Б.Мөнх-Эрдэнэ
27 min readFeb 5, 2025

Г.АЮУРЗАНЫН ФАТАЛИЗМ

“Аюур бол өөрийн гэсэн уран зохиолч хүний амьдралын замналтай ч, шүлэгчээс үгүүлэлт зохиол руу шилжсэн нь бусдынхтай төстэй. Зохиолд нь яруу найрагчийн сэтгэлгээ, тавил ч бас багагүй бий” (Л.Дашням)

Бид энэхүү бичвэрт монголын нэн шинэ үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзанын уран бүтээл, үзэл санааны талаар цөөн хэдэн зүйлийг өгүүлэхийг хүслээ.

1990-ЭЭД ОНЫ ХЭТ ХУВЬСГАЛЧ Г.АЮУРЗАНА

“1990-ээд оны дэврүүн шүлэгчид нас тогтож, бодол жагсжээ. Бид улиг болсон хэвшмэл сэтгэлгээнээс, өмнөх үеийн болон “перестройкын” уран зохиолоос алхам ч болтугай урагшилж хөндийрөхийг чадлаараа л эрмэлзсэн” (Г.Аюурзана)

Аливаа улс орон, үндэстэн ард түмний сонгодог зохиолч, түүний намтар уран бүтээл, уран сайхны сэтгэлгээ, түүний зүй тогтлыг нь судлахдаа тухайн уран бүтээлчийг төлөвшихөд нөлөөлсөн нийгмийн орчин, түүхэн цаг үетэй нь холбон судлах нь, судлагдахууныхаа жинхэнэ мөн чанарыг тодруулахад чухал ач холбогдолтой билээ. Тэр тусмаа, Г.Аюурзана гэх зохиолчийн амьдрал, уран бүтээлийн мөн чанар, харилцаа холбооны асуудлыг тодруулъя гэвээс, гарцаа байхгүй 1990-ээд оны монголын уран зохиолын уламжлал шинэчлэл, харилцаа холбоо, нийгэм, цаг үе, үзэл санааны хөгжил дэвшилтэй холбон үзэх ёстой.

1990-ээд оноос хойш Монголын уран зохиолд “эрс эргэлтийн үе”, “уран зохиол дахь хямрал”, “шилжилтийн үеийн уран зохиол”, “уран зохиолын шинэчлэл” зэрэг нэр томьёо өргөн хэрэглэгдэх боллоо. Хорондоо холбоо хамаа бүхий эдгээр нэр томьёонуудыг “Нийгмийн шилжилтийн үеийн уран зохиол” гэж тогтоох нь зөв юм. Аливаа хөгжиж байгаа амьд уран зохиол бүр нийгмийн хөгжлийн тодорхой үе шат бүрд шилжилтийн өвөрмөц үеийг туулдаг түгээмэл хуультай. Тодорхой улс үндэстний урлаг, уран зохиолд шилжилтийн үе тохиолдох нь тухайн улс орны нийгэм-улс төр-эдийн засаг-соёлын системийн цогц шинэчлэлтэй уялдан гарч ирдэг үзэгдэл юм”[1]. Энэ шилжилтийг хамгийн ерөнхий утга, мөн чанараар нь тодорхойлбол ганц эшт үзэл баримтлал бүхий уран зохиолоос олон эшт үзэл баримтлал бүхий чөлөөт сэтгэлгээний урлагт шилжих үйл явж гэж тодорхойлж болно.

1990-ээд онд Монгол Улсад өрнөсөн өөрчлөн байгуулалт, нийгмийн хийгээд сэтгэлгээний хувьсгал, чөлөөт байдлыг дагаад уран зохиолын туурвил зүй, үзэл санаа төдийгүй онол, судалгаа шинжилгээнд шинэ арга, үзэл баримтлал буй болох нөхцөлийг бүрдүүлсэн. Гэвч энэ цаг үед уламжлалыг хэт үгүйсгэгч, бусдыг гутаан өөрсдийгөө тунхаглагчид “газар авчээ”. (өдгөө ч өнгөрсөн үе рүү гээ нулимагч, бусдыг доромжлон гутааж өөрийнхөө бяцхан “эго”-г тэжээж, өөрсдөө товойж гарч ирэх гэсэн “үгүйсгэгчид” байсаар буй. ХХ зууны утга зохиолын түүхийг “социалист” нэрийн дор тэр чигт нь харлуулах хандлага зарим залуусаас олонтоо ажиглагддаг учир энэ талаар бичив).

1990-ээд оны нийгмийн шилжилт, өөрчлөл шинэчлэлтийн хөдөлгөөн, хямрал задралын үйл явц нь нийгэм оюун санааны бүхий л хүрээнд нөлөөлсний нэгэн илрэл нь утга зохиолд эмх замбараагүй, хаос шинж, бүдүүлэг өнгө аяс хүч түрэн орж ирснээс харж болно. Тухайлбал, утга зохиол, урлагийн бүтээлээрээ дамжуулан бусдыг доромжлон гутаах, муушаах, гүтгэх, эсвэл гоо сайхны сэтгэлгээ, туурвил зүйн тун ядмаг төвшинд бусдыг хуулбарлан дуурайх, тэгээд ийм зүйлээ “шинэчлэл хийж байна” хэмээн зарлаж ирсэн билээ[2]. Судлаач Ш.Баттөр “Монголын орчин үеийн уран зохиолын түүх”-ийн IV боть (2014)-ийн “Монголын реалист бус чиг хандлагатай уран зохиол” бүлгийг бичихдээ 1990-ээд оны монголын уран зохиолд мартаж, маргаж үл болох дутагдалтай тал буйг тэмдэглэн үлдээжээ. Тэр нь “Алив бүхнийг үгүйсгэх, гутаах, гоо зүй, уран сайхан ёс зүйн хэм хэмжээг үл хайхран хараан түрэмгийлэх хэт хувьсгалч үзэл санаа[3] юм. Тийм хэт хувьсгалч үзэл санаатны нэг нь 1990-ээд оны Г.Аюурзана байлаа.

Нөлөөллийн айдас сулавтар авьяасыг эрэмдэглэж, канонлог суу билгийн хор шарыг маажиж байдаг” Хэролд Блүм

Ер нь бол 1990-ээд оныхны ихэнх нь “нөлөөллийн айдас” (the anxiety of influence)-тай байцгаасан. Уламжлалаас зугтсан “өөр”, “шинэ” уран зохиол гэгчийг ярьж онцгойрохыг хүссэн. Бүгд л онцгойрох хүсэлтэй. Тэр онцгойролоосоо өөрсдийн уран зохиолд орших оршихуйгаа цогцлоохыг хүссэн. Америкийн нэрт шүүмжлэгч Хэролд Блүм “Уран зохиол зөвхөн хэл төдий зүйл биш, тэрээр дүр босгох хүсэл зориг, метафор бүтээх санаа сэдэл, Ницшегийн нэгэнтээ тодорхойлсончлон онцгойрох хүсэл буюу эндээс явах мөрөөдөл. Юу гэсэн үг вэ гэвэл өөр бусад шалтгааны зэрэгцээ өөрөө өөрөөсөө ялгарах, нэн түрүүн өвлөгдөн ирсэн метафоруудаас, өмнөх зохиолуудын дүрээс ялгарах тухай юм: ямарваа нэгэн агуу зүйлийг бичих хүсэл бол эндээс явж өөрийн цаг хугацаа, орон зайг бүтээх, өв уламжлал, нөлөөллийн айдастай уялдсан өөрийн эрхэмсэг оршихуйг цогцлоох хүсэл билээ[4] гэж бичсэн шиг л 1990-ээд оныхон монголын уран зохиолд өөрийн байр сууриа эзлэхийг хүсэж байлаа. (Г.Аюурзанын хувьд Б.Явуухулангаас “нөлөөллийн айдас”-тай байсан нь харагддаг бөгөөд тэр бээр ярилцлага[5] шүүмжүүддээ ч эл тухай нэг бус удаа дурссан байдаг бөгөөд “Балчир шүлгүүд” (1995) түүвэртээ:

…Явуухуланг анх уншсан үе шигээ

Яасан ч ахиад жаргалтай болохгүйгээ…” хэмээн шүлэглэсэн байдаг баримтууд нь Б.Явуухулангийн “нөлөөллийн тойрог”-оос айдастай байсныг гэрчилнэ).

Үеийн нөхөр нь ичмэг эрхтнээ халхлан гараа тавьсан, чармай шалдан зураг бүхий нимгэн шүлгийн түүврээ хэвлэж асан тэр цагт “Монголд яруу найрагч байхгүй”, “Монголын утга зохиолоос гялайх, гялтайх зүйл байхгүй” гэх зэргээр уламжлалыг хурцаар шүүмжилсэн байр суурийг илэрхийлж, эрс эсэргүү зүйлсийг Г.Аюурзана ярьж эхэлсэн байна. Юуны тулд? Яах гэж ? Тэр ийн ярьж бичих болов? Өөрчлөлтийн төлөө юу? Өөрийнхөө карьераа өсгөхийн тулд уу?

