. Уб., 308 х.

Сампилдэндэв Х. Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найраг. Уб., 1998. https://e-nom.mn/book?bid=MTQzOA==enomMTQzOA==

УЗШ. 2021. Утга зохиол шинжлэл. Сурах бичиг. МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиолын тэнхим. Ерөнхий ред. С.Энхбаяр. “Жиком” пресс ХХК. Уб.,768 х.

Цэнд Д. 2010. Уран зохиол- Миний амьдрал. “Бэмби сан”. Уб., 330 х.

Явуухулан Б. 1983. Яруу найраг-Миний амьдрал. УХГ. Уб.,191 х.

[1] Д.Пүрэвдоржийн “Бор гэрийн богд” номын 227–235 дугаар талаас дам ишлэв.

[2] Д.Пүрэвдоржийн “Бор гэрийн богд” номын 239–241 дүгээр талаас дам ишлэв.

[3] Д.Пүрэвдоржийн “Бор гэрийн богд” номын 243–246 дугээр талаас дам ишлэв.

[4] уулын салхи

[5] намрын урьхан салхи

[6] хүчтэй, ширүүн салхи

[7] тогтуун зөөлөн, хуурай салхи

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

No responses yet

Write a response