Энэ эсэргүү яриануудаас нь үүдэн түүнийг утга зохиолын хүрээнийхэн (нэг хэсэгтээ л) шүүмжилсэн нь өдгөө түүх болон мартагдах тийшээ ханджээ. Тухайлбал, Төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар “Яруу найраг дахь нялхсын өвчин” шүүмждээ: “Монголын яруу найргийн өнөөгийн төлөвийг хэн ч үл мэдэх Г.Аюурзана, Д.Галбаатар гэдэг хоёр хүн тодорхойлохоор оролдож байна. (Төвийн хэвлэлүүдээс үзэхэд)” гээд “Г.Аюурзана гэгч Горькийн сургуулийг төгссөн гэгдэх энэ этгээд монголын өөдтэй сэхээтэн бүхэн рүү дайрч давшилж үгүйсгэж буй, “ардын элч” сонинд бичсэн өлбөгөр хэдэн сурвалжилгыг нь эс тооцвол, түүнд олигтой нэг ч бүтээл алга[6] гэж бичсэн байдаг бол судлаач Д.Цэвээндорж “Монголд зохиолчдын байгууллага үүсээд наян жил болох гэж байна. Энэ хугацаанд хөөрхий “муу” зохиолчид сайн муу их л зүйлийг туулсан ч үе үеийн бичгийн мэргэд, өвөг дээдсээ харааж зүхсэн, баалж муулсан цөвүүн цагийг бидний үе үзсэн нь эрин цагийн томоос том эмгэнэл байсан юм. Учир нь Данзанравжаа, Их Нацагдорж, Явуу, М.Цэдэндорж тэргүүтнийг үл тоомсорлон “хүүхдийн сэтгэлгээ” хэмээн онолдож нүүр өөд нь нулимсан “хүү” өнөөдөр өөрийгөө монголын “шилдэг зохиолч” гэж батлахыг санаархан ичих ч үгүй бусдаар дэмжүүлж” гээд “Г.Аюурзана мэтийн хэт мэдэмхийрсэн чалчаа хөвгүүд бол дураараа аашилж хүний нэг насны уран бүтээлийг уландаа дэвсэж карьераа эхэлснийг түүх мартах ёсгүй[7] хэмээн шүүмжилсэн байдаг бол яруу найрагч П.Нямлхагва “Буддизмын талаар ямар ч суурь мэдлэггүй байж харь хэлээр гарсан буддизмын ном зохиолыг энэ мэт өөрийн орчуулга хийгээд өөрийн бодолтойгоо хутган хярамцаглаж түүнийгээ зохиосон маягаар хэвлүүлсэн нь түүний барууны шүлгийн орчуулгыг өөрөө бичсэн мэтээр /өрнийн аястай шүлгүүд/ гаргачихаад “энэ бол сэтгэлгээ”, “монголын утга зохиолд хийсэн шинэчлэл” гэж цээжээ дэлддэгээс тэс өмнөө юм болохыг чанд ухаараасай[8] гэхчлэн бичсэн байдаг. Судлаач А.Мөнх-Оргил “Уран зохиолын маргаашийн тухай төсөөлөл” (2020) шүүмждээ бичсэнчлэн “Юутай ч, Б.Галсансүх нэг ч хувцасгүй зурагтай номоо гаргаснаас хойш гучин жил бараг л өнгөрч байна. Ямартай ч, Г.Аюурзана, Ц.Буянзаяа нар хүний чих дэлдийж, үс босом үг хэлж агснаас хойш гучин ондоо үндсэндээ золгож байна. Одоо бол энэ бүхэн шинэ сонин зүйл, хачин жигтэй явдал хэдийнэ биш болжээ. Хүний нэгэн үе бараг л өнгөрөн одож явна[9].

Өдгөө харин Г.Аюурзанын талаар муу үг унагаах хүн бараг үгүй болжээ. Харин ч “Манай өнөө цагийн утга зохиолын нүүр царай, өнгө төрх болсон уран бүтээлч[10],“Гун-Аажавын Аюурзана бол монголын уран зохиолын үзэгдэл билээ[11], “утга зохиолын “том” гигант[12], “эрт эдүгээг холбосон гүүр[13], “постмодерн өгүүллэгийн үндэс суурийг баттай тавьж өгсөн[14] гэх мэт элт “магтаал”-ын шинжтэй, үгс, шүүмж, сэтгэгдлүүд хэвлэгдэх болжээ.

ХЭТ ХӨДӨЛМӨРЧ Г.АЮУРЗАНА

“Түүний бүтээл туурвил, хэлсэн үгс, илэрхийлсэн үзэл онолыг таашаал, сонголтынхоо баримжаа болгосон нэгэн үе өсөж торниод тулхтай уншигчдын эгнээг түрэн урагшилсаар буй үнэнг хэн няцаах билээ” (Б.Баясгалан).

Ямартай ч тэр бээр энэхүү гучин жилд зүгээр суусангүй маш их хөдөлмөрлөж, өөрийн гэсэн туурвил зүйн арга барил, “өв” (legacy)-ийг бүтээж чаджээ. 1990-ээд онд хэлж, ярьж асан “өөр” уран зохиол гэгчээ гагц үг хэлээрээ бус үйлдлээрээ буюу хөдөлмөр, зүтгэл, бүтээл туурвилуудаараа харуулж чадсан байна (Жил эсвэл хоёр жил тутам шинэ номоороо уншигчдтайгаа уулздаг түүн шиг хөдөлмөрч зохиолч манай утга зохиолын ертөнцөд лав ховор). Эл хөдөлмөрийнхөө ачаар тэр өөрчлөлтийг ч авчирч, өөрийнхөө карьерийг ч асар ихээр өсгөж чадсан байна. Тэр бээр өдгөө яах аргагүй энэ цаг үеийн үлгэр болсон, залуусын хайрлан хүндэлж явдаг уран бүтээлч, соён гэгээрүүлэгч болон төлөвшсөн байна.

Түүнийг өдгөө гагц хэт хувьсгалч, “modernist” (шинэчлэгч) уран бүтээлч гэж дүгнэх нь өрөөсгөл бөгөөд “уламжлан шинэчлэгч[15] хэмээх нь зүй болов уу. Тэр бээр 1990-ээд онд уламжлалаа хэт үгүйсгэж асан бол өдгөө тэрхүү уламжлалаа судлан шинжилж, монголчуудын өвөг сэтгэлгээг эрэн хайж, маш их эрэл хийсний үр дүнд “metanarrative”[16] (их хүүрнэл)-ийг бүтээж чаджээ.

Түүний уран бүтээлийг өвийг үзвэл эсээ, шүүмж, нийтлэл, хүүрнэл зохиол, шүлэг яруу найраг, жүжиг, орчуулга гээд уран зохиолын бараг л бүх төрөл зүйлд хамаарагдах бүтээлүүдийг туурвисан байна.

Тэр бээр уянгын төрлөөр “Балчир шүлгүүд” (1995), “Ганцаар цайвар навч” (1995), “Цаг хугацаа амсхийх зуур” (1998), “Эр сэтгэл” (2001), “Философийн шүлгүүд” (2001), “Non Plus Ultra” (2005), “Сэтгэл рүү шагайгч түүнд” (2009), “Бясалгал” шилмэл шүлгийн түүвэр (2013), “16 давхрын аглагт” (2022), “Шидийн барилдлага” (2025) зэрэг түүвэр хэвлүүлжээ.

Харин хүүрнэл зохиолын төрлөөр “Дурлалгүй ертөнцийн блюз” (2002), “Амь тавьж буй шувууны далавч” (2006), “Дурлал зохион бүтээгч” (2015) зэрэг богино хэмжээний хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг” (2008), (“Илбэ зэрэглээ” (2003), “Арван зүүдний өр” (2005), “Цуурайнаас төрөгсөд” (2007) цуврал романы нэгтгэсэн хувилбар), “Бөөгийн домог” (2010), “Шүгдэн” (2012), “Цагаан Хар Улаан” (2014), “Судасны чимээ” (2015), “Сахиуст хангайн нууц” (2017), “Сүнсний томьёо” (2019), “Өчигдөр уулзъя: Бүрлээчийн монолог” (2020), “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” (2021) зэрэг роман хэвлүүлжээ.

“Монголын нууц товчоо”-ны цохолбор бүхий “Тэнгэрийн судар” (2016), “Монгол хүн” гурван боть цувралын “Монгол хүний эрхэм дээд чанарууд “Монголын нууц товчоон” (2023)-д зэрэг ном гаргажээ.

Мөн философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 Суут жаран сэтгэгч” (2000), “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” (2000), “Эзлэгдсэн байшин буюу Дэлхийн шилдэг хүүрнэл зохиолын чуулган” (2000), “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” (2001), “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” (2002), “Дао: Амьдралыг танихуй” (2002) зэрэг ботиудыг гаргажээ. Эдгээрээс онцлоход “Non-fiction writing” чиглэлээр бичсэн “2x2=6 буюу суут жаран сэтгэгч”, “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” ном нь дэлхийн сонгодог утга зохиол болон философи сэтгэлгээг хойч үедээ замчилсан үр дүнтэй ажил болсон бөгөөд хожим нь яг энэ номын зарчмаар дэлхийн болон үндэсний уран зохиолын гол төлөөлөгчдийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогийг тодруулсан бүтээлийг түүний номыг уншиж өссөн залуус гаргасан байна. Тодруулбал, У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” (2018), Б.Алтанхуягийн “Уншихуйд автахуй” (2020) зэрэг “уншигч төвт” утга зохиолын шүүмж судлалын ном гарах үндэс суурь нь “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” ном болсон гэхэд хилсдэхгүй.

Түүнчлэн Г.Аюурзана үндэсний болон дэлхийн утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол өгүүллэг” (2005), “Монголын сонгомол тууж” (2006), “Монголын сонгомол яруу найраг” (2007), “Дэлхийн сонгомол яруу найраг” (2008), “Дэлхийн сонгомол өгүүллэг” (2010) зэрэг антологи эрхлэн хэвлүүлжээ.

Орчуулгын төрлөөр Францын философич Мишэль дө Монтэнийн “Сонгомол эсээнүүд” (2004), Францын зохиолч, философич Жан поль Сартрын “Үг” (2009) тууж, Аргентины зохиолч Хорхэ Луис Борхесийн “Хоёр хаан, хоёр хонгил” (2009) өгүүллэгийн түүвэр, АНУ-ын зохиолч Уильям Фолкнерийн “Өвгөд” (2010) шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр, Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” (2010) түүвэр, буриадын яруу найрагч Сергей Тумуровын “Хүннү ууланд нойрсогч өвс” (2014) түүврийг тус тус орчуулжээ.

Түүний бүтээл туурвил гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд өдгөө “Г.Аюурзана судлал” бий болсон гэж хэлэхэд буруудах зүйлгүй болсон байна. Тодруулбал, Ж.Отгонсүрэн түүний романуудыг судлан “Г.Аюурзанын зохиолын буддизмын агуулгыг шинжлэх нь” (2019) сэдвээр нэг сэдэвт судалгааны бүтээл бичиж докторын зэрэг хамгаалсан байна.

Түүнчлэн бидний олж үзсэнээр түүний уран бүтээлийн талаар судлаач Ч.Билигсайхан “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ…” (2002), “Хүүрнэл зохиолын өнөө маргааш” (2004), С.Энхбаяр “Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс”(2008), Ж.Отгонсүрэн “Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж” (2013), Г.Батсуурь “Бөөгийн домог мөхлийн домог” (2014), “Ендэр мөнгөн хуур” (2016), “Саглагар мод” (2016), У.Бямбаням “Г.Аюурзанын хүүрнэл: Долоо дахь нь “Судасны чимээ” (2015), “Нэг цагаан, нэг хар, бас нэг улаан уул” (2015), “Цуурайнаас төрөгчийн зуун”(2018), Б.Баясгалан “Зохиож болох дурлалууд” (2015), Х.Чойдогжамц “Нэвтэргүүн бичвэр” (2016), “Бүтээлийн амин сүнс “битүү дүр”-дээ нуугддаг” (2014), Б.Алтанхуяг “Хар, цагаан, улааны мөн чанарт хаан “жангар” амьд” (2015), “Зөн билиг үзүүлэгч зүүднүүд” (2015), П.Яньдий “Г.Аюурзанын уран бүтээл” /Нэн шинэ үеийн монголын уран зохиол” номын бүлэг/ (2021) Я.Баяраа “Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” (2021), “Г.Аюурзанын томьёолсон IDENTITY”, Э.Бат-Үүл “Утга зохиол ба шинжлэх ухаан” (2022), оросын монголч эрдэмтэн Л.Г.Скородумова “О поэзии Г.Аюурзаны” (2004), М.Д.Данчинова “Особенности художественного пространства в современных произведениях о Бурьятии” (“Одиажлы В Бурятии” А.Эрдынеева, “Легенда о шамане” Г.Аюрзаны) (2016), М.П.Петрова “Г.Аюурзанын “Арван зүүдний өр” романы постмодернизмын хандлага” (2006), “Mongolia of the 20th century beginning in the Novel by G.Ayurzana “Sacred Hangay’s Secret” (2018), “Отражение истории Монголии начала ХХ века в романе Г. Аюурзаны “Тайны священного Хангая” (2021), бидний хувьд “Г.Аюурзанын уламжлал ба давталт” (2016), “XXI зууны монголын хүүрнэл зохиолын хөгжил, төлөвшил” /Г.Аюурзанын зохиолын жишээн дээр/ (2019), “Домгийн зохиолч” (2019) зэрэг шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэсэн байна. Хэдий тийм ч судлаач С.Энхбаяр Г.Аюурзаныг “уран сайхны шүүмж судлал, уншигчид, нийгэм олон нийтийн зүгээс халуун талархал хүлээсэн өндөр зэрэглэлийн уран бүтээлч бөгөөд бичиг — соёлын нэр төртэй төлөөлөгчийн төвшинд нэгэнт очсон манай орчин цагийн оюун санааны ертөнцийн нэг тод төлөөлөгч үнэхээрийн мөн боловч, ид бичиж туурвин, үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний цар хүрээ, төлөвшил, уран сайхны хэл найруулга, туурвил зүйн эрдэм чадал, уран чадварын өсөлт хөгжлийн хувьд нэгэн цогц бүхэллэг /целостность/ шинжтэй бүрэн төгс үзэгдэл болж судалгааны үнэлэлт дүгнэлт шаардах хэмжээний цаг хугацаа — нийгэм — соёлын тогтвортой үзэгдэл, эрдэм шинжилгээний ажлын тогтвортой судлагдахууны /предмет исследования/ хэмжээнд хараахан эцэслэн дүгнэгдэх болоогүй тийм судалгааны объект[17] хэмээн үнэлсэн нь нэг талаас бодууштай зүйл мэт санагдана.

Г.АЮУРЗАНЫН ХҮҮРНЭЛИЙН ЧАДАМЖ (NARRATIVE COMPETENCE)[18]

Зохиолч Г.Аюурзанын уран бүтээлийн голлох төрөл нь хүүрнэл зохиол юм. Түүний энэ төрлийн бүтээлүүдийг судлаач, шүүмжлэгчид өндрөөр үнэлсээр иржээ. Тодруулбал, “Г.Аюурзанын хүүрнэлүүд орчин үеийн утга зохиолын гялайх гялтайх зүйл болж байгаа нь хэтрүүлэг биш[19] гэх буюу “Г.Аюурзана хэмээх үзэгдэл”-ийн хамгийн гол бүтээмж нь хүүрнэл. Чухам энэ төрөл зүйл л түүнийг зохиолч болоод сэтгэгчийн хувьд уудлан илрүүлж, оюун санаа, сэтгэлгээний ур дүйг нь төлөвшүүлжээ[20], “романууд нь хүмүүсийн сэтгэл зүйн дотоодод нэвтрэх гэж оролдсоноороо бусдаас ялгарч сэтгэл зүйн романы шинж төрхийг агуулж байна. Г.Аюурзанын романууд нэлээд задгай бичлэгтэй орчин үеийн залуусын санаа бодлыг өгүүлсэн[21] гэхчлэн бичсэн байна. Энэ ч утгаар түүнийг ХXI зууны монголын үргэлжилсэн үгийн зохиолын хөгжил, цаашдын төлөв, чиг хандлагыг тодорхойлогч гэж хэлж болно. Түүний романуудыг хамгийн бүдүүвчилсэн байдлаар үечилбэл:

I- “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” зэрэг туршилтын романууд буюу дотогш яргах (introspection) буюу дотоод ертөнцөө илэрхийлэх үе /нийгмийн шилжилт, хотжилтын үеийн хүний дотоод ертөнцийг илэрхийлсэн романууд, өгүүллэгүүд нь ч энэ мөчлөгт багтана/

II- “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан, хар, улаан” зэрэг үндэсний сэтгэлгээ бүхий үзэл санаа дэвшүүлсэн үе (үндэстний үзэл)

III- “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томьёо”, “Өчигдөр уулзъя : Бүрлээчийн монолог” зэрэг бясалгал, зөн совингоо илэрхийлэх үе буюу өөрийгөө анирдах (reflection) мөчлөг,

IV- “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” романаараа шинэ мөчлөгөө эхлүүлж буй.

Түүний мөчлөг романуудад өгүүлэмжийн гурван шинж бий.

Нэгдүгээрт, монголын ард түмний ахуй амьдрал, хүн зоны аж байдал, хайр дурлалыг дүрсэлсэн суурь өгүүлэмж

Хоёрдугаарт, үлгэр домгийн дүр буюу шидлэг байдал

Гуравдугаарт, Монголын түүхийн ямар нэгэн зурвас үе, эрт эдүгээ, домгийн цагийн өгүүлэмж.

Эл гурван гол өгүүлэмжээс түүний зохиолуудын ерөнхий бүтэц бүрэлджээ. Бэлгэдэх, үлгэр домгийн үйл явдлыг зохиолдоо шингээх, төлөөлүүлэх, егөөдөх аргыг ашиглан түүхэн үйл явдлын талаар өгүүлж тэрхүү үйл явдал нь орчин цагийн Монгол орны үнэн төрхийг илчилдэг нь Г.Аюурзанын туурвил зүйн гол онцлог гэж хэлж болно.

НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛ

Г.Аюурзана бол нийгмийн үзэгдэл[22]. Ямар нийгмийн үзэгдэл вэ гэвэл сууриншил, хотжилтын улмаас хүнийсэж цэвдэгшиж буй нийгмийн үзэгдэл гэж үзэж болно. Өдгөө “хүн төрөлхтөн физикийн утгаараа ч биологи ба нийгмийн утгаараа ч тун эрсдэлтэй орчинд орж байгаа ба хөгжлийн хурдатгал нь хүний тогтвортой байдлын төвшнийг ямагт бууруулсаар байна. Өөрөөр хэлбэл, нийгэм байтугай хүний биед аж үйлдвэрийн хувьсгалын нөлөө тусаж өөрчлөлт орох болоод байна”[23] (Энхбаяр нар, 2018: 52).

Ерөөс хүн гэгч нийгэм цаг үеийн ороо бусгаа үед хамгийн их хайраар, хайрлах сэтгэлээр дутаж, ихэд хувьсан, хүнийсэж өөрчлөгддөг аж. Бас нийгэм цаг үеэ дагаад… Метамодернизм судлаач Тимотеус Вермюлен, Робин ван ден Аккер нар хүн төрөлхтнийг модернизмын үед “радион толгойт”, постмодернизмын үед “зурагтан толгойт”, өдгөө “интернэтэн толгойт” болж хувирч буй талаар тэмдэглэжээ. “Нийгмийн хөгжил технологийн дэвшил нь хүмүүнийг улам бүр цэвдэгшүүлж буй бөгөөд тэрхүү гажуудлыг саармагжуулах, зөв тийш нь залах боломжийг олгох олон хүчин зүйлүүдийн нэг нь урлаг, түүний дотор уран зохиол юм” (Энхбаяр нар, 2018: 52).

Тийм ч учраас нийгмийн шилжилт, хотжилтын улмаас хүмүүс хэрхэн хувирч цэвдэгшиж буй талаар зохиолч Г.Аюурзана эхэн үеийн хүүрнэлүүддээ бичжээ.

“Уулын монолог” өгүүллэгт нийгэм, хотжилтоос залхаж буцаад байгальдаа нэгдэхийг хүсэж буй, араатан болохыг хүссэн “цэвдэг хүн”-ий тухай өгүүлдэг бол хайр дутсаны улмаас өөрийгөө бусдаас, нийгмээс тусгаарлаж, орноосоо босдоггүй хэвтрийн хүн болоод хувирчихсан эрийн тухай “Хэвтрийн хүн” бэсрэг романдаа хүүрнэсэн байна.

Түүний эхэн үеийн бүтээлүүд иргэншил, хотжилт, цаашлан хүнийслийн тухай өгүүлснээрээ ихээхэн онцлогтой. Тэр бээр зохиолууддаа нийгэм, хувь хүний асуудлыг зоримог дэвшүүлэн тавьдаг бөгөөд нэн шинэ хэлбэр, агуулгатай “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүт хүүрнэл зохиолууд” номдоо нийгэм болон бие хүний харьцаа, зөрчлийг хурцаар гаргажээ. “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Амь тавьж буй шувууны далавч” түүвэрт орсон өгүүллэгүүд нь тус тусдаа бие даасан зохиол ч цаад мөн чанар, өгүүлэмжээрээ холбогдон нэгдмэл нэгэн санаа илэрхийлсэн мета роман юм. “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” нь Г.Аюурзанын хүүрнэл зохиолын анхны түүвэр бөгөөд “Цасны роман” тууж, “Хэвтрийн хүн” роман, есөн эсээ зэрэг зохиол нь энэ номд багтжээ. Судлагч шүүмжлэгч Ч.Билигсайхан уг номыг “ХХI зууны Монголын уран зохиолын шинэ нүүр царай гэхэд эргэлзэх хэрэггүй” гэж үзээд, цааш нь “Цасны роман” тууж болон “Хэвтрийн хүн” романыг постмодерн сэтгэлгээгээр бичигдсэн төдийгүй “Шинэ зууны дэлхийн ийм хэлбэрийн бүтээлийн хэмжээнд бодол ухаарал, сэтгэлгээ, ур дүрслэл, аль алинаараа бүрэн хүрчээ” (Ч.Билигсайхан, 2002) хэмээн дүгнэжээ. Тус роман бол бүхэлдээ нийслэлийн түүх юм. Дурлалгүй нийслэлийн аялгуу болсон уг номд төвлөрөл ихсэх тусам хүн төрөлхтөн хаашаа явж буйг эмгэнэлт, ганцаардмал, хүнийссэн хувь хүмүүсийн жишээн дээр илэрхийлэн үзүүлсэн байна. Романы 15 хэсэг тус тусдаа бие даасан зохиол ч цаад мөн чанар, өгүүлэмжээрээ холбогдон нэгдмэл нэгэн санаа илэрхийлнэ. Тус номд орсон “Цасны роман” бичил туужид үнэн худал нь үл мэдэгдэх эртний хууч яриа, нэгэн тосгонд болсон цасан хунгарын тухай өгүүлнэ. Утга зохиол судлагч, шүүмжлэгч Ч.Билигсайхан тус зохиолын талаар “Социализм хэмээх нийгмийг аймшигт цасан дор монголчууд яаж, юу хийж байсныг уран сайхны болзолт дүрслэл хэмээх модерн сэтгэлгээний аргаар Г.Аюурзана ийнхүү гайхалтай үзүүллээ” (Билигсайхан, 2004) гэж онцлоод “Цасны роман” нь ердөө хорин хоёрхон тал хуудас. Тэгсэн мөртөө социализмын эмгэнэлт амьдрал нэн тодорхой, бүрэн бүтэн багтжээ. Энэ зохиолын үг өгүүлбэр бүр нь тодорхой утгатай. “Цасан дор өвөлжих хаа очиж дулаахан гэдэг” гэсэн ганц өгүүлбэрт ил байгаа утга нь ерөөсөө үнэнээс гадна социализмын үед бүх юмыг зээл тусламж, гуйлгаар болгодог байснаас нээрэн л амьдрал хангалуун халуун дулаан мэт байжээ. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс социализмын үеэ санагалзсаар байна” гэжээ. Түүнчлэн судлагч Х.Чойдогжамц “Цасан тэнгэр” дороос “жинхэнэ тэнгэр”-ийг харахаар дээш малтаж буй өрх, түүнд хүрэх 270 шатны тоо монголчуудын үндэсний ухамсар бүрэн сэргээгүй колоничлогдож явсан он жилүүдийн тойм (200+70) мэт санагджихуй” (Чойдогжамц, 2014) хэмээх тайлал хийсэн байдаг.

Түүний эхэн үеийн хүүрнэлээс нийгмийн шилжилтийн үеийн ганцаардалмал, зожигдуу зан бүхий сэтгэл санааны мухардал бүхий хүнийссэн дүрүүдийг олж харж болно. Эдгээр “баатрууд амьдралаас нэг л уйдаж залхсан, учир утгагүйдэж хүнийшсэн, үйл явдал дунд хутгалдаж орчхоод гаднаас дүгнэлт хийсэн, өнгөрснөө дурсаж ямар нэг зүйлд харууссан, тэгээд харуусал төрүүлэгч яг тэр зүйлээ буцаж очоод өөрчилчихвөл, хэрэв ингэсэн бол, хэрэв тэгсэн бол гэж төсөөлөхдөө эцэст нь тэглээ чиг гэсэндээ ч өөрчлөгдөхгүй зүйлгүй, амьдрал өөрийнхөөрөө л урсах байсан гэсэн шүү бодлоор халирч ухарсан, тодорхойлж хэлэх аргагүй, шийдвэргүй, шийдэлгүй дүрүүд. Гэлээ ч орчин үеийн хүнийг бүтээгч энэ олон эргэлзээг зохиолч бээр ийн зэрэгцүүлж тавьснаараа уншигч танд ямар нэг шийдмэг бодол төрүүлэх ч юм билүү хэн мэдлээ[24] .

Тэр бээр 2003 онд “Илбэ зэрэглээ”, 2005 онд “Арван зүүдний өр”, 2007 онд “Цуурайнаас төрөгсөд” хэмээх харилцан шүтэлцээт гурван дэвтэр роман бичиж, тэдгээрээ сүүлд “Гурамсан цадиг” нэрээр хэвлэсэн билээ. Гурамсан гэдгийг гурваар дарж гөрсөн шиг үйл явдал, дүр, утга санааны хувьд сүлжиж, гөрөлдсөн гурван дэвтэр зохиол гэдгээр ойлгож болно. Зохиолч номоо ертөнцийн гурван хоосон буюу зэрэглээ, зүүд, цуурай хэмээх гурван хоосноор зохиомжилж, зохиолын гол үйл явдлаа “Уг түүхийн онцгой хувилбар” хэмээх зохиол доторх зохиолоор зангидан бичжээ. Зохиолд “Илбэ зэрэглээ” романы дүр Энхбат хүүдээ Бэгтэр гэсэн нэр өгснөөс үүдэн Монголын нууц товчоонд Тэмүжин Бэгтэрийг харваж хороосон үйл явдал дан ганц загас булаасны төлөөс биш, бүх Монголын хаан суух далд санааны илрэл гэсэн зохиолчийн (Энхбатын) санаагаар баяжиж гурамсан зохиолын өгүүлэмжийг холбодог. Буддын шашны гол философи болох хоосон чанарын тухай үзэл романд нэвт шингэжээ. Энэ талаар утга зохиол судлагч С.Энхбаяр “ Г.Аюурзанын гурамсан зохиолын агуулга-үзэл санаа бол чухамдаа дээр дурдсан “Очироор огтлогч” хэмээх алдарт бүтээлийн орчин цагийн уран сайханжсан тайлбар юм” гээд “Г.Аюурзанын туульсын зохиолуудын уран сайхны байгууламж, зохиомжийн онцлог, хүүрнэл арга маяг, өгүүлэмжийн бүтэц, философи гоо зүйн үзэл баримтлал тэргүүтэн бүтэц-үзэл санааны тогтолцоо нь постмодерн сэтгэлгээний хэв шинжид хамаарна” (Энхбаяр, 2008) гэжээ. Энэ гурамсан романыг нь өөр рүүгээ өнгийсөн туршилтын мөчлөг хэмээн үзэж болох юм.

Монголыг монгол байлгаж ирсэн зүйл бол нүүдэлчин соёл, ямар ч загваргүй чөлөөт сэтгэлгээ нь юм” (Г.Аюурзана)

Түүний “Бөөгийн домог”-оос эхлүүлж “Судасны чимээ”-ээр төгсгөж буй дөрвөн романд Монгол үндэстний орон зайн тухай нэгэн мөчлөг (цикл)-ийг харуулсан байдаг. Энэ дөрвөн роман нэг уур амьсгалаар бичигдсэн, анхнаас нь тэгж төлөвлөсөн ажил болно. “Г.Аюурзана бөө мөргөлийн болон буддизмын үзэл номлол, тэдгээрийн өөр хоорондын уялдаа холбоог онолын болоод философи сэтгэлгээний үүднээс гярхай ажиглаж, өөрийн биеэрээ явж судалж, эрэл хайгуул хийсний үндсэн дээр олон талын факт баримтаар баяжуулж бичдэг онцлогтой[25].

“Бөөгийн домог” бол Г.Аюурзанын зохиол бүтээлийн оргил нь гэж хэлж болно. Уг зохиолд Буриад түмний үндэс угсаа, соёл ухамсрын уналт хямралыг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн дүрсэлсэн байдаг. Г.Аюурзанын “Цуурайнаас төрөгсөд” (2007) романы төгсөлд зохиолын гол дүр Тэнгис Байгаль нуурын Туулайт арлыг зорьсон хэсгээс улбаалан “Бөөгийн домог” роман үргэлжилнэ. Зөвлөлтийн хатуу дэглэмийн үед бөө мөргөлийн шүтлэгтэй буриадуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж, оюун санааных нь нэгээхэн хэсэг болсон шүтлэгийнхээ төлөө хэрхэн тэмцсэн талаарх түүх, бөө мөргөлийн домог, зан үйл, өнгөрсөн үйл явдал, нийгмийн өөрчлөлт зэрэг баримтуудыг сүлж, зохиолын дүрүүдээ зөвхөн үйл явдлыг холбогч байдлаар авсан “бичвэр сүлэлдээн”-ий роман. Эл зохиолын талаар утга зохиол судлагч Г.Батсуурь “Саглагар мод” шүүмждээ “Бөөгийн домог” (2010) романд Буриадын мөхлийг Хагдай бөөгийн дүрээр үзүүлсэн нь сонирхолтой. Романд Монгол хийгээд Буриадын олон миф, домог, үлгэр, бэнсэн үлгэрүүдийг шигтгэн оруулсан нь зохиолыг туульслаг хийгээд бэлгэдэлт шинжтэй болгохыг зэрэгцээгээр өвөрмөц зохиомжтой болгосон буй. Түүнчлэн “Бөөгийн домог” романаас анзаарахгүй өнгөрөхийг аргагүй нэгэн зүйл бол “Монголын нууц товчоо”-ны нөлөө, тусгал юм. “Бөөгийн домог” романы олон дүрслэл оруулбарууд Буриад зон хийгээд монгол түмний үүсэл гарал, уг эштэй олон шижмээр холбогдох, өргөн цараатай, “Монголын нууц товчоо” хэмээх гипертекстээс улбаатай бүтээл төдийгүй манай уран зохиолын роман бичлэгт шинэ хийгээд роман бичлэгийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиол юм.” (Г.Батсуурь, 2016) гэжээ. Массачусетийн технологийн их сургуулийн дэд профессор Б.Мандухай 2013 онд хэвлүүлсэн “Зовлонт онгод:Орчин цагийн монголын бөө мөргөл, дуртгал, хүйсийн тэгш байдал” бүтээлдээ “Буриадууд олон арван жилийн улс төр төрийн дарангуйлал, мөлжлөг доройтлыг эерүүлэх туслалцааг бөө мөргөлөөсөө эрж хайж байсан” (Мандухай, 2013) гэсэн нь “Бөөгийн домог” романы санаатай харгалдаж буй нь ч сонирхолтой юм. “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ”, “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томьёо” романууд бол монголчуудын уламжлалт соёл, зан үйл, шашин гүн ухааны сургаалыг уран сайхнаар хүүрнэхийн ялдамд дотоод ухаарал болон сэтгэлийн ариусал, гэгээрэлд тэмүүлэх сэдэл санаа дүүрэн. Хүүрнэл зохиолууд нь бүхэлдээ монгол үндэстний (буриад, өвөр монголчууд, торгууд гэх мэт) хуваагдаж хэрчигдсэн гунигт түүхийн улбаа, тэдний үр удам, хойч үеийнхэн буюу өнөө цагийн бидний бүтээсэн энэ нийгмийн эрх мэдэл, мөнгөний төлөөх шударга бус байдлыг ухаарсан, монгол үндэстний сэхээрлийн санааг дам илэрхийлдэг. Зохиолууд дотор түүхэн хүний дүр олон гарах ба ерөнхийдөө finction ба non finction хосолсон байдаг. Түүхэн хүнийг зохиолд дүрслэхдээ үг хэл ончтой, сэцэн цэлмэг атлаа илүү дутуу нуршдаггүй ухаалаг нэгэн болгож дүрсэлдэг барилтай. Түүний бүтээлүүдийн өөр нэг онцлог нь мөр хооронд уншигдах далд (подтекст) өгүүлэмж ихтэй. Ухаарал өгөх мэргэн санаа, ончтой үг хэллэг илэрхийллээс үзэхэд зохиолч өөрөө буддизмыг багагүй судалсан, ялангуяа бясалгал дияаны утга учир, мөн чанарыг гүнзгий мэдэрсэн нь харагддаг[26].

Бөө мөргөл, сахиус шүтээн гэдэг бол ердөө л түүний уран бүтээл дэх хэрэглэгдэхүүн төдий бөгөөд түүгээр дамжуулж тэр бээр монгол хүний, тэр дундаа нүүдэлчдийн өвөг сэтгэлгээг эрж олохыг хүссэн байна. “Г.Аюурзана бол үзэл санааны эрэлчин юм. Тэр дүр, үйл явдлын эрэлчин биш үзэл санааны эрэлчин[27]. Зохиолч, хэн нэгнийг хайх эрэл хайгуулаар зохиолоо өрнүүлээд, тэр эрэл хайгуулынхаа дунд танин мэдэхүй, түүхийн өгөгдлүүдийг шигтгэдэг туурвил зүйн арга барилтай. “Г.Аюурзанын дүрүүд нүүдэлчдийн балран үгүйрч буй соёлын улбааг тэмтрэн аялна. Гэхдээ эд өлгийн араас биш сэтгэлгээний, үзэл санааны эрэл хийнэ. Эцэстээ тэгээд өөрийгөө арай илүү ойлгож, биежсэн бодол санаа уншигчийн дотор үүрлэж үлдэнэ. Чиглэсэн зорилготой, чимээ аниргүй ажиглагч хүмүүс энэ мөчлөгийн турш улс орны бодит хил хязгаарыг үл ойшоон аялж байдаг[28].

Г.АЮУРЗАНЫН ХҮҮРНЭЛИЙН ХЭМНЭЛ (ДАВТАЛТ)

Г.Аюурзанын үргэлжилсэн үгийн бүтээлийн арга барил, дүр дүрслэл, агуулга, хэлбэрийн хувьд давтагдсан шинжтэй, загварт орсон байдал ажиглагддаг бөгөөд энэ талаар судлаач шүүмжлэгчид ч цөөнгүй бичсэн байна. / “Бид ч энэ талаар “Г.Аюурзанын уламжлал ба давталт” хэмээх шүүмжийг 2016 онд бичсэн/. Тэр бээр зохиолуудынхаа ерөнхий уур амьсгал, хэмнэлээс шалтгаалаад зарим зохиолынхоо дүр, өгүүлэмжийг давтсан тохиолдол цөөнгүй бий. Тодруулбал, судлаачид ““Илбэ зэрэглээ” (2003), “Арван зүүдний өр (2005), “Цуурайнаас төрөгсөд” (2007), “Бөөгийн домог” (2010), “Шүгдэн” (2012), “Цагаан хар улаан” (2014), “Судасны чимээ” (2014) зэрэг романд өмнөх зохиолын туслах дүр дараагийн романы гол дүр болж ямар нэгэн эд юм буюу хайр сэтгэл, нууцлаг зүйлийн араас бэдэрч ингэж явахдаа бас л мөн ямар нэгэн нууцлаг эд юм буюу нууцлаг бүсгүйтэй учирч… эрлээ үл олсноор зохиол төгсдөг загварчлалд орсон байгаа юм” [29] гэх буюу “Ер нь зохиолч Г.Аюурзанын сүүлийн жилүүдэд хэвлүүлсэн “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ” романуудад харилцан хамаарал, алсын зөн байгаа нь харагддаг. Нэг талаас нь харвал зохиомжийн ижилсэл, давтамж ажиглагдана[30] гэхчлэн бичжээ. Судлаач Г.Батсуурийн тодорхойлсноор “Бядан явагчийн шабломдах маягын зохиомж” буюу эрэлч хүмүүсийн дүр нь түүний романуудыг нэг загвартай болгож буй бөгөөд нэг талаасаа уйтгартай ч нөгөө талаасаа зохиолч өөрийн дүрслэлийн өвөрмөц арга, баримт уран сайхныг хослуулсан өгүүлэмж, эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын шинэлэг хэлбэрийг бий болгож байна.

“Гурамсан цадиг” нэрээр гарсан эхний 3 бичил роман бол түүний өөрийнхөө дотоод руу өнгийж бичсэн, постмодерн хэв маягтай, цогцоороо нэг хэмнэл, уур амьсгалтай мөчлөг бол “Бөөгийн домог”-оор эхэлсэн 4 романд бол Монголчуудын хуваагдал хэрчигдэл, үндэсний эрх ашиг, ухамсар, соёлд учирсан бөгөөд учирч буй аюул заналын тухай өөр өөр орон зайн үүднээс харж бичих зорилго бүхий нэгэн хэмнэлт мөчлөг юм. Эл мөчлөгүүдийнх уур амьсгал, хэмнэлээс үүдэлтэй дүр, өгүүлэмжийн ижилсэл харагддаг.

Г.АЮУРЗАНЫН ФАТАЛИСТ ҮЗЭЛ

Амьдралд санамсаргүй, тохиолдлын юм гэж нэг ч байдаггүй. Бүх зүйл маш тодорхой. Зүй тогтлын эргүүлгэн дотор л болж өнгөрдөг. Зарим хүмүүс мөнөөх зүй тогтлыг Бурхан гэх нь ч бий” (Г.Аюурзана)

“Зайлшгүйг мэдрэхээс илүү тайвшрал үгүй”

“Алхаад үлдээх мөрийг минь

Арчаад буцах давлагаа…

Амьдрал одоо цагтаа л төгс.

Төгсгөлөөс илүү мөнхрөл гэж үгүй.

Аугаа боломж өгөгдлөө, арчигдлаа!

Ийм гайхамшгийг хэн ч өөрчлөхгүй.

Аяа,

Бурхан ч хүчрэхгүй” (Бясалгал: 222).

Хүмүүсийн хувь заяа тэнгэрт бичээстэй байдаг” (Лерментов).

Бидний эргэлзээ, тээнэгэлзээ, сонголт хүртэл цаанаасаа төлөвлөгдчихсөн зүйл байдаг бол яана. Хүн хувь тавилангаа өөрөө бүтээдэг үү. Эсвэл хувь заяа гэдэг урьдаас өгөгдчихсөн зүйл байвал яана. Хүн амьдралаа санаан дураар захирч чаддаг эсэх, эсхүл бид нарын үхэх минут хүртэл урьдаас тогтоогдчихсон байдаг бол яана. “Хүн бүрд орилж чарлаад ч дийлж чаддаггүй зүйл гэж байдаг. Энэ бол бидний хувь заяа юм. Эртний домогт гардаг нэгэн шувуу өргөст мод руу нисэн очиж цээжээрээ шорлогдоод, хамгийн сайхан дуугаа дуулсаар үхдэг шүү дээ. Бид хазгай гишгэснээ мэдсэн ч өөрийгөө хориглож чаддаггүй, тэр ч байтугай хазгай гишгэх гэж буйгаа түрүүлээд мэдсэн ч хөлөө татаж авдаггүй. Хүн бүр өөрөө дуу дуулах бол бусдаас сайхан дуулж байна гэж боддог. Бид өөрсдийн гараар зовлонгийн үүр босгодог хэр нь түүнийгээ анзаарах ч сөхөөгүй явдаг. Тэгээд “Зовсны дараа жаргадаг” гэдэг үгээр өөрийгөө хуурсаар дуусдаг юм шүү дээ” (Колин Маккалоу).

Эртний хятадын их сэтгэгч, гүн ухаантан Күнзийн үзлээр “хүний амьдралыг хувь заяа залдаг” ч юм бил үү. Эсвэл Ж.П.Сартрынхаар“Хүнд урьдаас заяасан хувь тавилан, мөн чанар байхгүй”-ч юм бил үү.

Хэрэв бүх юмыг хувь тавиланд даатгавал энэ ертөнцийн сайн муу бүх явдал хувь тавилан л болно. Зол жаргал, золгүй явдал ч ялгаагүй, нөгөө л хувь тавилан болж, энэ хорвоод хувь тавилангаас өөр юу ч эс үлдэнэ” (Бурхан багшийн сургаал).

Зохиолч Г.Аюурзанын сүүлийн үеийн зохиол бүтээлүүдэд дээр өгүүлсэн эшлэлүүд шиг фаталист үзэл (Товчоор бол хувь тавилан хөлбөршгүйд итгэх, бүх зүйлс урьдаас өгөгдчихсөн өгөгдөлтэй гэж итгэх үзэл гэж хэлж болно. Фаталистуудынхаар бүх үйл явдлыг урьдаас төлөвлөчихсөн, ирээдүйд болох зүйлс ч зайлшгүй шинжтэй. Бүх зүйлс (үйл явдал) хоорондоо холбоотой бөгөөд санамсаргүй зүйл гэж байдаггүй. Ертөнцийн бүх зүйл урьдчилан өгөгдчихсөн. Өгөгдчихсөн, алив зүйлийг өөрчлөх ямар ч боломжгүй) ханхлах болов. “Г.Аюурзанын үргэлжилсэн үгийн зохиолууд өвөрмөц өгүүлэмж хэлбэрээрээ монголын модерн уран зохиолын нэгэн содон хуудсыг нээж байгаа ч бараг бүх зохиол нь нэг нэгнээ давтсан өнгө аястай байна. Өөрөөр хэлбэл, одоогоор гараад байгаа зохиолууд нь хүн нэг агуу том логик /хувь тавилан, туйлын хүч, бурхан/-н эрхшээлээс ангижирч чадахгүй гэсэн постмодерн үзэлд зангилагдаж байна”[31]. Энэ үзлийнхээ талаар ч зохиолч өөрөө ярилцлагууддаа ч дурдсан байна. “Ер нь би сүүлийн үед нэг тийм, сүсэг гэмээр хачин фаталист үзэлтэй болчих гээд байна. Тэр үзлээр бол, Бямбаа ахын найруулж хийх “Хэвтрийн хүн” хэмээх кино цаг хугацааны өөр нэгэн давхарлагт хийгдчихсэн л байж л дээ. Бид бол ердөө тэр давхарлаг тийш очих замаа олох гээд яваа л хүмүүс юм шиг. Ямар ч шүлэг, ямар ч ном, кино, зураг, хөгжим цөмөөрөө яг л хүнтэй адил өөрийн хувь заяатай. Түүнийг нь бид өөрсдөө бий болгодог бус, ердөө л хайж очих ёстой болдог, тийм нэг аль эртнээс зурагдчихсан төөрөг тавилан ч байж мэднэ. Тийм учраас л бүтээлч байна гэдэг биднээс биш, онгод тэнгэрээс хамаардаг ч юм бил үү? Энэ бол тийм ч шашинлаг үзэл биш. Миний олж харснаар бол, хамгийн атеист хүн ч хувь тавиланд итгэдэг, эс бөгөөс итгэхэд бэлэн л явдаг юм билээ[32] гэхчлэн ярьжээ.

Түүний фаталист үзлийг зохиол бүтээлээс нь тодруулбал, “Сахиуст хангайн нууц”-ын гол дүр Пүрэв гүн эрт цагт удмаар нь хараасан хараал өөр дээр нь үргэлжлэн ирж амьдралд нь нөлөөлж буйд итгэн амьдралд нь тохиолдсон хагацал зовлон ч тэр хараалын үр нөлөө гэж “итгэдэг”. Итгэчихсэн учраас ингэж л амьдрах хувьтай хэмээн сэтгэж буйгаар зохиолчийн фатализм илэрч байна. Мөн “Сүнсний томьёо” романд ижил нэртэй гурван хүний хувь заяа дам дамаар бие биедээ нөлөөлж буй тухай өгүүлдэг. Ванчинбалын Инжинашийн нэрийг ач хүүдээ өгч, Инжаннаши багштай ижил нэртэй математикт гоц хүү ангид нь шилжиж ирсэн зэрэг нь зүгээр нэг тохиолдол бус урьдаас төлөвлөчихсөн өгөгдчихсөн хувь тавилан гэлтэй. Энэ үзэл сүүлд хэвлүүлсэн “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” романд ч тусгалаа олсон байна.

Зохиолчийн фаталист үзэл зохиол бүтээлүүдэд нь хэрхэн биежиж буйг доорх жишээнээс харж болно.

“Бид өөрийн эрхээр төрөөгүй. Амьдралыг өөрийн эрхээр олоогүй. Үхэл ч бас бидний эрхээр бус” (Сахиуст хангайн нууц).

Ээ! Бид чинь ердөө л өөрсдийнхөө бий болгохоор чармайж яваа дуртгалууд, өмнөөс нь шимшрэм өрөвдөлтэй дурсамж төдий сүүдрүүд л юм шив дээ. Хүний өөрийнх нь мэдлийн ч биш, харин хөглөг их, баян буурал Хангайн дуртгал; бид өөрсдөө огт амьдраагүй, Хангай хэмээх тэр аугаа их амьд оюун санаа л биднийг ийм амьдрал туулж яваа мэтээр цаанаас төсөөлөн суугаа ч юм шиг” (Сахиуст хангайн нууц: 250).

“Сонгогдсон амьдрал гээч үлгэр үлгэр домгийг дуусгах хүртэл бүгдийг нь…” (Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт).

Түүнчлэн зохиолч дурлалт хүний тухай мэдээлэл анхнаасаа л бидэнтэй цуг төрж, бид тэр мэдээлэлтэй аль болох олон шинжээр таарч буй хүнийг эрж хайж байдаг тухай:

Сэтгэл зүрхийг маань ховсдох учиртай хэн нэгний тухай төсөөлөлтэйгөө бид анхнаасаа л хамт төрдөг мэт. Тэр төсөөлөл балчир наснаас эхлэн ухаан санаанд маань биежиж, бидэнтэй цуг өсөж торнисоор, нас биед хүрэхийн цагт зүрхийг маань дотроос нь түрж дэлбэ татахаар заналхийлдэг. Тэгээд л бид хэн нэгэнгүйгээр амьд явж чадахгүй мэт зөн совинд автсандаа, ухаан санаагаа гээчихдэг. Гээж байгаа ч юм биш ээ. Гээгдэх учиртайгаар анхнаасаа заяагдсан үйл л тэр. Ингээд бид хэн нэгнийхээ эрэлд хатдаг. Төсөөлөлтэй маань огт төсгүй хүн тааралдавч, бид түүнийг зөвхөн өөрөө л харж чадах тийм нүдээрээ өөрчлөн хардаг. Амьдрал дээр олдсон тэр хүн маань төсөөлөлд анхнаасаа л төрсөн хэн нэгэнтэй хэчнээн олон талаар адил төстэй байна, бид тэр чинээгээр аз жаргалыг мэдэрдэг. Харин төсөөллөөс маань зөрчихвөл, хэтэрхий хол зөрүү байгааг гэнэт олж харвал, бид ухаан сууж, тэр хэрээрээ жаргалгүй болдог” (Дурлал зохион бүтээгч).

Зарим бүсгүй зүгээр л мөрөөдлийг чинь чимэхээр энэ амьдрал руу ирсэн байдаг. Зарим нь бие махбодыг баясгах нууц амраг чинь, зарим нь эрчүүлээс ч илүү анд нөхөр чинь байх тавилантай атал, зарим нь хаа нэгтээ хажуугаар чинь ганцхан удаа зөрөөд өнгөрөхийн тулд л эмэгтэй хүн болж төрдөг. Заримдаа чиний амьдарч яваа цаг үед, бүр энэ гараг дээр төрөөгүй бүсгүй ч зүүдийг чинь үймүүлж, түүний төлөө үхмээр санагдах ад мөрийн үе ч таарна. Харин үүрдийн хайр дурлал чинь байхаар заяагдсан бүсгүй ердөө ганцхан л тохиодог юм даа” (Судасны чимээ: 76).

Зарим эмэгтэй хүн бусдын төсөөлдөг эм хүн шиг биш, зарим эрэгтэй хүн бусдын төсөөлдөг эр хүн шиг биш. Ер нь хэн ч хэн нэгэн шиг биш. Тиймээс түүнийг өөрийнхөө төсөөлөлд тохируулах гээд хэрэггүйг мэдэрсэн. Харцанд нь ч юм уу, инээмсэглэлд нь дуртай байхад л хангалттай.” (Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт). гэх мэтээр бичсэн байна.

Хэрэв зээ үнэхээр хувь тавилан урьдаас өгөгдчихсөн өгөгдөлтэй бол түүнийг ямар нэгэн бурхан эсвэл бүтээгч эзэн биш зохиолч л хамгийн чадварлаг урлаж чадна.

Цаг хугацааны давхарга буюу дурсамжийн үнэ цэн

Цаг хугацаа бол хэлхсэн эрих” (Сүнсний томьёо).

Цаг хугацааг урагш, хойш гүйлгэж болохгүй ч тархи бидэнд цаг хугацаа, орон зайг хязгааргүй туулах боломж олгодог. Зохиолчийн фаталист үзлээ илэрхийлэх нэг хэлбэр нь цаг хугацааны давхарга гэж хэлж болно. Зохиолч зохиолынхоо баатруудын хувь заяаг өгүүлэхдээ цаг хугацааны өөр өөр давхаргуудыг ашигладаг бөгөөд зохиолын дүрүүдийн амьдралын гол мөчүүд цаг хугацааны өөр нэгэн давхарлагт аль хэдийн өрнөчихсөн байдаг гэх үзэл юм. (“Өчигдөр уулзъя: Бүрлээчийн монолог” романы гол баатар өнгөрсөн амьдралаа дурсаж буй монолог хэлбэртэй байхад “Илгээмж” өгүүллэгийн гол баатар өөрийнхөө ирээдүй рүү бөгж илгээснээ дурсаж буй хүүрнэл “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” роман шувуудын дурсамжаар зохиомжилсон хэлбэртэй гэх мэт олон жишээг дурдаж болно).

“…. Өөрөөр байх аргагүй энэ ертөнцөд туйлын улаан нар жигтэйхэн хойрго мандаж байна. Сонин шүү. Бүх зүйл ингээд л нэг голдиролд орчихдог. Өөр хаашаа ч салаалж мэдэх, салаалчхаж болох л байсан. Гэхдээ л одоо нар мандахыг ширтээд зогсож байгаа энэ л агшныг хүртэлх зам ганц, ганцхан л урсгал. Өөрөөр урсах боломж огт байгаагүй юм шиг…” (Дурлал зохион бүтээгч, “Нар мандаж байна”).

Ер нь зохиолчийн ихэнх дүрүүд дурсамжийн сүүдэртээ хорогдон, тэндээс нөмөр нөөлөг хайн амьдардаг гэж хэлж болно. Үүгээрээ зохиолч өнгөрсөнд бүтээсэн дурсамжууд биднийг амьдралын одоо цагийг бас ирээдүйг бүтээсээр байдаг гэсэн санааг илэрхийлж ч байх шиг. “Өнгөрсөн цагийг бид “ой дурсамж” гэж нэрлэдэг. Харин тэрхүү өнгөрсөн цагийг бид яагаад өнгөрсөн цаг гэж итгээд байгаад л гол асуудал бий. Учир нь бидний бодол санаанд өнгөрсөн цагийн гэгдэх янз бүрийн бодлын урсгалууд хөвөрч байдаг, үүнийгээ бид ой дурсамж гэж нэрлэдэг. Бодол санаа бол байнга урсан хөвөрч байдаг бүхэллэг зүйл юм. Тиймээс өнгөрсний тухай бодол санаа нь жинхэнэ өнгөрсөн цаг ерөөсөө биш. Сэтгэцэд өнгөрсөн ба ирээдүй гэж байхгүй, зөвхөн одоо цаг л гэж бий. Бидний ярьдаг, сонсдог, мэдэрдэг бүхэн одоо цагийн илэрхийлэмж, харин өнгөрсөн ба ирээдүйн тухай бодол санаа бол одоо цагийн засвартай хувилбар. Жинхэнэ өнгөрсөн цаг аль хэдийн алга болчихсон бөгөөд бид өнгөрсөнд юу болсныг хэзээ ч бүрэн гүйцэд ойлгож чадахгүй. Учир нь өөр нэгэн гажчихсан одоо цагийн илэрхийлэмжээр бид сонсож, бодож, харсан учраас л алдаатай ч гэх үү, хачирласан дурсамжтай хоцордог” (Энхтүшиг, “Цаг хугацаа, Орон зай, Сэтгэц”: 2015). аж.

Тэр өөрийнхөөрөө л амьдарч болж байвал, өөр бусад зүйл хэрэггүй. Тийм дээгүүр хүн. Амьдрал бол түүний хувьд, яг өөрийнх нь хэлснээр, ихсэх, багасах, өгсөх, буурах бүх давтамж нь төгс зохицлоо олчихсон, тийм гоё, ямар ч мэрийлт чармайлтгүй зүгээр л нижигнэн урсаад гарч байгаа аялгуу шиг зүйл. Түүний урсгалыг боож, амьдрал ийм л байдаг жамтайг хүлцэн зөвшөөрч чадахгүй хүн л дээ. Тиймээс түүнийг шахаанд оруулж! Тэгээд л тэр зүгээр л яваад өгч. Харахгүйн тулд. Нөгөө нэг, алдаатай хэвлэгдсэн, тэр алдаа нь давуу тал болчихсон пянзаа сугавчлаад л” (Сүнсний томьёо).

Дурсамж дуртгал бол, яахав дээ, хоосон зүйл. Хов хоосон зүйл. Гэхдээ тэр хоосон л бидний сэтгэлийг дүүргэж, үргэлж дэргэд маань байдаг” (Сахиуст хангайн нууц).

Цаг хугацааны хэлхээс квантуудыг шатны гишгүүр болгон хувиргаад буц! Бид буцаж л чадвал, юм бүхний уг язгуурт хүрч чадна” (Сүнсний томьёо).

Цаг хугацаа бол зогсолгүй жирэлзэх урсгал огт биш, харин тус бүртээ хөдөлгөөнгүй тайван зогсож буй квантуудын л хэлхээс. Яг л харвасан сумны тухай эртний анчдын дуу шиг” (Сүнсний томьёо).

Он цаг гэдэг бол зүгээр л хүмүүсийн зохиосон, хүмүүс өөрсдөө л хууртахыг хүссэн илбэ” (Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт: 297).

Г.Аюурзанын зохиолын зарим баатруудын хувьд цагийн урсгал бүрд тэдний олон хувилбар байгаа гэлтэй. Өнгөрсөнд, одоод, ирээдүйд, бас нэгэн өнгөрсөнд, ирээдүйд. Гэвч тэдний хувь тавилан өнгөрсөнд ч, одоод ч, ирээдүйд ч зурагдчихсан байдаг. Үүгээрээ зохиолч амьдрал гэгчийг багахан ч атугай ухаарч ойлгоход, амьдралыг өөр өөр өнцгөөс олж харахад, дурсамжаа хэмлэхэд, үнэ цэнийг нь мэдрэхэд, өөртэйгөө бас өнгөрсөнтэйгөө уулзахад, амьдралыг зүгээр л алмайран өнгөрөөхөд дэндүү хайран гэдгийг хэн нэгний амьдралаар дамжуулан ойлгуулах гэсэн мэт.

Шувууист-Алтер эго

…Тэнгэрийн үгийг шувууд дамжуулдгийг тэд мэддэг байж…” (Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт).

Эцэст нь “Led Zeppelin” хамтлагийн “Stairway To Heaven” дууны “…our shadows taller than our soul…” хэмээх мөрөөс сэдэвлэн нэрлэсэн шинэ романых нь тухай өгүүлэхэд Г.Аюурзана үргэлж шинэлэг байж чаддаг зохиолч юм. Бичлэгийн хэв маяг нь улам л чамбайрч, сэтгэлгээ нь улам л гүнзгийрч байгааг эл романаас мэдэрлээ. Зохиолч шувуудын тухай тун ч чамбай судалгаа хийж зохиолдоо ашиглаж, “Монголын нууц товчоо”-ны тайллуудаа ч романдаа тусгасан нь тун ч амттай байлаа. Зохиолын гол дүр Зана нь уншигчдыг төлөөлж буй мэт. Харин шувуу бол зохиолч Г.Аюурзанын алтер эго дүр. Тэр бээр шувуугаар дамжуулж мэдрэмжээ, үзэл бодлоо илэрхийлж байна. Тэр үзэл бодол нь шувууизм байлаа.

Зүүлт

[1] Галбаатар Д. 2002. Шилжилтийн үеийн уран зохиол. “Урлахуйн галыг бадраагч эндүүрлийн гэмийг ариусгагч зул” (2006) номын 20–22 дугаар талд буй өгүүлэл. Уб.,

[2] МОҮУТ-IV. 2014. Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV боть. ШУА-ХЗХ. Уб., 330 тал.

[3] МОҮУТ-IV. 2014. Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV боть. ШУА-ХЗХ. Уб., 261 тал.

[4] Хэролд Блүм.2022. Өрнийн Канон буюу эрин цагийг эзэгнэгч ном зохиол, дэг сургуулиуд. Аристократын эрин.УЗСШ-51. Орчуулсан Ц.Магсар. Уб., Жиком пресс. 26–27 дугаар тал.

[5] Монголын уран зохиолын уламжлалаас таньд зохиолчийн хувьд “хүртсэн”, хамгийн үнэ цэнэтэй, чухал юм юу вэ?

-Бага байхдаа уншсан шүлгүүд, жишээ нь, Б.Явуухулан тухайн цагтаа хосгүй чухал байсан. Анх “Уянгын тойрог”-ийг уншихад, “Сэтгэлийн байгаль”-ийг уншихад маш их догдолж байснаа мартдаггүй. “Амьдралын тойрог”-ийг уншчихаад юунаас ч юм бэ сүрдэж байснаа ч мартахгүй. Гэхдээ гайхамшигт мэдрэмжийг би ганцхан “Нууц товчоон”-оос л амссан даа. Энэ бяцхан судар бол миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг л гэж хэлнэ. Нас явах тусам энэ итгэл минь улам батжиж байгаа.

Алга ташилт биш бодлогошронгуй. Ярилцсан Ж.Тэгшжаргал. Уб., 2017. https://ub.life/p/5908

[6] Дашбалбар О. 1993–1994. Яруу найраг дахь нялхасын өвчин. “Яруу утгын тайлал” (2003) шүүмжийн эмхэтгэлээс дам ишлэв. Тус эмхэтгэлийн 139–159 дүгээр тал.

[7] Цэвээндорж Д. 2008. Хэн нэгний хийрхэл яриагаар утга зохиолын хөгжил тодорхойлогддоггүй. Уб.,

[8] Нямлхагва П. 2003. Агуу ихийн дэмийрэл буюу Гунаажавын Аюурзана. “Яруу утгын тайлал” (2003) шүүмжийн эмхэтгэлээс дам ишлэв. Тус эмхэтгэлийн 279–283 дугаар тал.

[9] Мөнх-Оргил А. Уран зохиолын маргаашийн тухай төсөөлөл. Уб., https://news.zindaa.mn/3hw1

[10] Энхбаяр С. 2021. Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй. Нэмэн засварласан тавдугаар хэвлэл. “Жиком” ХХК. Уб., 79.

[11] Баяраа Я. 2021. Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”. Уб., https://unread.today/c/books-ayurzana-spirit

[12] Бямбаням У. 2015. Г.Аюурзанын хүүрнэл. Уб., https://ikon.mn/n/hut

[13] Батсуурь Г. 2016. Ендэр мөнгөн хуур. Уб., https://choidogjamtsism.blogspot.com/2016/11/blog-post_13.html

[14] Амартүвшин С. 2021. Монголын уран зохиолын өгүүллэгийн шинэ төлөв, чиг хандлага. Уб., https://www.academia.edu/44909345/

[15] — Modernist (өрнө дахины боловсрол эзэмшиж /1988–1994 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль, 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан/, өрнийн соёл, утга зохиолын онолоор монгол утга зохиолыг шинэчлэгч)

- Traditionalist (монгол утга зохиолын баялаг өв, уламжлалыг уран бүтээлдээ өргөнөөр ашигласан уламжлагч /“МНТ”, “Жангар” зэрэг “hypertext”, буддизм, бөө мөргөлийг судлан зохиол бүтээлдээ ашигласан)

[16] Системтэй боловсруулсан үзэл санаа бүхий хүүрнэл. Г.Аюурзанын хувьд нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй онцлогийг, сэтгэл зүй, гүн ухаан, үзэл санааны өвөрмөц ертөнцийг нээн харуулсан, монгол үндэстний орон зайн хумигдлын талаарх үндсэрхэг үзэл бүхий мөчлөг романуудыг туурвисан.

[17] Энхбаяр С. 2018. Ж.Отгонсүрэнгийн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн УЗУСТэнхимд урьдчилсан хамгаалалтын хурал дээр хэлэлцүүлсэн албан ёсны шүүмжлэгчийн санал. Уб.,

[18] Тухайн хүүрнэлийн соёл, түүх болон бусад бичвэрийн талаарх мэдлэгийн тогтолцоо. The Oxford Dictionary of Philosophy by Blackburn Simon. Oxford University Press. 1996 p.255

[19] Бямбаням У. 2018. Цуурайнаас төрөгчийн зуун. “Цаг хугацаа хэлнэ”. Уб., 62

[20] Баяраа Я. 2021. Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”. Уб., https://unread.today/c/books-ayurzana-spirit

[21] Яньдий П. 2021. Нэн шинэ үеийн Монголын уран зохиол. Уб., 102-р тал.

[22] Батсуурь Г.2012. Цаг хугацааг амсхийлгэх Г.Аюурзана. “Дөрвөн цаг”-аас “Цаг хугацаа амсхийх…” хүртэл”. Уб., 183–184.

[23] Энхбаяр С, Батсуурь Г. 2018. Утга зохиол шинжлэлийн удиртгал хичээлийн гарын авлага. Уб., 52.

[24] Баясгалан Б. 2015. Зохиож болох дурлалууд. Уб., https://ikon.mn/n/mu3

[25] Отгонсүрэн Ж. 2023. Психоаналитик сэтгэлзүй ба буддын сэтгэлгээний үүднээс шинжлэх нь. /Г.Аюурзанын романы жишээн дээр/. УЗСШ цуврал 49. Жиком пресс. Уб., 13

[26] Отгонсүрэн Ж. 2023. 2023. Психоаналитик сэтгэлзүй ба буддын сэтгэлгээний үүднээс шинжлэх нь. /Г.Аюурзанын романы жишээн дээр/. УЗСШ цуврал 49. Жиком пресс. Уб., 164–165

[27] Баяраа Я. 2021. Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”. Уб., https://unread.today/c/books-ayurzana-spirit

[28] Баяраа Я. 2021. Г.Аюурзанын шинэ романы тойм: “Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”. Уб., https://unread.today/c/books-ayurzana-spirit

[29] ХХ зууны Монголын уран зохиол. Э.Батжавхлан, Ш.Баттөр, А.Мөнх-Оргил нар бичив. Ред С.Байгалсайхан. Улаанбаатарын их сургууль. Уб., 494.

[30] Батсуурь Г. 2016. Ендэр мөнгөн хуур. Уб., https://choidogjamtsism.blogspot.com/2016/11/blog-post_13.html

[31] Яньдий П. 2021. Нэн шинэ үеийн Монголын уран зохиол. Уб., 103-р тал.

[32] Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй. Ярилцсан Ж.Чинбат. Уб., 2017. https://www.buro247.mn/culture/expert/g-ayuurzana.html

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

No responses yet

Write a response